
Зүрх сэтгэлтэй сүүлчийн хүн
Хүн байна гэдэг хүн байхын төлөөх хүчин чармайлт. Найруулагч Андрей Звягинцевийн тухай.
“Би артхаус найруулагчийнхаа хувьд мэйнстрийм кинонуудыг үзэн ядах ёстой ч П.Жексоны Кинг Конг надад таалагддаг. Энэ кинонд урлагийн ямар ч үнэ цэн байхгүйг мэддэг ч би үзэж байхдаа уйлж байсан.” - Андрей Звягинцев
2003 он. Венецийн кино наадам. Дэлхий кино урлагийн өнгө, чигийг зааж байдаг наадмуудын нэг 60 насныхаа ойтой золгож байлаа. Израйлын Амос Гитай, Мексикийн Алехандро Гонзалез Инарриту, Тайваны Цай Мин Лиан, Английн Майкл Уйнтерботтом, Францийн Жак Дуаион, Японы Такеши Китано зэрэг артхаус киноны талбарт хийсэн ажилтай, хэлэх үгтэй найруулагчдын бүтээлүүд алтан арслангийн төлөө өрсөлдөж байснаас хэний ч танил биш, залуухан Андрей Звягинцев хэмээх орос эрийн анхны бүрэн хэмжээний бүтээл болох Возвращение буюу Эргэн ирэлт нь тэргүүн дээд шагнал хүртэж, наадмын эргэн тойронд цугласан хэвлэлийнхэн, кино шүүмжлэгчид “Шинэ Тарковский төрлөө” хэмээн шуугиж эхэлсэн юм. Үнэхээр ч анзаарахгүй өнгөрөхийн аргагүй нэгэн шинэ уран бүтээлч аугаа Орос орноос төрж буйг уг бүтээл баталж байлаа. Хэвлэлийнхний домогт А.Тарковскийтой зүйрлэсэн зүйрлэлийнх нь хариуд Звягинцев “Оросын кино бүтээгчдийн хувьд А.Тарковскийн нөлөөнөөс ангид орших нь бараг л боломжгүй зүйл. Учир нь тэр бол манай орны кино урлаг дахь хамгийн төгс гэгээрсэн уран бүтээлч. Мэдээж хэрэг ийм хүндтэй хүнтэй зүйрлэгдэж байгаа минь надад таатай байна. Магадгүй миний бүтээлүүд дэх цаг хугацааны урсгал А.Тарковскийн кинонуудынхтай төстэй байж болох юм. Гэхдээ би ямар нэгэн байдлаар түүнийг дуурайхыг оролдоогүй” хэмээн даруухнаар хариулж байв. Гэсэн хэдий ч Звягинцевийн камерын удаан агаад зөөлөн хөдөлгөөн, байгалтай гүнзгий холбогдсон зураглалууд, нэвчин сүлэлдэх өнгөний зохицол, бясалгалд хөтлөх уур амьсгал нь өөрийн эрхгүй Тарковскийг ахин нэг санагдуулна.
А.Звягинцевийн намтар чамирхах юм багатай агаад тун ахархан. Тэр 1964 онд алслагдсан Новосибирск хотноо төрж, драмын сургуулийг жүжигчний мэргэжлээр дүүргээд кино урлагийн салбарт амжилт олох гэсэн хүсэлдээ хөтлөгдөн нийслэл Москваг зорьж, тэндээ Улсын Театрын Урлагийн Академийг төгсчээ. Зах зээлийн өөрчлөлт шинэчлэлтээс шалтгаалан Оросын урлаг соёлын салбар нь манайтай л адил гүн хямралд өртсөн тэр үед Звягинцев сургуулиа дүүргэсэн юм. Энэ үеийнхээ талаар Звягинцев хожим “Ажилгүй учраас надад автобусны тасалбар авах ч мөнгөгүй үе олон таардаг байлаа. Ердөө л голоо зогоох мөнгө олхын төлөө тааралдсан шалгаруулалтанд л оролцдог байсан” хэмээн дурссан байдаг. Звягинцев 1992-2000 оны хооронд драмын жүжиг, телевизийн сериал, бүрэн хэмжээний кино гээд жүжигчин хэрэгтэй бүхий л салбарт ажиллаж үзсэн ч төдийлөн амжилт олсонгүй. Харин 2000 онд аз таарч нэгэн найз нь түүнд РЕН ТВ телевизэд найруулагчийн ажил санал болгосон бөгөөд тэр тэнд найруулах ур чадвараараа продюсерүүдийг алмайруулж, Хар өрөө нэртэй телевизийн цуврал нь чамлахааргүй амжилт олсон юм. Энэ бүхний дараа Звягинцев анхныхаа бүрэн хэмжээний бүтээлээ маш бага төсөвтэйгээр эхлүүлсэн нь Возвращение байлаа. Ингээд Звягинцев жүжигчнээс найруулагч болов.
Ер нь аливаа урлагийн бүтээлийн талаар, тэр дундаа маш сайн бүтээлийн талаар бичнэ гэдэг бараг л боломжгүй бас утгагүй. Гэхдээ тэндээс мэдэрсэн сэтгэл хөдлөлөө хэнтэй ч хуваалцахгүй өнгөрнө гэдэг над шиг хүнд хэтэрхий тэвчээр шаардсан зүйл учраас би цаашид үргэлжлүүлэн бичих болно.
Возвращение бол нэгэн гэр бүлийн түүх. Андрей арван тавтай. Түүний дүү Иван арван хоёртой. Андрей дүүгээсээ илүү хүчтэй бас зоригтой. Тийм ч учраас найзуудаа даган далайн эргийн цамхагаас ус руу үсэрч чадсан. Харин дүү нь өндрөөс айх айдсаасаа болж, найзуудынхаа тохуурхалын бай болно. Тэд 12 жил эцгийгээ хараагүй. Харин нэг л өдөр гэртээ орж ирэхэд ээж нь “Чшшшш тэр унтаж байгаа” гэсээр угтана. Тиймээ, Эцэг ирж. Орон дээр юу ч болоогүй мэт бөх унтах эр. Оройн хоол. Эцэг талхаа хувааж гэр бүлийнхэндээ тараана. Андрейд дарс хундагалахыг эхнэртээ тушаана. Ахиад хүсэхэд нь хангалттай гэдгийг сануулна. Тэр өнгөрсөн арван хоёр жилийн турш энэ гэр бүлээс нэг өдөр ч холдоогүй мэт. Ээж ч, эмээ ч, хүүхдүүд ч эцгээс яагаад явсан, хаана байсан, яагаад ирснийг нь үл асууна. Ерөөсөө эргэж ирсэн гэдэг л хамгийн чухал нь. Бусад нь хэнд хамаатай юм бэ. Магадгүй Бурхан хэзээ нэгэн цагт энэ дэлхий дээр бууж ирвэл түүнийг бид яг л ингэж угтах байх.

Маргааш өглөө эцэг хөвгүүдээ дагуулан загасанд явна. Хүүхдүүд эцгээсээ халуун дулаан хайр хүсэх боловч хариуд нь тэр яг л цэргийн дарга мэт аашилна. Андрей эцэгтээ итгэдэг. Түүний хэлсэн үг бүрийг дагаж, эзгүй байгаль дунд амьд үлдэх эцгийнхээ хичээлээс хичээнгүйлэн сурна. Харин Иваны хувьд өөр. Тэр цаг ямагт эцэгтээ эргэлзэж, хэлсэн үгнээс нь зөрж, хариуд нь шийтгэл амсана. Магадгүй Иван эцгээ илүүтэй санагалзан хүлээдэг байсан байх. Хүлээлт бодит байдал зөрөх тохиолдолд бид бухимддаг.
Одоо хамгийн чухал үе өмнө ирлээ. Эцэг ба хөвгүүд эзэнгүй арал руу аялна. Догшин тэнгис, нэг ч хүнгүй хоосон арал. Эд нийлээд "Хүн чи ийм өчүүхэн шүү" гэдгийг сануулна. Соёл иргэншилээс тасарч, байгалийн сүр хүчний өмнө сул доройгоо мэдрэх үед л амьдралын аахар шаахар хүсэл шунал сарниж, үнэнд илүү дөхдөг ч юм шиг. Эцэг яагаад хүүхдүүдээ ийш дагуулж ирсэн нь нууц хэвээр л. Одоо төгсгөл. Үгэнд нь ороогүй Андрейг эцэг зодож эхлэхэд Иваны тэвчээр алдарна. Энэ хүртэл түүний дотор хуримтлагдаж асан цөхрөл гуниг тэсрэн гарч арлаар хөндлөн гулд гүйсээр өндрөөс айх айдсаа ч даван арлын цамхаг дээр гарна. Эцэг ч хүүгийнхээ араас гүйнэ. Гэрэлт цамхаг руу авирна. Эцэст нь золгүй явдал. Эцэг унана. Тэр үхжээ. Эцэг ирсэн, одоо бол тэр үхчихлээ. Балчир жаалууд эцгийнхээ цогцсыг эхлээд арлаар чирж, завин дээрээ хүргэнэ. Үүрээр эх газрын эрэгт завьтайгаа хүрнэ. Жаалууд бууж амарна... Аав? Аав аа? Аав аааа? Аргамжаагүй завь хэдийнээ тэнгисийн хаяа рүү хөвжээ. Эцгийн цогцос ч одоо алга. Эцэг ирсэн. Хийх ёстойгоо хийсэн. Одоо тэр явсан. Магадгүй үүнээс цааш тэр хэрэггүй. Яагаад гэвэл жаалууд эр хүн болсон.

Возвращение-г шүүмжлэгчид олон янзаар тайлбарласан байдаг. Угаасаа ч сайн бүтээлүүд хэдэн зуун янзаар тайлбарлагдаж, маргаан мэтгээнийг дагуулах увдистай байдаг биз ээ. Хамгийн энгийнээр, энэ бол эцэг ба хөвгүүдийн харилцааны түүх. Звягинцевийг зургаан настай байхад эцэг нь орхин одсон гэдэг. Магадгүй тэр бага насныхаа нууцхан гунигаа киногоор дамжуулан илэрхийлж, асуухыг хүсэж байсан асуултуудадаа үзэгчидтэй хамт хариулт эрсэн ч байж болох. Гэхдээ нэг гэр бүлийн энэхүү түүхийн цаана Орос орны, хүн төрөлхтний түүх агуулагдах мэт. Магадгүй улс орон, дэлхий ертөнц гэдэг ердөө л гэр бүлийн томсгосон загвар ч юм билүү. Кино нээлтээ хийсэн 2003 оноос эцгийн сураггүй өнгөрөөсөн 12 жилийг урагш хөөн тоолбол Оросод социалист дэглэм нуран унасан 1991 онд хүрнэ. Эцгийн дүр хүчирхэг социалист төрийг, эцэггүй хөвгүүд итгэл үнэмшил, найдвараа алдсан социализмын дараах үеийн Орос орныг төлөөлөх мэт. 1990-ээд оны сүүлийн хагаст бүтээгдсэн Орос, Украйнын олон кинонуудад социалист дэглэмийн нуран уналтын дараа хүний мөс, ариун нандин чанар хэрхэн үгүй болж, орыг нь мөнгө эзэлж авч буй тухай харуусан өгүүлсэн байдаг. Магадгүй энэ үеийг Звягинцев өөрийн биер туулсан учраас социализмын дараах хоосорсон ертөнцөд итгэл үнэмшилийг эрэн бадарчилсан ч байж болох. Ахиад илүү өргөн хүрээнд уг бүтээлийг тайлбарлахыг оролдвол, Христийн шашин, Библийн сургаалийн талаар бодох хэрэг гарна. Есүс Христ итгэл найдвараа гээсэн хүн төрөлхтөн дээр эргэн ирж, итгэгч хийгээд үл итгэгч бүхэнд өөрийн үхлээрээ хүлээн зөвшөөрөгдөж буй түүх ч юм шиг. Аяллын үе дэх бороо усан баталгааг, аялал ням гарагт дуусаж буй нь Христийн дахин амилсан өдрийг бэлгэдэх гэх мэтээр Библитэй холбоотой нэг бус бэлгэдлүүд кинонд үзэгдэнэ. Мэдээж хэрэг, энэ мэтээр тайлбар хайвал хэдэн арван ч тайлбар олдож болно. Тэгэхээр энэ бүх логикийг орхиод зөвхөн мэдрэмжийн талаар бичих гээд оролдъё.
Энэ кинон дээрх бүхий л дүр өөрийн гэсэн зовлонтой. Бид ч ялгаагүй дээ. Анх энд ирэхэд минь л хэн нэгэн бодож олсон зовлонгоо бидний нуруунд үүрүүлсэн. Надад ч, танд ч байгаа. Эцэгт ч байсан. Тэр гэр бүлдээ хайргүй болоод тэднийг орхиж явсан эсвэл хүүхдүүдэдээ хайргүй учраас тэдэнтэй хатуу харьцаж байсан юм биш. Түүнд ердөө л тийм шалтгаан байсан. Энэ бол түүний тавилан, түүний зовлон. Яг л Сизифийн домог шиг. Золгүй эх ч хөвгүүдээ ганцаараа өсгөх тавилантай. Гэхдээ тэд зовлонгоо эдлэх энэ замдаа хүний ариун нандин чанараа алдаагүй. Хэдийгээр энэ бүтээл зовлонтой хүмүүсийн тухай, зовлонгийн тухай ч гэлээ кадр бүрээс нь хайрыг, ямар нэгэн нөхцөлгүйгээр урсан гарах хайр, хүний нандин чанарыг, зовлон дундаас гэрэлтэх гэрлийг олж харах болно. Үгээр илэрхийлэгдэх аргагүй тийм гэрлийг. Энэ бүх зовлонгийн цаана хайр нуугдаж байгаа. Звягинцев энэ бүтээлээрээ бидний хэзээ ч олж үзэхгүй байж мэдэх тэрхүү хайрыг харуулсан. Ерөөсөө л энэ киног үзээд дуусахад дотор минь нэгэн гэрэл гийж, сэтгэл минь ариусаж, ямархан нэгэн итгэл найдвар олох мэт. Возвращение-ийн зовлон зөвхөн киногоор дууссангүй. Амьдрал дээр ч үргэлжилсэн юм. Андрейгийн дүрийг бүтээсэн Владимир Гарин кино дууссаны дараа зураг авалт хийгдсэн нууранд живж нас барсан гэдэг. Өнөөх л хувь тавилангаас оноосон бэлэг гэгч нь энэ үү?

Звягинцев Венецээс эргэж ирээд шуудхан л дараагийн төслөө эхлүүлсэн нь Изгнание буюу Цөллөг байлаа. Звягинцевийн найз армян зураглаач Артём Мелкумян нутгийн зохиолч Уильям Сарояний зохиолыг кино зохиол болгохоор арваад жил оролдож байснаа Звягинцевт үзүүлснээр Изгнание-ийн төсөл эхэлж гурван жил орчим үргэлжилжээ. А.Мелкумяний бичсэн кино зохиол их хэмжээний харилцан яриануудтай байсныг Звягинцев хайр найргүй хассан бөгөөд үүнийгээ “Сайн кино бүтээхэд урт харилцан ярианууд түвэгтэй байдаг. Яагаад гэвэл жүжигчид тийм урт хугацаагаар үзэгчдийн анхаарлыг өөр дээрээ татна гэдэг маш хэцүү” хэмээн тайлбарлажээ. Магадгүй энэ л шалтгаанаар Звягинцев аль болох бидний мэддэг хэлнээс татгалзаж, киноны хэлээр үзэгчдэд санаагаа илэрхийлэхийг зорьж ирсэн биз ээ. Звягинцев дүрийн сонголтоо маш нарийн хийсэн бөгөөд “Сайн бүтээл туурвих нь жүжигчдийн багаас шууд шалтгаалдаг. Тиймээс би зөв хүнээ олохын тулд маш их цаг зарцуулсан. Энэ хугацаанд би дүрүүдээ төсөөлөлдөө бүтээж, төсөөлөл дэх дүрийнхээ мөн чанартай нийцэхүйц хүнийг хайж байлаа” хэмээн дурссан байдаг. Звягинцев эмэгтэй гол дүрээрээ швед жүжигчин Мария Бонневиг сонгосон бөгөөд энэ үед жүжигчин бүсгүй Стокольмын театртай жилийн гэрээ байгуулсан байснаас зураг авалтаа бүтэн жилээр хойшлуулахад хүрсэн гэдэг. Эхэндээ Звягинцев Возвращение-д эцгийн дүрийг бүтээсэн Константин Лавроненког эрэгтэй гол дүрээр сонгохоос зайлсхийж байсан ч хүссэн жүжигчнээ олж чадаагүйгээс эцэст нь Лавроненкод ахин нэг итгэл үзүүлэхээс өөр аргагүй байдалд хүрсэн юм. Лавроненко ч дүрээ гайхамшигтай бүтээж, 2007 оны Канны кино наадмаас шилдэг эрэгтэй дүрийн шагналыг хүртсэн билээ.
![]()
Изгнание-ийн төвд гэр бүл, хайр, эцэг гэсэн субьектүүд эргэлдэж, дүрүүдийн харилцан яриа, киноны хөгжимөөс илүүтэй байгалийн зураглал, навчны сэрчигнээ, салхи ба борооны чимээ үзэгчдийн сэтгэлийг тэмтчих байдлаараа Возвращение-г санагдуулна. Гэхдээ мэдээж хэрэг, өмнөх бүтээлээсээ давж гарсан зүйл ч олон. Ялангуяа зураглаач Михайл Кричман энэ удаад Возвращение-г ч давахуйц төгс гэмээр дүрслэлийг хальснаа буулгасан юм. Звягинцев энэ бүтээлдээ Возвращение дээр ашигласнаасаа ч олон удаа урт кадруудыг оруулж ашигласан нь нэгэн ер бусын гоо үзэсгэлэнг үзэгчдийн өмнө нээжээ. Кино 157 минут урттай болсон нь ч эдгээр урт кадруудтай шууд холбоотой. Зүгээр л горхи урсах, хоосон зам эсвэл замын хажуугийн модыг минут орчим харуулсан тасралтгүй урт кадрууд нь эхлээд уйтгартай, удаан санагдах ч аажимдаа таныг киноны гүн рүү соронздон татаж эргэцүүлэл, бясалгалд хөтлөх болно. Ерөөсөө эдгээр зураглалуудаас юу мэдэрч байгаагаа би үгээр илэрхийлж чадахгүй ч амттай байх болно гэдгийг л амлах байна. Угаасаа ч хүний сэтгэл хөдлөлийг үгс хэзээ ч бүрэн дүүрэн илэрхийлж чадахгүй хойно. Магадгүй энэ бол Звягинцевээс үзэгчдэд өөрөө өөртэйгээ үлдэхэд нь зориулан гаргаж өгсөн завсарлага байх.
Энэ удаад Звягинцев эхнэр ба нөхөр, ах ба дүүгийн хайрын тухай сэдвийг сонгож авсан юм. Алекс эхнэр Вера болон хоёр хүүхдээ дагуулан өсч төрсөн хөдөөх нутагтаа эргэн ирнэ. Энэ үеэр Алекст Вера жирэмсэн, хэвлий дэх хүүхэд нь Алексийнх биш гэдгийг дуулгана. Амаргүй өдөр хоногуудын эцэст Алекс хэвлий дэх хүүхдийг үр хөндүүлэх шийдвэр гаргаж, Вера ч хүлцэнгүй дагана. Алексийн хүсэлтээр ах Марк нь хотоос эмч авчирна. Ахиад л золгүй явдал. Үр хөндөлтийн дараа Вера нас барна. Маркийн бие муу байсан ч тэр эмчийн зааврыг дагалгүйгээр Верагийн оршуулганд оролцохоор явах бөгөөд эргэж ирэхдээ машины арын суудал дээр амьсгал татсан байна. Цөхөрч, мухардсан Алекс найз Робертоо эхнэртэйгээ хардан хороохоор хот орно. Харин тэр тэнд үнэнийг мэднэ. Верагийн хүүхэд Алексийнх байв. Вера Алекс тэр хоёрын хайр дурлал бөхчихсөнийг мэдэрсэнд л хамаг учир байж. “Тийм ээ, хүүхэд Алексийнх байлгүй яах вэ. Өөр хэнийх байх билээ. Гэхдээ надад түүнийх биш юм шиг л мэдрэгдэж байна” хэмээн цөхөрсөндөө амиа хорлохыг завдсан Верагийн Робертод хэлсэн үгс. Энэ бол үхсэн хайрын тухай гунигтай түүх. Киноны олон хэсэг дээр Вера ба Алексийн ядам хуруун дахь хуримын бөгж үзэгдэх хэдий ч тэдний гэрлэлтийн жинхэнэ баталгаа болсон хайр нь хэдийнэ үгүй болжээ. Магадгүй эмэгтэй хүний эмзэг мэдрэмтгий зөнгөөрөө энэ бүхнийг Вера эхэлж ойлгосон. Тэр Алекст үүнийг сануулахыг оролдсон ч нөхөр нь түүнд бардам, аминч зангаар үр хөндөлтийг тулгасан. Магадгүй үр хөндөлт хийлгэх шийдвэрийг сонсохдоо л Вера аль хэдийнээ үхчихсэн байх. Үр хөндөлтийн хэсэг хирдхийлгэм. Найзууд дээрээ аваачсан Алекс, Вера хоёын хүүхдүүдэд эцэг эхийнх нь найзууд Библээс Кориантесийн 13 хайрын тухай хэсгээс уншина. Харин нөгөө талд үр хөндөж байгааг та бид мэдэж байгаа. Хайр хаачаа вэ? Алекс Верагийн хооронд байсан тэр хайр үгүй болсноор Верагийн сэтгэлийг үхүүлсэн. Харин одоо бие нь хөрлөө. Кинон дээрх өөр нэг сонирхолтой дүр нь Марк. Алекс өмнө тулгарсан асуудлуудад Маркаас тусламж эрнэ. Харин Марк хариуд нь “Чи алахыг хүсэж буй бол ал, өршөөхийг хүсэж буй бол уучил” хэмээдэг. Маркийн дүр Достоевскийн баатруудын сонгодог төрхийг илэрхийлнэ. Тэнэг биш ч гэнэн, бусдын төлөө өөрийгөө зольж чадах шударга нэгэн. Түүний зүрх сэтгэл дэх хайр бол нөхцөлгүй хайр. Яг л энэ зангаараа тэр үхнэ гэдгээ мэдэж байсан ч ах дүүгийн харилцаагаа аминаасаа ч дээгүүрт тавин Верагийн оршуулганд оролцдог. Тэртэй тэргүй л нэг цагт үхэхээс хойш...


Возвращение-тэй нэгэн адил Изгнание дээр ч Библитэй холбоотой бэлгэдлүүд олон гардаг. Киноны Цөллөг гэсэн нэр диваажингийн цэцэрлэгээс хөөгдсөн Адам, Евагийн түүхийг сануулах бол, Алекс, Вера хоёрын хүүхдүүдийн тоглох эвлүүлдэг зураг Гэгээн Мариа дээр тэнгэрийн элч ирж хэвлийд нь Есүсийг бүрэлдүүлж буй дэвсгэртэй байх аж. Хайрын тухай эргэцүүлэл Библийг бичигдэж ахуй тэр цаг мөчид ч хамгийн чухаг сэдвүүдийн нэг байсан. Одоо ч хэвээрээ. Энэ бол цаг хугацаа орон зайнаас ангид ойлголт. Магадгүй ийм ч учраас Звягинцев Изгнание-ийн туршид үзэгчдийн цаг хугацаа, орон зайн баримжааг алдагдуулан даажин хийнэ. Киноны зураг авалтыг Бельги, Франц, Молдав, Орост хийсэн бөгөөд Бельгийн аж үйлдвэрийн хотоос машинаар давхисаар Молдавын тосгонд шилжих шилжилт нь үзэгчдийн орон зайн баримжааг алдагдуулах бол, кинон дээр үзэгдэх эдлэл хэрэглэлүүдийг цаг хугацааны өөр өөр үеэс сонгон авчирснаар үзэгчдийн цаг хугацааны баримжааг алдагдуулж, киног улам ч нууцлаг болгоно. Звягинцев зураг авалтаа яг хаана хийснээ үзэгчдээс нуухын тулд бүх л таних тэмдэгүүдийг эвлүүлгийн хэсэгт хассан гэдэг. Энэ нь ч үр дүнгээ гайхалтай өгсөн юм. Киноны төгсгөл хэсэгт тариачин бүсгүйчүүд “Итгэл найдварын дуу”-г дуулах агаад бүсгүйчүүдийн нэг нь нялх хүүхэд тэвэрсэн байна. Үүгээрээ Звягинцев харанхуй, хүйтэн Изгнание-ийн төгсгөлд итгэл найдварын гэрэл нэмсэн юм. Сайн хүн байх сан гэхээс илүүтэй сайхан машин, үнэтэй дарс, тохилог оромж мөрөөдөх болсон өнөө цагт Звягинцевийн бүтээлүүд эргээд биднийг хүний мөн чанарын тухай эргэцүүлэл рүү хөтөлнө. Өнөө цагт ийм хүмүүс даанч ховордсон учраас л би гарчигаа ингэж сонгосон юм.
Нийтлэлийг бичсэн: Амарсанаагийн Амармэнд