Back to blogs
Тал нутагт гацсан Монголын тухай дүрслэл

Тал нутагт гацсан Монголын тухай дүрслэл

Сиегфред Кракаурын киноны реализмын онолыг Монголын ориенталист дүрслэлтэй холбож шүүмжлэх нь

September 18, 20269 min read

Уг шүүмжийг уншиж эхлэхээс өмнө, уншигч та бүхэн Сиегфред Кракаурын онолыг давтаж, Европт бий болсон мэдлэгийг шүүн тунгаахгүйгээр шууд орчуулах нь миний туйлын зорилго биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөн Кракаурын онолыг эрс эсэргүүцэж, огт хэрэглэхгүй байх тухай ухуулж буй хэрэг ч биш юм. Энэхүү шүүмж өгүүлэл нь Европоос гаралтай кино судлалын суурь онолын нэг болох Кракаурын “кино реализм”-ыг Монголын нөхцөлд хэрхэн шүүмжлэлтэй харж, авах гээхийн ухаанаар тунгаан бодож, цаашдын судалгаа, уран бүтээлдээ ашиглах вэ гэсэн бодлыг уншигчдад төрүүлэх туйлын зорилготой гэдгийг дахин дахин санаж уншихыг хүсэж байна.


Кино үнэхээр реалист урлаг уу?

Сиегфред Кракаур “кино реализм”-ын тухай онолоо 1960 онд хэвлүүлж, үүнээс хойш уг онол нь кино урлагийн салбарт судалгаа хийхийг хүсдэг судлаачдын нэн тэргүүнд унших ёстой онол хэвээр байсаар байна. Тэр бээр:

Кино урлаг бодит байдлыг “байгаагаар” нь бичиж авч, олон нийтэд “байгаагаар” нь харуулах онцгой увдистай. Тиймээс ч кино урлаг ямагт “бодит байдал” руу тэмүүлдэг (Kracauer, 1960).

хэмээн бичсэн байдаг. Мөн кино найруулагчийг өөрийгөө бодит ертөнцөөс бүрэн тусгаарлаж чаддаггүй нэгэн хэмээн тодорхойлж:

Гэхдээ киног урлаг гэж тодорхойлохдоо зарим зүйлийг анхаарч үзэх хэрэгтэй. Кино найруулагчдын хувьд зураач, яруу найрагчдаас ялгаатай нь “бодит байдал”-ыг бичиж авахыг тэмүүлдэг ч тэдний бичиж авах зүйлс нь хязгаарлагдмал тул хамгийн бүтээлч кино найруулагч ч “бодит байдал” гэсэн хананы дунд хавчигдсан байдаг (Kracauer, 1960).

гэж тэмдэглэж үлдээжээ. Европын академик орчинд киноны үүсэл хөгжил, түүхийн тухай судалгаа хийж буй монгол эмэгтэйн хувьд Кракаурын “бодит байдал” гэх ойлголтыг шууд хүлээн зөвшөөрөхөд хэцүү байв. Бид хэрвээ Кракаурын онолыг хэрэглэхийг хүсэж байгаа бол өөрсдөөсөө, мөн кино үзэгчийн хувьд, “бодит байдал гэж юу вэ?” хэмээн асуух хэрэгтэй. Энэхүү асуулт нь зөвхөн “бодит байдал” гэж юу болохыг тодорхойлох оролдлого бус, кино-урлаг-соёлын хүрээнд “бодит байдал”-ыг хэн, хэрхэн бүтээдэг, цаашлаад хэн, хэрхэн түгээдэг, мөн хэн, хэрхэн түүнийг эзэмшиж байдаг тухай асуулт болж хувирах юм.

Кракаурын реалист онолын гол санаа нь бодит байдлыг “record and reveal”, өөрөөр хэлбэл “бичиж аваад, ил гарган харуулах” гэсэн ойлголт дээр тулгуурладаг. Гэвч “бодит байдал” гэдэг нь хүн бүрд ижил харагддаг, мэдрэгддэг, универсал ойлголт биш юм. Кинонд харагдаж буй “бодит байдал” нь хэн камер барьж байна, хаанаас харж байна, ямар түүхэн болон нийгэм-соёлын нөхцлийг дүрсэлж байна, мөн хэрхэн түүнийг дүрслэн харуулж байна гэдэг эрх мэдлийн харилцаан дээр тулгуурласан гэдгийг санах хэрэгтэй.

Кракаурын реалист онол нь “Юу харагдаж байна вэ?” гэсэн асуултад хариулдаг боловч “Хэн харж байна вэ?”, “Хаанаас харж байна вэ?”, “Хэн үүнийг бодит гэж тодорхойлж байна вэ?”, “Ямар нөхцөлд тухайн дүрс, дүрслэлийг бодит гэж хүлээн зөвшөөрч байна вэ?” гэсэн асуултад хариулж чаддаггүй.

Кракаур өөрийн онолын бичвэртээ:

Гэрэл зураг хөдөлгөөнгүй мөчийг харуулдаг бол, кино урлаг хөдөлгөөнт мөчийг харуулдаг. Ингэснээр тухайн дүрсэнд “цаг хугацаа”-г оруулж ирдгээрээ давуу талтай гэсэн байдаг. Кино нь техник, эвлүүлгийн хувьд төгс бус байсан ч бодит байдлыг харуулах үндсэн зарчимдаа үнэнч байвал киноны мөн чанараа хадгалж үлддэг.

гэж бичжээ. Үүнийг тэр “реалист чиг хандлага” (realistic tendency) гэж нэрлэсэн. Мөн тэр бээр кино урлаг нь бодит байдлыг бичиж авахаас гадна кино найруулагчид тухайн киногоо эвлүүлж, найруулж, уран сэтгэмжээр баяжуулж болно гэж үздэг. Үүнийг тэр “хэлбэржүүлэгч чиг хандлага” (formative tendency) гэж тодорхойлдог. Гэвч ийм эвлүүлэг орсон ч бодит байдалтай холбоогоо хадгалж, үзэгчдэд “бодитоор болж буй” мэт мэдрэмж төрүүлэх ёстой гэж үзсэн юм. Эндээс дахин нэг асуудал гарч ирж байгаа юм. “Бодит мэт харагдана” гэдэг нь хэний хувьд бодит мэт харагдах вэ? Кино нь киног бүтээж буй найруулагчид, мөн зарим үзэгчдэд бодит, жинхэнэ мэт санагдаж болох ч бусад нийгэм, соёлд төрж, өссөн үзэгчдэд хиймэл байж болох уу? Мэдээж болно. Үзэгч, кино найруулагчид хэн болох, хаана амьдардаг, ямар нийгэм, соёлд төрж өссөн гэх туршлагаас шалтгаалж, тухайн кино нь ямар ч тохиолдолд туйлын үнэнг харуулах боломж бараг үгүй.

Камер бурхан, бодит байдал чөтгөр

Кракаурын кино реализмын онол нь барууны академик орчинд бий болсон онол гэдгийг бид нэн тэргүүнд санаж байх хэрэгтэй. Уг онолыг Европоос гаднах соёлын нөхцөлд авч үзвэл асуудал илүү тод харагдана. “Жинхэнэ” (authentic), “бодит ертөнц” (reality), болоод сүүлийн үед ихээр гарч ирж буй “indigineos” (уугуул) гэх ойлголтууд нь ориентализм буюу дорно дахинчлах үзэлтэй шууд холбоотой. Дорно дахинчлах үзэл нь өрнийн сэтгэгчид, судлаачид дорно дахиныг “чамин”, “нууцлаг”, “барууны соёл”-оос ялгаатай хэмээн зохиомол, төсөөллийн ухагдахуунаар тодорхойлох хандлага юм. Уг үзэл нь ихэвчлэн барууны улс орнуудын хүч, эрх мэдэл, давуу байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн байдаг (Said, 1978).

Үүнийг Улрикэ Оттингерийн Монголын Жанна Дарк (Johanna d’Arc of Mongolia, 1989) киноны жишээгээр харж болно. Уг киног сонгосон шалтгаан маань нэгдүгээрт, 2026 онд болсон 76 дахь удаагийн Берлиний олон улсын кино наадамд тус кино нь “Lost in the 90s” гэх сэдвийн хүрээнд олон нийтэд дахин хүрсэн юм. Хоёрдугаарт, Европын кино музей, архиваар явж байхад тус киноны постер болоод архивын материалууд Монголыг төлөөлөх киноны жагсаалтын нэгдүгээрт бичигддэг. Гэтэл уг кино нь Монголын соёлыг тайлбарлаж чадахгүй (тайлбарлахыг оролдоогүй), зөвхөн барууны өнцгөөс, тэдний нүдэнд “сонин содон” “хачирхалтай”, “экзотик” харагддаг, тайлбарлаж боломгүй, өв уламжлалыг уран сайхан авант-гард байдлаар харуулсан кино юм. Жишээлбэл, киноны эхэнд герман, франц, америк аялагчид Транс-сиберийн галт тэргээр аялж буй нь харагддаг. Тэдгээр аялагчдын галт тэрэг монгол өртөөн дээр зогсоход бөөгийн өмсгөл, хэрэгсэлтэй халтар эрэгтэй зогсож буй дүрс гардаг. Галт тэрэг өртөөн дээр зогсох үетэй зэрэгцэн герман аялагчийн гэдэс өвдөх ба бөө түүнд хонь, ямааны хоргол мэт эм өгдөг. Харин үүнийг герман аялагч талархан авах боловч хэсэг хугацааны дараа бөөг дорд үзсэн зан байдал гаргадаг. Уг киног авант-гард болгож буй дүрслэлийн хэл нь монгол соёл юм. Гэтэл тус дүрслэлүүд нь монголчуудын хийж байсан дайн тулаан болоод нүүдэлчдийн соёлын онцлог зэргээс шалтгаалан соёлын хэвшмэл болсон эерэг болон сөрөг ойлголтуудаас (positive and negative stereotypes) бүрджээ. Иймд уг киног Монголыг төлөөлөх реалист кино гэхээс илүүтэй дорно дахинчлах үзлийг бататгасан барууны төвт кино гэж үзэх шаардлагатай юм.

image

Зураг 1. Бельги Улсын Брюссель хотноо байрлах Бельгийн Хаант Улсын Кино Архив (CINEMATEK – Cinémathèque royale de Belgique)-ын кино сэргээн засварлах өрөөнд байсан киноны постер. © Б. Төгсбуян, 2025.11.14

image

Зураг 2. Улрикэ Оттингерийн Монголын Жанна Дарк киноны хэсгээс. © Улрикэ Оттингер

Мөн Салвадор Далигийн Ар монголын талаарх төсөөлөл (Impressions of Upper Mongolia,1975) экспериментал авант-гарде кинонд монголын талаар:

Би нэгэн захианаас халлусиноженик (hallucinogenic) соёл иргэншлийн талаар мэдэж авсан юм. Энэ бол Ар Оксидентал Монгол. Хачин цагаан мөөг ургаж, нэгэн зүүд зэрэглээ шиг соёл иргэншлийг бий болгосон юм...

Дээрх кино бүтээлүүдэд Монголын талаарх дүрслэлийг морь мал, гэр, тал нутаг, бөө мөргөл, нүүдлийн амьдрал, зүүд зэрэглээ, авант-гард гэж дахин дахин гаргаж ирж буй нь Монголын визуал хэлийг эдгээрээр хязгаарлах нөхцлийг бүрдүүлж байна. Уг дорно дахинчлагдсан визуал хэлний үр дүнд Монголын бусад “бодит байдал” болох хотжилт, залуусын амьдрал, дижитал соёл, анги давхаргын ялгаа, шинэ хөдөлмөрийн хэлбэрүүд зэрэг дүрслэлүүд олон улсын кино урлагийн орчинд “Монгол” гэж танигдах нь харьцангуй хүндрэлтэй болж ирэх юм.

image

Зураг 3. Салвадор Далигийн Армонголын талаарх төсөөлөл киноны хэсгээс. © Senscritique

Тал нутагт гацсан Монголын тухай дүрслэл

Кино урлагийн салбарт монгол залуу найруулагчид өөрсдийн киногоо бүтээх болсноор дорно дахинчлах үзлийг няцааж, өөрсдийн соёлыг дахин тодорхойлох, мөн Кракаурын хэлж буйгаар “бодит байдал” рүү тэмүүлэх, дөхөх боломж гарч ирсэн юм. Гэсэн хэдий ч кино урлаг нь өөрөө баруунд үүсэж бий болсон тогтолцоо тул залуу уран бүтээлчдэд “бодит байдал” руу тэмүүлэхэд бэрхшээл тулгардаг тухай дурдаж байв. Энэ талаар миний бие 2022-2023 онд Улаанбаатар хотноо антропологийн хээрийн судалгаа хийж, ярилцлага авах боломж тохиосон билээ. Эдгээр ярилцлагаас дурдвал, залуу уран бүтээлчид:

19-р зууны хир буртаг болсон юмаа харуулвал өөрчлөгдөхгүй. Бидний XIII зууны түрэмгийлэл XX зуунд яригдаад өнгөрчихсөн (Ярилцлагын хураангуй, 2023 он).

Бид кинондоо залуу, хотын монголчуудыг дүрсэлсэн ч олон улсын түвшинд хүлээж авахгүй байх магадлал өндөр байдаг. Учир нь тэдний харахыг хүсдэг зүйл бол морь, гэр эсвэл бөө. Зарим кинонд бөө байдаг, тэгээд л олон улсад хүлээн зөвшөөрөгддөг тохиолдол ч бий. (Ярилцлагын хураангуй, 2023 он)

Ашиг орлогыг нэн түргүүнд тавих болсон өнөөгийн капиталист нийгэмд кино урлаг дахь “бодит байдал” нь олон улс, тэр дотроо санхүүжүүлэгч байгууллагын хүлээлттэй нягт уялдаатайг дээрх ярилцлагаас харж болохоор байна. 2025 оны 12 дугаар сарын 8-ны өдөр бельги кино судлаачтай яриа өрнүүлж байх үед тэр бээр:

Тэд өөрсдийн харахыг хүссэн зүйлээ л санхүүжүүлдэг (Хувийн ярилцлага, 2025 оны 12 дугаар сарын 8)

хэмээн хэлсэн юм. Би үүнийг санхүүжүүлэгч байгууллага нь кино уран бүтээлчдэд тодорхой дүрслэл шууд тулгадаг гэсэн энгийн шалтгаантай шууд холбон ойлгохоос татгалзаж, харин кинонд юу харагдах боломжтой болох нь зөвхөн камер, найруулагч хоёрын хооронд шийдэгддэггүйг сануулж байна гэж үзэж байгаа юм. Дүгнээд хэлбэл, санхүүжилт олгох бүтэц, олон улсын кино наадмын хөтөлбөр, түүнийг түгээх суваг, сонгон шалгаруулалт, үзэгчдийн хүлээлт, соёлын эерэг ба сөрөг төсөөлөл зэрэг нь ямар төрлийн дүрс, дүрслэл кинонд буух вэ гэдгийг тодорхойлж байна. Иймээс, Кракаурын ярьж буй “бодит байдал” гэдэг нь кино урлагийн салбарыг хэтэрхий ерөнхийлсөн онол болж байгаа хэрэг юм.

Кракаурыг үгүйсгэх бус, өргөжүүлэх нь

Киног бодит ертөнцтэй онцгой холбоо шүтлэлцээтэй гэсэн реалист чиг хандлагыг бүрэн үгүйсгэх мөн боломжгүй. Кракаурын кино реализм нь камер, бодит байдал, кино найруулагчдын харилцааг ойлгоход чухал ач холбогдолтой хэвээр байгаа. Гэхдээ уг онолыг постколониал эпистемологийн өнцгөөс шүүн тунгааж, дэлгэрүүлэх нь өнөөгийн үзэгч бидний үүрэг. Иймд, дээр дурдсанчлан реализмын тухай ярихдаа зөвхөн дараах асуултыг асуух нь хангалтгүй:

  • Юу харагдаж байна вэ?
  • Камер юуг бичиж авч байна вэ?
  • Кино найруулагчид бодит байдлыг хэрхэн буулгаж байна вэ?

Харин:

  • Хэнд зориулж уг киног хийж байна вэ?
  • Уг кинонд хэнийг, юуг ямар байдлаар дүрсэлсэн байна вэ? Мөн яагаад?
  • Хэн юуг “бодит” гэж тодорхойлох эрхтэй байна вэ?
  • Тус киног ямар институцийн болон эдийн засгийн нөхцөлд (санхүүжүүлэгч байгууллага) бүтээж байна вэ?
  • Хаана, ямар кино наадмаар гарч байна вэ?
  • Ямар үзэгч уг дүрслэлийг “бодит байдал” гэж тодорхойлж байна вэ?

гэх мэт олон асуултыг асуух шаардлагатай болж байгаа юм. Аль хэдийнэ үзчихсэн киногоо ахин нэг удаа үзэхдээ дээрх асуултуудыг асууж, задлан шинжлэх үү? Кракаурын онолыг үзэгчид, кино сонирхогчид бид л өргөжүүлэх, ярилцах, түгээх, хуваалцах, хэлэлцэх боломжтой.

Нийтлэлийг бичсэн: Баярбатын Төгсбуян


Ашигласан материал:

Kracauer, S. (1960). Basic Concepts. In Theory of film: The redemption of physical reality. Oxford University Press, 28-40.

Said, E. W. (1978). Orientalism. New York: Pantheon.

Иш татсан кино бүтээл:

Улрикэ Оттингер, Монголын Жанна Дарк (Johanna d’Arc of Mongolia, 1989)

Салвадор Дали, Ар Монголын талаарх төсөөлөл (Impressions of Upper Mongolia, 1975)