
Үндэс рүүгээ бөхийх үр жимс
2019-2022 оны хооронд өрнөсөн цагаачдын хүүхдүүдийн кино давлагаа
Дайн дажин, улс төрийн хавчлага, үймээн самуунаас дүрвэх, ажил хийх, боловсрол эзэмших гэх мэт зорилгоор азиуд Хойд Америк болон Европ тивийн хөгжилтэй орнуудад цагаачилсаар ирсэн. АНУ 1965 онд цагаачлалын шинэ хуулиа баталснаар цагаачдын тоо бүр ч эрчимтэй нэмэгдэж, ази цагаачдын шинэ давалгаа эхэлсэн аж. Цагаач иргэд илүү таатай, аюулгүй амьдрах орчин, чанартай боловсрол, ажлын байртай болсноор тухайн орныхоо иргэншлийг авч, бүрмөсөн суурьшдаг. Ийнхүү тэд шилжин суурьшсан газар орныхоо хэл, соёлд дасан зохицож, тэдний хүүхдүүд ч тухайн газрын хэл, соёлоор хүмүүжиж боловсордог. Соёлын хувьсгалын дараах Хятадаас, дайн дажинд нэрвэгдсэн Вьетнамаас, 1980-аад онд улс төр, цэргийн хүчинд бурангуйлуулж, эдийн засгийн шилжилтэд хяхуулсан Өмнөд Солонгосоос, Коминьданы Цагаан террорт нэрвэгдсэн Тайванаас Хойд Америк, Баруун Европ руу цагаачилсан иргэдийн үр хүүхдүүд өсөж томрон, үндэс язгуур, мөн чанараа тэмтчин эрж буйг эдүгээн кино урлаг гэрчилж байна. Үүнийг 2019-2022 оны хооронд гарсан таван киногоор жишээлэн, “Би хэн бэ?”, “Чи хэн бэ?”, “Бид хэн бэ?” гэх гурван асуултыг дэвшүүлж үзье.
1. Minari (2020) И Айсек Чун
Найруулагч И Айсек Чун өмнөд солонгос гэр бүлээс гаралтай, АНУ-д төрж өссөн. Америкад багагүй хугацаанд ажиллаж амьдарсан солонгос гэр бүл Калифорниагаас Арканзас руу нүүж, аав нь эзэмшиж буй газартаа ногоо тарин товхийсэн бизнестэй болж, "нийгмийн амжилттай гишүүн" байхыг хүсэмжилнэ. Америк мөрөөдлөө биелүүлэхийн тулд олон зүйлийг золиослон буй уг гэр бүлд солонгос уламжлал ханхалсан, юм бүхэнд хошин шогийн мэдрэмжээр ханддаг эмээ нь ирснээр бүх зүйл өөрчлөгдөнө.

2. Return to Seoul (2022) Дэви Чоу
Найруулагч Дэви Чоугийн гэр бүл улаан кхмерүүдийн дэглэм, хоморголон устгалын өмнөхөн Камбожоос Франц руу шилжин суурьшсан.
Фрэдди Өмнөд Солонгосод төрсөн ч франц эцэг эхэд үрчлэгдэн, Францад өсөж хүмүүжжээ. Фрэдди 25 настайдаа анх удаа Өмнөд Солонгосыг зорин, төрсөн эцэг эхээ хайж эхэлснээс хойших 8 жилийн үйл явдлыг уг кино өгүүлнэ. Төстэй царай төрхтэй боловч тэс ондоо ахуй соёлтой хүмүүсийн дунд Фрэдди олон олон адал явдалтай нүүр тулах агаад тэдгээр үйл явдлуудын нугачаанд төрсөн эцэг эхээ эрэх эрэл нь эцэстээ өөрөө өөрийгөө эрэх эрэл болон хувирах билээ.

3. Secret Lives of Asians at Night (2019) Кэфф
Кэффийг арван настай байхад гэр бүл нь Америкад шилжин суурьшсан.
“Secret Lives of Asians at Night” нь 18 минутын богино хэмжээний кино. Кэфф Бостон дахь нэгэн шөнийн цэнгээний газар DJ хийдэг байхдаа ази-америк залуус өдөр, шөнө өөр өөр амьдралаар амьдардагийг анзаарчээ. Өдрийн гэгээнээ тэд ‘ази-америкчууд чимээгүй, даруухан, пассив’ гэх хэвшмэл ойлголтыг цатгаж амьдарна. Харин шөнийн харанхуйд тэд DJ хийж, мансууруулах бодис наймаалж эсвэл зүгээр л хөгжмийн аязанд хамаг биеэ сул тавиад, бодит байдлаас түрхэн зуур алдуурч одно. Хангалттай ази биш, хангалттай америк ч биш хэмээн өөрсдийгөө тодорхойлох залуусын хоёр өөр амьдралыг 18-хан минутанд харуулснаар ялгамж чанарын тухай асуудлыг сонирхолтой өнцгөөс хөнджээ.

4. Tigertail (2020) Алан Янг
АНУ-д 1965 онд батлагдсан цагаачлалын тухай хуулиар Алан Янгийн эцэг эх шиг өндөр боловсролтой цагаачдад томоохон боломж нээгдсэн. Тайваниас гаралтай найруулагч Алан Янг нь АНУ-д төрж өссөн.
Хүн бүр Америк орныг зорьж, нөр их мөрөөдлөө биелүүлэхийн хүслэн болж байсан үе Тайванийн залуу үеийг тойрч биш, дайрч гарчээ. Чингэхдээ тэд асар олон зүйлийг золиосонд үлдээж, харь орныг зорьсон тухай уг кино өгүүлдэг. Тэд өөрсдийнхөө мөрөөдлийн төлөө Америкийг зорив уу? Эсвэл нийгмийн “мөрөөдөл” хэмээн стандартчилсан зүйлийн төлөө харь оронд суурьшив уу? Залуу насны ааг омог, догдлол гэгэлзэлд дарагдаж үлдсэн энэхүү асуулт нас явахын хэрээр хариултаа өгдөг нь даанч тохуутай.

5. Black Milk (2020) Үйзэнмаа Борхүү
Үйзэнмаа найруулагчийг таван настай байхад гэр бүл нь тухайн үеийн Зүүн Германд шилжин суурьшсан.
Вэсси бага насандаа Герман руу нүүж, Осси Монголдоо үлдсэнээр эгч дүү хоёрын амьдралын зам салжээ. Олон арван жилийн дараа уулзсан эгч дүүсийн харилцаа бат, дотно боловч соёл, ёс заншил, амьдралын хэв маягийн хэт ялгаатай байдал хүчтэй илрэх бөгөөд Вэсси саахалтын ахимаг насны залууд сэтгэл алдарснаар энэхүү ялгаатай байдал улам хурцдах билээ.

Би хэн бэ?
Дээр дурдсан кинонуудын гол дүрүүд өөрсдийгөө хангалттай ази биш, хангалттай америк ч биш, хангалттай франц биш, хангалттай герман ч биш гэдгийг тодотгож илэрхийлдэг. Return to Seoul киноны алтернатив нэр болох All the people I'll never be нь энэхүү санааг товхийтэл тодорхойлчих болов уу.
Minari киноны Жэйкоб өөрийн гэсэн бизнестэй болж, “нийгмийн амжилттай гишүүн” байх, Return to Seoul киноны Фрэдди сурч боловсрох, Secret Lives of Asians at Night киноны дүрүүд дасан зохицох, системд тохирох, Tigertail киноны Пин-Жуи өндөр цалинтай ажил хийж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх, Black Milk-ийн Вэсси тогтвортой амьдрал цогцлоох гээд өөр өөрийн зорилготой. Гэвч амжилтын нийгмийн гишүүн байх хугацааныхаа тодорхой нэг мөчлөгт тэд “Би хэн бэ? Би хаанаас ирэв? Би яагаад энд байгаа билээ?” гэх асуултад гүйцэгддэг. Эдгээр хүмүүс “Би хэн бэ?” гэх асуултыг өөрсдөөсөө асуухдаа аливаа түүхэн үйл явдал, тодорхой цаг хугацааны завсар дахь нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал эгэл жирийн хувь хүний амьдралд хэрхэн нөлөөлдгийг хавсарч илчилдэг. Мөн өв соёл гэдэг зүйл зөвхөн харагдах байдал, уламжлалт үйл гэхээсээ илүү тухайн нэг үндэстний философийг тээж байдгийг ч эдгээр кинонууд их сайн харуулдаг. Ялангуяа Black Milk, Secret Lives of Asians at Night, Return to Seoul кинонууд нь азиудад зонхилдог бүрэг даруу, эрээлхэж санаа зовдог занг Америк, Европод өссөн хүмүүсийн илэн далангуй, нээлттэй зантай халз мөргөлдүүлж үзүүлдэг. Харин Minari, Tigertail кинонуудын хувьд, өв соёл гээч нь тухайн хүний зан төлөв, бодол сэтгэлгээнд шингэсэн байдгийг харуулж, азиудын гэр бүлсэг амьдралын хэв маягийг тодотгосон байх жишээтэй. Дэлхий ертөнц хэчнээн даяарчлагдавч тухайн нэг үндэстний түүх, угсаа гарваль, ёс заншил, хэл соёлоос хамааралтай амьдралын хэв маяг, философи, мөн чанарыг үгүйсгэшгүй билээ.

Хэн ч юуг ч тээх албагүй, өвлүүлэх ч албагүй мэт үзэл хэт дэлгэрсэн өнөө үед өөрийн мөн чанар, үнэт зүйлсээ үндэстний өв соёлтойгоо уялдуулан шинжвээс хувь хүн өөрөө өөрийгөө нэгэн сонирхолтой өнцгөөс нээн таних боломжтойг дээрх кинонууд өгүүлдэг. Secret Lives of Asians at Night киноны найруулагч Кэффийн нэгэн ярилцлагын хэсгээс:
“Гэнэтхэн өөр орчин нөхцөл, өөр хүмүүсийн дунд орж ирсэн арван настай хүүхэд юун түрүүнд дасан зохицохыг л хичээдэг. Ээжийгээ метронд надтай хятадаар ярихад уцаарлана, сургуулийн өдрийн хоолонд хятад хоол өгч явуулахад нь ичиж уурлана. Миний өссөн дүүргийн хүн амын 95% нь цагаан арьстанууд байсан учраас өөрийнхөө ази шинж чанарыг халхалж, дарахыг л хичээдэг байлаа. Ази хүн байна гэдгийг соёл, өв уламжлал гэж харах ухаангүй, харин биеийн өндөр, нүдний өнгө мэтийн статистик үзүүлэлт чинээ л боддог байж. Харин Бостонд сурахаар очоод маш олон ази гаралтай америкчуудтай таарсан. Тэд бүгдээрээ ази гэдгээрээ бахархаж байлаа. Надад тийм бахархал хэзээ ч байгаагүйг анзаарч ойлгосон. Тэгж л би өөрөө өөрийнхөө эрэлд гарсан даа. Өөрийгөө ази хүн талаас нь олж нээх тусам үнэт зүйлс, бодол сэтгэлгээ гээд бүх зүйл маань тэгширч, зохироод ирсэн.”
Чи хэн бэ?
“Би эндээс иржээ” гэдэг ойлголтыг авсан хүн тухайн үндэстэн, газар орны тухай мэдэхийг эрмэлзэж, тэндээс өөрийнхөө нэгээхэн хэсгийг олохыг хичээнэ. Царай төрхөөрөө адил боловч ахуй соёлын хувьд ондоо бүлэг хүмүүсийн амьдралын хэв маяг, зан чанартай танилцаж, судалж шинжиж эсвэл эргэн дурсах нь дээрх кинонуудын үйл явдлын үндсэн суурь болдог. Гэвч эдгээр 5 киноны аль ч дүр нь эх үндэстнийхээ амьдралын хэв маягт дасан зохицохыг хичээдэггүй. Харин пассив байдлаар ажиглан шинжээд, актив байдлаар тэрсэлдэн, соёл хэмээх нэрийн дор халхлагдсан зүйлийг ёрдойлгон гаргаж ирдэг. (Үүнийг жишээлэх хамгийн хүчтэй сценээр Black Milk киноны сүүгээр биеэ угаадаг хэсгийг дурдаж болох юм.) Эхлээд эдгээр дүрүүд шилжин суурьшсан газрынхаа соёлд шуудхан дасан зохицохыг эрмэлзэж, хайрцганд багтахыг хичээж байсан. Харин тэд эх үндэстнийхээ соёлыг эргэн шинжихдээ “Дасан зохицох бол сонголт биш” гэдгийг аль хэдийнэ ухамсарласан байгааг харж болно. Тиймээс эдгээр 5 киноны дүрүүд эх соёлдоо шууд зохицож, авталгүйгээр түүний онцлог, мөн чанарыг таних, шаардлагатай тохиолдолд тэрслүү асуулт тавьж, мэтгэлцээний сэдэв дэвшүүлснийг ч анзаарч болох юм.

Бид хэн бэ?
Дээрх киноны дүрүүдийн эх үндэстнээ танин мэдэх эрэл нь өөрөө өөрийгөө танин мэдэх эрлээр мухарддаг. Өөрөөр хэлбэл, франц, америк, герман, тайвань, солонгос, монгол хүмүүсийг ангилан шинжих бус, өөрөө өөрийгөө шинжиж эхэлдэг гэсэн үг. “Би хэн бэ? Би хаанаас ирэв? Би яагаад энд байгаа билээ?” гэх асуултуудаар эхэлсэн эрэл нь “Би юу хүсэж байна вэ? Би одоо хаачих билээ?” гэх асуултаар эрчрэн өрнөдөг. Эдгээр кинонууд эх орон руугаа эргэн очих эсвэл шилжин суурьшсан газартаа үлдэх гэх мэт ямар нэг шийдэл санал болгодоггүй. Харин бие хүнийг өөрийн чин хүсэл, үнэт зүйлсийн эрэмбийг олоход хөтөлдөг. Гэр бүл нь цагаачилж асан эдгээр найруулагчдын кинонууд даян дэлхийн асуудлыг хөндөж, шийдэл санал болгох бус, харин хос иргэншилтэй хүмүүсийн өөрийгөө танин мэдэх үйл явцын нэгээхэн чухал хэсэг нь эх үндэстнээ танин мэдэх байдгийг өгүүлсэн хэмээн товчилж ч болох юм.

Өөрийнхөө болон үр хүүхдийнхээ тав тух, сайн сайхны төлөө үнэт зүйлсээ золиосолчихоод тэр бүгдийгээ онгойлгож хуваалцмаар байвч хоолойд нь өргөс тээглэж, бодол нь царцаад дуугүй л санаа алдаж суудаг бүхэл бүтэн үе бий. Харин тэдний үр жимс нь өдгөө үндэс рүүгээ бөхийн хүндэтгэл үзүүлж байна.
Нийтлэлийг бичсэн: Нармандахын Өнөржаргал
2022 оны 10 сарын 18