Back to interviews
ХҮН ЧАНАРЫГ ГЭРЛЭЭР ЗУРАХ-УЙ

ХҮН ЧАНАРЫГ ГЭРЛЭЭР ЗУРАХ-УЙ

Сэтгүүлийн маань “Кино-дурсамж” буланг хариуцсан А.Амармэнд найз маань 26 насандаа С.Бямба найруулагчаас анх ярилцлага авч, түүнийхээ өмнөтгөлд “Бямбаа ахыг эхний минь асуултанд хариулж эхлэхэд л би өөртөө итгэх итгэлээ гээж, сандарсандаа дараа дараагийн асуултаа асуух гэж ээрч муураад эхэлсэн” гэж тэмдэглэжээ. Би ч мөн 26 насандаа тэрхүү сандралтай нүүр тулав. Гэвч сандрал гэхээс илүү асар их догдлол байлаа. Ярилцлагын үеэр сэтгүүлч асууж, зочин хариулдаг зарчимтай боловч энэхүү ярилцлагын араас би өөрөөсөө асуух маш олон асуулттай гэртээ харьсан юм.

November 1, 202627 min read

Энэхүү ярилцлага нь FRAME сэтгүүлийн эхний дугаарт хэвлэгдэн гарсан билээ. С.Бямба найруулагчийн "Зогсоол" кино 2026.11.13-нд Монгол дахь нээлтээ хийх гэж буйтай холбогдуулан уг ярилцлагыг вэбсайтдаа нийтэлж байна.

Нармандахын Өнөржаргал: Таны кино урлагт анх хөл тавьсан үеэс яриагаа эхэлье гэж бодож байна.

Сахъяагийн Бямба: Кино урлаг руу орох сонголтоо би нэлээд ухамсартайгаар хийсэн байх. Насны хувьд хожуу сонголт хийсэнтэй холбоотой биз. Долоон жил ажиллаад 28 насандаа урлагийн сургуульд орсон учраас хориодхон насандаа яваа залуустай харьцуулахад бага ч гэсэн ажил, амьдралын туршлагатай, ухамсартай болчихсон байсан үе. Гэхдээ сургуульд өчнөөн ном заалгаад, киног ойлгоод төгслөө гэтэл юу ч мэдээгүй, юу ч сураагүй л байдаг. Кино гэдэг миний төсөөлж байснаас тэс өөр зүйл гэдгийг “Нохойн орон”, “Монголын дуу”, “Мөнхийн хөдөлгүүр” гээд анхны кинонуудаасаа л мэдэж авсан даа. Тиймдээ ч энэ кинонууд надад их чухал байдаг.

Н.Ө: Би нэг уран бүтээлчээс сонсож байсан юм л даа. “Кино бол зүгээр л шар айрагны аяга нь. Харин тэр аягыг дүүргэх шар айраг нь уран бүтээлчийн амьдарч үзсэн туршлага, тогтсон үзэл бодол нь байдаг” гэж. “Нохойн орон”, “Мөнхийн хөдөлгүүр” гээд таны эхэн үеийн кинонууд нийгмээс ирж буй эмзэглэл, эргээд нийгэм рүү чиглэсэн шүүмжлэл шиг санагддаг. Эхэн үедээ нийгэм таны шар айраг байсан гэж ойлгож болох уу?

С.Б: Хүн өөрийнхөө амьдарч байгаа цаг хугацаа, нийгмээ л анзаарч ажиглана шүү дээ. 1990-ээд оны сүүл үеийн Монголын нийгэм бол хаашаа ч зайлж зугтахын аргагүй сэдэв байсан. Өөр ямар нэг залуу насны эморол ч юм уу, гуниг гутралд автаад суух боломжгүй. Хүссэн, хүсээгүй ярихаас, үзүүлэхээс өөр замгүй тийм л сэдэв, цаг үе байсан.

image

Н.Ө: “Мөнхийн хөдөлгүүр” баримтат киног үзэхэд тухайн үеийн хүмүүс камерын хүч чадлыг төдийлөн мэдэхгүй, дүр эсгэдэггүй байсан шиг. Харин одоо бол хүмүүс камерын аюулыг ч, хүч чадлыг ч мэддэг учраас айдаг, дөлдөг, биеэ цэгнэдэг, өөрийгөө дөвийлгөдөг. Харин “Хүсэл шунал”-ын тухайд Биндэр найруулагч танд үнэхээр итгэдэг учраас их илэн далангүй байсан шиг санагддаг. Баримтат кино хийхдээ эхлээд хүнээ сонгочхоод тэр хүнээ уудалдаг уу, эсвэл мэдрэмж, туулсан туршлагыг нь эхлээд сонгодог уу?

С.Б: Би ер нь хэзээ ч баримтат кино хийхгүй гэж боддог байсан. Монгол кино үйлдвэрт ажилладаг байхад бид баримтат кинонд ч томилогдоод явдаг, уран сайхны кинонд ч томилогдоод явдаг байлаа. Тушаал гарсан л бол ажлаа үг дуугүй хийх л ёстой шүү дээ. Тухайн үеийн Монголын баримтат кино бол тэр чигтээ үзэл суртлын зэвсэг байсан. Тийм ч болохоор баримтат кино надад огтхон ч таалагддаггүй байлаа. Харин ВГИК-ийн хоёрдугаар курсэд байхад “Koyaanisqatsi”-г бидэнд үзүүлсэн юм. Тэр киног үзээд л баримтат кино ямар гоё болохыг, миний бодсоноос тэс өөр гэдгийг ойлгож авсан. “Koyaanisqatsi”-г дуурайлгаад курсын ажил ч хийж үзэж л байлаа. Сургууль төгсөж ирээд “Нохойн орон” дээр ажиллах завшаан тохиож, баримтат киноны тухай бодол маань ч бүрмөсөн өөрчлөгдсөн дөө.

Баримтат кино бүтэх нь бүх л кинотой адил янз бүр байдаг байх. Нэлээд түгээмэл нэг арга нь эхлээд баатраа сонгох. Гэхдээ чи л хүнээ сонгож байгаа болохоор тэр хүний туулсан амьдрал, туршлагыг ямар нэгэн хэмжээгээр мэддэг л байж таарна аа даа. Тэгэхээр аль нь чухлыг хэлж мэдэхгүй юм. Ёстой л өндөг анхдагч, уу эмэгчин тахиа анхдагч уу гэдэгтэй адилхан мэт... Заримдаа бодит амьдрал дээр өрнөж буй үйл явдлыг ажиглагчийн байр сууринаас илэрхийлэхийг хүсвэл кино хийх явцад зөвхөн өөрийнхөө мэдрэмж, зөн совинг дагахаас өөр аргагүй болох үе бишгүй л тохиолддог. Алдах үе ч бий, онох үе ч бий. Гэхдээ хамгийн ерөнхий нэг зарчим, бараг алтан дүрэм гэж онцолбол, кинондоо оролцож байгаа хүмүүстэйгээ харилцан итгэлцлийг л бий болгох болов уу. Баримтат кино хийхэд хүмүүсийн камераас айх, үгүй нь уран бүтээлч тухайн хүнтэйгээ ямар түвшний итгэлцлийг үүсгэж чадах вэ гэдгээс л шалтгаална. Тухайн хүнтэй хэр цаг хугацааг хамт өнгөрөөх гэх мэт бол яг үнэндээ бидний бодож, төсөөлдгөөс бага л нөлөөлдөг юм шиг. Хүнтэйгээ хангалттай итгэлцэл үүсгэж чадах л юм бол их боломжийн бүтээл гарч болдог. Чи кино хийж байгаа гэхээсээ илүү тэр хүмүүсийн амьдралын нэг хэсэг болох ёстой. “Мөнхийн хөдөлгүүр”-ийн үеэр хоёр долоо хоног зураг авалт хийлгүй, зүгээр л тэр газарт тэр хэдэн охидтой хамт амьдарсан. Дижитал камер дөнгөж л гарч байсан үе. Хүүхдүүд ч камерыг маань их сонирхоно, дэлгэцэн дээр нь өөрсдийгөө хараад л… Тэр хэдийг тэгж камераар тоглуулж чамгүй удаан хугацааг өнгөрөөсний учир нь хүүхдүүд байсан болохоор л болов уу. Бас үнэндээ, яг юуны тухай, ямар арга барилаар хийх талаараа огт бодож төлөвлөөгүй, зүгээр л зөн совингоороо явж байсан болохоор надад ч гэсэн тодорхой хугацаа хэрэгтэй байсан байх л даа. “Нохойн орон” киноны зураг авалт хоёр хэсэгтэй, өвлийн сүүлээс хавар хүртэл, дараа нь зуны дунд сараас намар хүртэл зураг авч байсан юм. Тэгээд л зураг авалтын хооронд мэргэжлийн ч биш, зүгээр л өргөн хэрэглээний MiniDV форматын камер үлдээгээд явснаар нь ингэж тоглохгүй юу. Уг нь бид нар “Нохойн орон”-ыг хальсаар хийж байлаа. Хүсээд байсан ВГИК-ийнхээ дипломтой, Super16 mm-ийн франц камертай, Kodak-ын өнгөт хальсаар тоглоод л, ёстой л нэг өөрийгөө жинхэнэ киночин болчихсон юм шиг хачин их аз жаргалтай явсан цаг үе. Энэ аз жаргалын эрч хүч л MiniDV камераас өөр юу ч үгүй намайг кино хийх зорилго руу ташуурдсан байх. Тэгж хийсэн болохоор ч юм уу, эсвэл анхны оролдлого маань бүтэн 4 жилийн дараа кино–эссэ маягийн зүйл болон хувирч байж арайхийн дууссан болохоор ч тэр юм уу, “Мөнхийн хөдөлгүүр” миний сэтгэлд хамгийн дулаан, хамгийн чухал туршилт болсон доо.

image

Биндэрийн хувьд бол, би их олон удаа ятгаад, зөвшөөрөхгүй л яваад байсан юм. 2003 оноос хойш л өөрийн чинь тухай баримтат кино хийе гэж уулзах болгондоо шахуу л ятгадаг байлаа. Бид хоёр ч дажгүй дотнын харилцаатай, Биндэр өөрөө их гоё ярьдаг, ямар ч хүнийг татаж чадах харизмтай. Би анхнаасаа л түүнд ямаршуу юм хийхийг хүсээд байгаагаа нууж хаалгүй л ярьж өгсөн. Өөрөө киноны хүн учраас ямаршуу кино болохыг нь ч гадарлаж байсан биз. Эхэндээ шууд л “Үгүй” гэж байснаа яваандаа “За, яах вэ, тэгсхийгээд болно биз” болоод, эцэстээ “Би Гачууртад зураг авна. Чи дагаад явбал яв” гэж зөвшөөрлөө өгсөн нь тэр. Миний бодлоор, цаг хугацаа л Биндэрийн өөрийнхөө, аавынхаа түүхийг хүмүүстэй хуваалцах шийдвэрт нөлөөлсөн болов уу. Хамгийн санаанд ороогүй зүйл нь “Мөнхийн хөдөлгүүр” Биндэрт таалагдсан байсан. Уг нь мань эрийн хийдэг, сонирхдог төрөл, жанр, арга барилаас тэс хөндлөн зүйл шүү дээ. Эсвэл Биндэр “Мөнхийн хөдөлгүүр”-ийн анхны хар эвлүүлгийг гардаж хийсэн болохоор ч юм уу, бүү мэд. Тэр үед Биндэрт зөвхөн дижитал эвлүүлэг хийхэд зориулсан жижигхэн Workstation байсан юм. Зарчим нь яг л компьютераар эвлүүлэг хийхтэй адилхан ч компьютераас хялбар, software-ийн мэдлэг нэг их шаардахгүй л дээ. Тэгээд л Биндэрийг гуйж байж авсан материалаа эмхэлж, тэр материалаа ахин дахин харж, бодож байж л би гэдэг хүн ер нь юу хийгээд яваагаа, тэр хийгээд байгаагаа юм болгох гэвэл ямаршуу бүтэц, хэв маягтай байхыг бас тухайн бүтцээр хийхэд юу дутагдаад байгааг бага сага ойлгохтойгоо болсон л доо.

Н.Ө: “Мөнхийн хөдөлгүүр” дээр 1990-ээд оны сүүлээр цаг төр шилжсэн ороо бусгаа үед олон хүүхэд өнчирч үлдсэнийг, “Алсын удирдлага”-аас бидний хэзээ ч дахиж харахгүй Улаанбаатарыг, “Хүсэл шунал”-аас 2008 оны эдийн засгийн хямралын дараах аж амьдралыг харж болдог. Бүгдийнх нь гэрчилж туулсан зүйлс, өөрөөр хэлбэл, хамтын дурсамж. Та ийм хамтын дурсамж дотроос уудалж дүрээ бүтээдэг үү, эсвэл дүрээ тойруулж хамтын дурсамжийг бүтээдэг үү гэдэг нь их сонирхолтой санагддаг.

С.Б: Миний бодлоор, кино ч бай, уран зохиол ч бай, дүр дээрээ л тогтдог. Тухайн дүр нь өөрөө нийгмийн түгээмэл шинжийг агуулж байгаа учраас л хамтын дурсамжийг илтгэж байгаа байх. Ялангуяа манай шилжилтийн үе бол зүгээр л нэг эдийн засгийн шилжилт биш, үнэт зүйлсийн шилжилт байсан шүү дээ. Тиймээс хамгийн хэцүү бас хамгийн сонирхолтой сэдэв л дээ. “Алсын удирдлага” ч бас шилжилтийн үеийн л түүх. Анх миний төсөөлж байснаар Цогийн дүр бол тухайн үеийн Монголын нийгмийн бэлгэдэл байсан. Нэг талаасаа, өнгөрсөн түүхтэй, нөгөө талаасаа, тэмүүлэх ирээдүйтэй. Гэхдээ одоо цаг нь тодорхойгүй. Өсвөр насны хүүхэд чинь эрийн цээнд хүрээгүй хэр нь бас эрийн цээнд хүрчихсэн ч юм шиг ааш зантай, маш их мөрөөдөлтэй. Мөрөөдлийг нь ч, шийдвэрүүдийг нь ч ойлгож болохоор. Бас хаашаа ч хальтирахад бэлэн. Тухайн үеийн манай нийгэм үнэхээр л нэг тийм өсвөр насны хүүхдийг санагдуулдаг л даа.

Гэхдээ миний бодлоор, хамтын дурсамжинд болгоомжтой хандах нь дээр болов уу. Хамтын дурсамжийг ихэнхдээ улс төрийнхөн олон нийтийн сэтгэхүйг удирдах зорилгоор суртал ухуулгын хүчээр л бидний тархинд суулгаж орхисон байдаг. Хамгийн тод жишээ нь, манай үеийнхний хамтын дурсамж. Хамтын дурсамжийн хамгийн барьцгүй зүйл нь хувь хүний дурсамжтай сүлэлдэж орхидог болохоор туйлын үнэн мэт сэтгэгдэлийг хүмүүст хялбархан нутагшуулж чаддаг мэт. Гэтэл үнэндээ бол, ямар нэгэн үзэл суртал, улс төр, эрх мэдлийн явцуу эрх ашгийг хамгаалах тодорхой зорилгоор бий болгож, бидний толгойд хүүхэд наснаас маань эхлэн санаатай, санамсаргүй хэлбэрээр бага багаар суулгасан үзэл санаа, харах өнцөг, ойлголтууд он жилүүдийн явцад энэхүү хамтын дурсамжийг бий болгож байдаг мэт. Тэгэхээр энэ хамтын дурсамж гэх зүйлийн аль нь бодит үнэнээс үүдэлтэйг ялгаж салгах нь тун чухал болж байгаа биз. Хамгийн хялбар жишээ гэхэд, 1980-1990 ээд оны тухай, социализмын үеийг дүрсэлсэн сүүлийн үеийн монгол кинонууд. Саяхны л түүх учраас тэр үеийн амьдрал ахуй, хүмүүс, итгэл үнэмшил, хүсэл мөрөөдөл гэх мэтийг нь судалж харвал уг нь хангалттай материал байгаа. Гэтэл зүгээр л хамтын дурсамжаас үүдэлтэй хэвшмэл загварыг л бодит үнэн мэтээр дүрсэлж харуулсаар л байна. Заримдаа энэ кинонуудын хэсгээс харахаар, үгүй би чинь залуудаа ийм хувцас өмсөөд, ийм юм яриад, ингэж дурлаад бас ингэж зодолдож, буудалцаж, алж талж явлуу гэж ч бодогдох. Товчхондоо, хэрвээ та уран бүтээлч бол хамтын дурсамжийг хэрхэн, яаж, юунд ашиглахаа сайтар бодож тунгааж байвал сайн. Хэрвээ урлаг хувь хүний дотоод ертөнц, үзэл бодол, эрх чөлөө, ёс суртахууны тухай өгүүлж байх ёстой юм бол, хувь хүний дурсамжтай илүү холбоотой байх нь дээр болов уу. Угаасаа миний бодлоор нийгмийн, хамтын ёс суртахуун гэж байдаггүй, харин тухайн нийгмийг бүрдүүлж байгаа хувь хүний ёс суртахуун л гэж байдаг. Ёс суртахуунгүй улс төрчид л нийгмийн ёс суртахуун гэж ярьдаг бас хамтын дурсамжийг өөрсдийн зорилгодоо ашиглах дуртай байж магадгүй. Яагаад дурсамжийн тухай яриа ёс суртахуун болоод явчхав гэж гайхах хэрэггүй. Дурсамж нь ёс суртахууны хэм хэмжээнээс хамааралтай болохыг дүрслэн харуулж чадсанаараа Андрей Тарковский кино хэлэнд сүүлчийн шинэчлэл хийсэн найруулагч гэж зарим судлаач нар үздэг юм билээ.

Н.Ө: Тухайн үеийн Монголын нийгмийг өсвөр насны хүүхдээр төлөөлүүлсэн гэлээ. “Алсын удирдлага” дээр Цог яг л Буниа шиг нисэх мөрөөдөлтэй хэр нь сүүний бидоноор зүйрлэн харуулсан ахуйн буулгууд түүнийг доош нь чангааж татаад ч байгаа юм шиг. Метафор ч гэж харж болох байх?

С.Б: Киног гарсны дараа янз бүрийн эд зүйлс, дүрслэлийг шууд метафор гэж ойлгож тайлбарлах хандлага нэлээн байсан л даа. Манайхан символ, метафор хоёрын нарийн зааг, ялгааг ялгаж салгахгүй байх нь их. Магадгүй символыг бэлэг тэмдэг, метафорыг бэлгэдэл гэж буулгаад байдаг нь энэ хоёрыг адил ойлголт гэж хүлээж авахад нь нөлөөлдөг байж магадгүй. Минийхээр бол, энэ хоёр нэлээд ялгаатай – символ нь илүү хэлбэрийн тухай, харин метафор бол илүү агуулгын болон сэтгэлгээний түвшинд яригдах ёстой мэт. “Алсын удирдлага”-ыг эргээд бодоход, кинонд харагддаг зарим эд зүйлс – сүүний бидон эсвэл аавынх нь халаасны хуучин цаг гэх мэт зүйлс зүгээр л Цогийг ямар орчинд, ямар амьдралтайг тодотгоход хэрэгтэй деталиуд. Уг нь ийм зүйлс кино бүрд л байдаг, тэднийг үзэгч бүр өөр өөрсдийнхөөрөө хүлээж авдаг, тайлбарладаг, энэ нь ч урлагийн бас нэг нандин нууцлаг шинж болов уу. Уг нь энэ киноны хамгийн гол метафор бол Цогийн дүр. Түрүүн хэлсэнчлэн, энэ дүр бол Монголын нийгмийн бэлгэдэл. Кино зохиолыг бичиж байхдаа ч, хийж байхдаа ч би энийг л бодож байсан. Харамсалтай нь, энэ метафорыг тайлж уншсан нэг ч үзэгчтэй одоо болтол таараагүй болохоор би хийж чадаагүй юм шиг ээ. Уг нь бол “Алсын удирдлага”-ын зохиолыг их олон хувилбараар бичсэн юм. Зүгээр ганц нэг сценийг өөрчлөх биш, бүр концепцийнх нь хувьд өөрчилж янз янзаар л үзэж байсан. Вон Карвайн “Chungking Express” -ийг санагдуулам хувилбар, анимэйшнтэй хувилбар хүртэл бий. Энэ бүх хувилбаруудаас кино болгож хийхэд хамгийн хялбарыг нь сонгосон байх, гэхдээ л энэ бэлгэдэл миний сонголтонд чамгүй нөлөөлсөн гэж боддог. Уг нь зураг авалтын зохиол арай өөр төгсгөлтэй байсан, тэр төгсгөлийг нэлээн хялбаршуулсан байдлаар зургийг нь хүртэл авсан, гэхдээ кинонд хэрэглээгүй юм. Учир нь кино дахин, дахин төгсөх гээд, бас энэ төгсгөл нь миний хүсээд байсан бэлгэдлийг улам бүрхэг болгож мэдэхээр байсан. Уг нь “Алсын удирдлага”-д метафор хангалттай бий, гэхдээ би символ маягийн дүрслэлээс, символоор дамжуулан хялбархан тайлчхаж болох дэндүү ил тод, гэнэн метафороос аль болох зай барихыг л хичээдэг ухаантай. Иймэрхүү маягийн метафор зөвлөлтийн кино школд нэлээн түгээмэл, ер нь бол “оюутны байранд хийгддэг” агуу кинонуудын үндсэн төрөл жанр байсан гэж ч хэлж болохоор. Тарковский хүртэл эрийн цээнд хүрснийхээ дараа “Иваны хүүхэд нас” бол оюутны байранд л төрдөг кино доо гэж өгүүлсэн нь бий. Нэг зүйл нэмэхэд, метафор бол бидний гени, цусанд байдаг зүйл. Монгол ардын аман зохиол, үлгэр туульс, хүмүүсийн өдөр тутмын энгийн хар яриа хүртэл бэлгэдлээр бялхаж байдаг. Тийм болохоор би метафорыг ашиглахаасаа нэг их цэрвээд байддаггүй. Харин яаж, ямар хэмжээгээр гэдэг нь өөр яриа болох байх.

image

Н.Ө: Та “Алсын удирдлага”-д Б.Ринчен гуайн “Шүхэрч Буниа” өгүүллэгийг шигтгэж, бас “Мөнхийн хөдөлгүүр”, “Хэвтрийн хүн” кинонууд дээр Г.Аюурзана гуайтай хамтарч ажиллаж байсан гэх мэтээр таны бүтээлүүд уран зохиолтой нягт холбоотой байдаг.

С.Б: Миний үеийнхэн бол уран зохиол дээр өсөж өндийсөн хүмүүс. Төлөвшил, ертөнцийг харах үзэл гээд бүх л үнэт зүйлсийнхээ жагсаалтыг номноос олж авсан улс. Ийм нөлөөлөл үзүүлчихээр өөр медиа ч байсангүй. Нөлөөлөл нь маш гүн гүнзгий, цар хэмжээ нь дэндүү том байсан болохоор уран зохиолоос хагацах нь байтугай, энэ тухай бодохоос ч айдаг. Харин дараагийн шинэ үе зөвхөн пепсиг төдийгүй комиксыг сонгосон. Тарантиногийн байгуулсан гавьяа ч тэр шүү дээ – шинэ үеийн сонголтыг буюу комиксыг дэлгэцийн урлаг болгосон. Харин та нарын үе бол сошиал медиа дээр өсөж торниж байгаа хүмүүс. Энэ нь эргээд киног хэлбэрийн хувьд ч, утга агуулгын хувьд ч өөрчилж байх шиг санагддаг. Тарантиногийн үе хүртэл кино үндсэндээ уран зохиол төвтэй байсан юм шиг. Хүссэн, хүсээгүй уран зохиолтой шүргэлцэх шүргэлцээ ихтэй байсан гэж л бодогддог. Тэр үеийн кинонуудыг кино-роман гэж болохуйц, зөвхөн дэлгэцэнд гарч байгаа үйл явдлын араас хөөцөлдөхөөс илүүтэйгээр үзэгчийн нүднээс далд өрнөж байгаа үйл явдал, дүрүүдийн дотоод зөрчил болон үйлдлийн далд мотиваци зэрэг амьдралыг үнэн бөгөөд бодит болгодог тэр л элементүүдэд тун нухацтай хандаж, үзэгчдэд бодож, төсөөлөх орон зай үлдээхийг эрхэмлэдэг байж. Үзэгч өөрийнхөө төсөөллийг нэмж өгч байж л тэр киног бүрэн бүтэн болгож, ойлгож хүлээж авах тийм хэмжээний бүтээлүүд ч төрж байсан шиг. Ийм бүтээлүүдийн арга барил, зарчим нь одоо ч амьдрах, үргэлжлэх, илүү гоё болох боломжтой. Шууд л хуучинсаг гэдэг нэршил оноогоод хаяхад арай л хайран санагддаг. Тийм ч болохоор би иймэрхүү арга барилыг оролдоод суудаг байх л даа. Жишээ нь, кинонуудаа арай олон дүртэй хийж, гол эсвэл туслах гээд шуудхан ялгачхаж болохооргүй дүрүүдээр киногоо дүүргээд байдаг шиг санагддаг юм. Даанч энэ маань орчин үеийн киноны хувьд осолтой тоглоом болоод байгаа л даа.

Н.Ө: Харин уран зохиолоос сэдэвлэсэн кинонуудын тухайд?

С.Б: Уран зохиол бол уншигчийн төсөөллөөс амилдаг. Өөрөө төсөөлж бий болгож, хүлээж авч байгаа учраас илүү амттай. Харин кино бол хүний биежүүлчихсэн зүйл учраас түүгээр нь л хүлээж авахаас өөр аргагүй. Үзэгч өөрийнхөө төсөөлөлтэй киногоо харьцуулдаг учраас л номоос сэдэвлэсэн кинонууд хэзээд маргаан дагуулж, үзэгчийг талцуулдаг болов уу. Тиймээс аль болох номоос сэдэвлэснийг нь мартаж байгаад үзвэл зүгээр санагддаг. Чамд “Хэвтрийн хүн”-ийг унших, үзэх нь хэр ялгаатай санагдсан бэ?

Н.Ө: Номоос сэдэвлэсэн кино гэж байгаа. Гэхдээ нөгөө талдаа яг ном уншиж байгаа мэт санагдуулдаг, бүр ном болгоод буулгачихмаар кинонууд ч байдаг. Жишээ нь, Аки Каурисмякигийн кинонууд. “Хэвтрийн хүн”-ийг үзээд яг ч Аюурзана гуайн зохиолыг уншиж байгаа юм шиг биш ч, ном уншиж байгаа мэт мэдрэмж төрсөн. Учир нь дүрүүдийнхээ хувийн орон зай руу халдаахгүй, байдаг бүхнийг нь дэлгээгүй учраас төсөөлөх орон зай үлдэж байсан. Харилцан ярианы хувьд ч хэн юу хэлж байгаа нь тодорхой хэр нь яагаад тэгж хэлж байгаа нь тодорхойгүй, үзэгч өөрөө бодох, төсөөлөх шаардлагатай. Хар цагаан өнгө ч бас нөлөөлсөн гэж боддог. Хаана, ямар цаг үед өрнөж байгаа нь ч тодорхойгүй. Тарковский хэлдэг дээ, “Нэг номыг мянган хүн уншвал мянган өөр ном болно оо” гэж. Түүнтэй адил миний уншсан “Хэвтрийн хүн” таны уншсанаас өөр байх нь гарцаагүй, өөр ч байсан. Гэхдээ ном уншиж байгаа мэт санагдсан.

image

Н.Ө: “Хэвтрийн хүн”-ийг ярьсных, кино хэлийн тухай асуумаар байна. Орчин үед үзэгчид нэг дүрээ дагаад киногоо ойлгоод сурчихсан шиг санагддаг. Та хэлсэн дээ, гол, туслах гэж ялгагдахааргүй олон дүрээр киногоо дүүргэдэг гээд. Тийм үед үзэгч аль дүрээ дагахаа мэдэхгүй, яг л олон хүнтэй ширээний ардах яриа нэг, хоёроороо тусдаа яриад замхарчихдаг шиг үзэгчдэд ойлгомжгүй болчихдог юм шиг ээ.

С.Б: Тэр ч тийм байгаа байх. Миний хувьд наад асуулт чинь угаасаа толгойны өвчин болоод байгаа л даа. Одоо хийж байгаа кино маань олон дүртэй. Хүн бүхэн л “Энэ дүрээр яах гэсэн юм?” гэж ад үзэх маягтай боловч би өөрөө тэр дүрийг авч үлдэх хүсэлтэй байх жишээтэй. “Бодит байдлаас илүү гоо сайхан гэж үгүй” гэх үгийг их хожуу ойлгосон доо. Тиймэрхүү юмыг хүн залуу байхдаа уншаад, том найруулагчид үргэлж л ийм юм ярьдаг даа гэх ухааны юм бодоод л умартчихдаг. Гэвч эцсийн бүлэгт, жаахан туршлага суугаад ирэхээр “Амьдрал гэдэг чинь тайлагдашгүй нууц юм байна, тиймдээ ч гоё юм байна.” гэж бодогддог. Бодит амьдралд ойр, эгэл жирийн байх тусмаа гоё, “Энэ л юм биш үү” гэх бодол төрдөг. Олон дүр байна гэдэг нь бодит амьдралд л ойртох гэсэн нэг оролдлого төдий зүйл шүү дээ. Гол дүрдээ ямар нэг хувийн орон зай үүсгэхийг хүсэж байгаа бол дүрээ тойруулаад олон янзын хүмүүс тавьж, тэр хүмүүстэй харилцуулж байж л тухайн дүрийн хэн болохыг нь илүү үнэмшилтэй, илүү амьдралтай буулгаж болох мэт. Гэхдээ үнэнийг хэлэхэд, сайн кинонд яг хэдэн дүр байх, яг хэн гол дүр байх нь ямар ч хүртээлгүй л дээ. Бүх л суут найруулагчдын киноноос үүнийг хялбархан анзаарч болно.

Н.Ө: Та суутан гэдгээр Тарковский, Феллини, Бергман нарыг хэлж байна уу?

С.Б: Тийм.

Н.Ө: Эдгээр эрхмүүд зүүд, бодол, дурсамж гэх мэт ухамсрын урсгалыг дэлгэцэнд буулгасан байдаг. Ялангуяа зүүдэнд их ач холбогдол өгдөг. “Хэвтрийн хүн” дээр бас ухамсрын урсгалын хэсгүүд байдаг. Жишээ нь, Хувь заяа Цолмонгоос салах үеийн зураглал хоёр удаа гарахдаа цагийн зүү нь зөрүүтэй байдаг.

С.Б: Нэг үйл явдлыг хоёр өөр хүн дурсан ярьж буйг тодотгох гэсэн учраас л тэгж шийдсэн хэрэг. Хүн дурсамжийг үргэлж өөрийнхөө хүсэж байгаагаар л хадгалж, санах гээд байдаг. Орос уран бүтээлчдийн бүтээлүүдэд ёс суртахуун үргэлж чухал байр суурь эзэлдэг байсан үе бий. Одоо ч бараг үгүй болж байх шив дээ. Тарковскийн кинонд хийсэн хамгийн том шинэчлэл нь ёс суртахууныг ой дурдатгалтай холбосон явдал. Өнгөрсөнд өрнөсөн дурсамжийг харуулж байгаа ч үзэгч цааш нь жаахан ухаад ойлгобол ёс суртахууны хэмжигдэхүүнийг харж болдог.

Жишээ нь, “Толь” дээр дайны үеийн баримтат кино зургийг ашигласан байдаг. Үхтэлээ ядарч туйлдсан, өмд хувцас нь уранхай орос цэргүүд шавар шавхайг туучин дуу чимээгүй цуван явж буй дүрс... Ялсан баатрууд гэхээс илүү амь үрэгдэгсдийн, эсвэл маргааш амь насаа алдах хүмүүсийн сүнснүүд цуврах мэт... Дэлхийн 2-р дайны тухай тэр их баримтат материал дотроос ялагч орны, агуу Зөвлөлт улсын нэрт найруулагч яагаад ийм дүрсийг сонгов? Дайсныхаа харгис хэрцгийлэл эсвэл өөрсдийн ялалтын сүр жавхааг илтгэх өчнөөн их материалаас хүссэнээ л сонгож болох атал? Гэхдээ энэ дүрс л дайн гэгчийн үнэн дүр төрхийг бодитоор харуулж, бидэнд ялагчийн сүр хүчийг биш, уй гашууг амтлуулж, хүнлэг энэрэнгүй сэтгэл, бас ирээдүй байх ёстой гэсэн итгэлийг, тэр итгэл ямар үнэ цэнээр ирдгийг харуулж байдаг. Ийм дүрс сонгох нь, мөн ийм дүрсийг хэрхэн тайлан унших нь тухайн бүтээгчийн болон үзэгчийн гоо зүйн, боловсролын төдийгүй хүн болох ямар шатандаа явааг тодорхойлох хэмжүүр болдог. Үүнийг л бид 4 дэх хэмжээс гэж ойлгож болно. Өнөөдөр хорвоо ертөнцийн зүй тогтол, квантын физик, энергийн урсгал, spirituality гэх мэт сэдвээр ярих нь бараг моод болж байх шиг. Гэтэл бидний хайгаад байгаа хорвоо ертөнцийн 4 дэх, 5 дахь хэмжээсийг аль 1970 аад онд нэг уран бүтээлч ийнхүү уран бүтээлээрээ илэрхийлж байж шүү дээ.

Ингээд бодохоор хүн ямар цаг үеийг сонгож, хадгалж үлдээж байна вэ гэдэг нь ёс суртахууны сонголттой холбоотой. Дээр нь цаг хугацааны сэдэв орж ирнэ. Энэ утгаараа, Тарковский гурван хэмжээст урлагт дөрөв дэх хэмжээсийг нэмж чадсан гэж боддог.

Н.Ө: Тарковский ярьсных, кинонууд нь анх үзэхэд ойлгомжгүй хэр нь ээ цаанаасаа л гүн гүнзгий мэдрэмж төрүүлдэг. Тэгээд намтрыг нь уншаад үзвэл түүний кинонууд ихэвчлэн хүүхэд насных нь дурсамжтай холбогдох нь олонтаа. Та кинонуудадаа өөрийн хувийн дурсамж, туршлагаа хэр их шингээдэг вэ?

С.Б: Тийм ч их биш. Би юмсыг нүдээрээ л хүлээж авдаг төрлийн хүн. Сонссон юмс бол өөр. Жишээ нь, аудио ном сонсоод бараг л ойлгодоггүй. Номыг бол заавал унших л хэрэгтэй болдог. Тиймээс өөрөө харж байсан, ажиглаж байсан юмс үзэгдлийг дуурайлгаж буулгах нь бий. Харин дүр, зөрчил гэх мэт зүйлсээ таньдаг мэддэг, эргэн тойрныхноосоо аваад байдаггүй. Зохиол маань дүрээс л эхэлдэг. Яг ийм хүн байх ёстой, тэгвэл яг ийм хүн ийм нөхцөлд орвол яах вэ гэдгийг л төсөөлж бичнэ гэсэн үг.

“Мөнхийн хөдөлгүүр”-ийн сүмийг дипломын ажил хийх үеэрээ олж харж байсан. Амгаланд зураг авч байгаад тэр сүмийн хүүхдүүдтэй, бас багштай нь хальт уулзаад үзэхэд их сонин санагдаж байсан. Хагас нурчихсан сүм… Хамгийн сонирхолтой зүйл нь, хажуугаар нь өнгөрөх галт тэрэг л байсан. “Мөнхийн хөдөлгүүр”-т дүр байхгүй, кино-эссэ хийх гэсэн оролдлого шүү дээ. Ганц гол дүр нь цаг хугацаа. Галт тэрэг бол цаг хугацааны бэлгэдэл. Тарковскийн цаг хугацаа, дурсамжийн илэрхийлэл их сонирхолтой санагддаг байсан учраас өөрийнхөөрөө оролдсон оролдлого маань юм уу даа. Гэхдээ би чинь тэдэн шиг агуу суутан биш шүү дээ. Тэд бол юмаа хүссэнээрээ хийдэг, “хүн үзээд яах бол” гэж айдаггүй. Өөрийнхөө хийж чаддаг зүйлд, авьяас билэгтээ бат итгэл үнэмшилтэй. Надад бол тийм итгэл үнэмшил байхгүй учраас “хүн үзээд юу гэх бол” гэсэн айдас үргэлж сэтгэл түгшээдэг. Тиймдээ ч Сокуров шиг далайн эрэг дээр бараг хөдлөхгүй шахам зогсох ганц шувууг хорин минут тасралтгүй авснаа үзүүлэх зориг байхгүй л дээ.

image

Н.Ө: Цаг хугацааны сэдвээс ургуулаад хувь тавилангийн тухай ярихыг хүсэж байна. “Хэвтрийн хүн” киноны тухай та “Сонголтын тухай л гэж ойлгож болно” гэж ярьсан байсан. Гэтэл кинонд хувь тавилан их чухал байр эзэлдэг. Хувь заяа, сонголт гэх хоёр зүйл тэс эсрэг санагдаж байна. Нэг нь биднээс хамаарахгүй, цаанаасаа зурагдчихсан зүйл шиг, нөгөө нь зөвхөн биднээс л хамаарах мэт.

С.Б: Амьдрал өөрөө ийм л санагддаг. Нэг талаасаа, урьдаас зурагдчихсан, яагаад ч өөрчилж чадахааргүй мэт байдаг. Гэхдээ энэ урьдаас өгөгдсөн нөхцөлийн тодорхой хэсгийг бид өөрсдөө өөрчлөх, шийдэх боломжтой. Тэгж өөрчилж, шийдэж болдоггүй юм аа гэхэд өөрчилж, шийдэж болох юм шиг байж гэмээнэ бидний амьдрал утга учиртай болно шүү дээ. Тийм ч учраас урьдаас зурсан, өгөгдсөн нөхцөл байх тусмаа хувь хүний сонголт илүү үнэ цэнтэй, илүү чухал болно.

Н.Ө: Анх “Хэвтрийн хүн”-ийг үзээд нийгмийн шүүмж, бослого тэмцэл гэх мэт зүйлсийг нь илүүтэй онцолж харж байсан ч дахин дахин үзэхэд олон янзын хайрыг харах шиг болдог. Яг л би өөрчлөгдөхийн хэрээр энэ кино дагаад өөрчлөгдөөд байгаа мэт. Тэдгээр хайруудын тухай ярьвал?

С.Б: Аюурын эх зохиол бараг л постмодернизмын сурах бичиг шиг байдаг. Тэр нь надад үнэхээр их таалагдсан л даа. Өнөөдөр Монголын утга зохиол, урлагт бараг хүчээр шахам зарим бүтээл, уран бүтээлчдэд постмодернист гэх шошго наагаад байх шиг. Яах вэ, бид бусдаас хол хоцроогүй байсан гэж батлах гэсэн санаархал, бяцхан бардамнал л байх даа. Постмодернист хэлбэрийг өөртөө үнэртүүлсэн зохиол бүтээлүүд мэр сэр байсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг ч гэсэн миний хувьд Аюур бол Монголын утга зохиол дахь постмодернизмын анхдагч гэж л боддог. Аюур залуу байсан болохоор их зоригтой, постмодернизмыг тодорхойлдог бүх арга барилыг цуглуулж байгаад бичсэн байдаг. Гэхдээ энэ бол шүүмжлэл биш, харин ч магтаал юм шүү. Өөлж болох ч гэсэн хүлээж авахаас өөр аргагүй тийм хэлбэр рүү шилжүүлчихсэн юм шиг санагддаг. Үнэхээр амттай бичигдсэн зохиол.

Аюурын эх зохиол нь өөрөө хайрын тухай байсан. Үл ойлголцлын тухай. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ер нь хэзээ ч бие биеэ ойлгохгүй юм биш үү гэх санаа явж байдаг. Би ч өөрөө залуу байж. Уншсан даруйдаа л кино болгочихмоор санагдаад, шууд Аюур луу утас цохиж байсан ч арван хэдэн жил өнгөрч, би ч хөгширч, Монголын нийгэмд ч болохоосоо болохгүй нь ихэссэн. Тиймээс эх зохиолын концепцийг бага зэрэг өөрчилж, үл ойлголцлын асуудлыг сонголтын асуудал болгохыг хичээсэн. Хэн байх, өөрийн гэсэн зам мөрөө сонгох тийм хариуцлага чамд байгаа гэдгийг сануулсан маягтайгаар өөрчлөх гэж оролдсон.

Н.Ө: “Хэвтрийн хүн”-ий хосуудын харилцаанаас хайр зөвхөн өглөгч, гэгээн шинжийг агуулдаг биш, амиа хичээсэн бэртэгчин шинжийг ч агуулдагийг харж болохоор санагддаг.

С.Б: Тийм л дээ. Хайр, нэг талаасаа, ер бусын өгөөмөр, гоё сайхан зүйлийн бэлгэ тэмдэг юм шиг хэр нь ээ үнэн чанартаа тийм ч амархан ойлгоод, тайлбарлаад байхаар эд биш. Хүнийг хайрлах хайр, өөрийгөө хайрлах хайр хоёр зөрчилдөөд ирэхээр амьдрал их түвэгтэй болж, өөрийн мэдэлгүй барьц алддаг бололтой. Ялангуяа олон төрлийн сонирхол, сексийн дур хүсэлдээ шатаж яваа залуу насанд ийм зөрчил их. Үүнийг хүмүүс мэдэрдэг хэр нь ил тод ярьдаггүй. Энийг л би арай илүү бодитоор, үнэнээр нь буулгахыг хүссэн. Хэвтрийн хүн, Цолмон хоёрын дунд өрнөдөг нэлээн ширүүхэн маргааны үндсэн шалтгаан болоод сэдэв нь ердөө л хайрын бэртэгчин чанар байдаг.

Гол дүрийг маань хэтэрхий уран зохиолын хэлээр ярьдаг гэх сэтгэгдлийг би цөөнгүй хүнээс сонссон. Гэхдээ би бичээд байгаа хэрэг биш шүү дээ. Гол дүр маань бодит амьдралаас зугтаж, номын ертөнцөд л амьдардаг, өөрийгөө тойрсон ертөнцийг бүтээгээд, өөрийгөө ойлгох гэж хичээж буй залуу хүн. Цолмонгоос өөр найз нөхөд ч үгүй. Ээж нь бас л иймэрхүү амьдралтай. Тэгэхээр ийм хүн “миний хайр аа” гэх мэтийн үгээр яриад эхэлбэл дүр маань худал хуурмаг болж л бууна. Ер нь Монголд кино зохиол оролдож байгаа хүмүүс баатрынхаа гэхээсээ өөрийнхөө хүсэл зоригийг эсвэл олонд таалагдах хэвшмэл загварыг л дүр бүтээхдээ илүү ашиглаад байх шиг санагддаг. Уг нь баатрынхаа бодол сэтгэлээс л гарч болохуйц үг, үйлдлийг л бичвэл зөв мэт.

Н.Ө: Тэгвэл хайр таны хувьд сонголт уу? Эсвэл хувь тавилан уу?

С.Б: Жинхэнэ хайр бол сонголтын яг эсрэг нь. Чи нэг бол хайрлана, үгүй бол хайрлахгүй. Жинхэнэ хайраас ямар нэгэн учир шалтгааныг хайх ямар ч боломжгүй. Үүнд л хайрын гоо үзэсгэлэн нь оршдог гэж бодож байна. Сонгож болдоггүй зүйлтэй нүүр тулмагц бид яахаа мэдэхээ байж, сонгох гэж, шийдэх гэж оролддог нь биднийг хүрээлэн буй бодит байдал, бидний прагматик сэтгэлгээтэй зөрчилддөг. Тийм ч болохоор аз жаргалтай хайрын томьёог гаргаж, тооцоолж, цорын ганц шийд олох гэсэн бүх л оролдлогууд бүгд нуран унадаг. Үүнээс л бүх цаг үеийн энэ олон роман, кино, жүжиг, уран бүтээлүүд төрсөн байдаг шүү дээ.

image

Н.Ө: Таны кинонуудад хувь хүний болоод нийгмийн үнэт зүйлийн эрэмбэ гэх сэдэв их хөндөгддөг шиг санагддаг. Үнэт зүйлийн эрэмбэ, ялангуяа өнөөгийн нийгэм дэх үнэт зүйлийн тухайд?

С.Б: Миний хувьд үнэт зүйлийн эрэмбэ гэдэг бол сонголт. Чи хүн байх сонголтоо хэзээ хийж байгааг л хэлэх болов уу. Том агуулгыг эрээ цээргүй, хэт их яриад эхлэхээр утга учраа алдчихдаг. Жишээ нь, “эх орон”, “ард түмэн” гэх мэт үгсийг хэлэхэд ичмээр санагддаг болтол нь явцууруулж ашиглалаа шүү дээ. Энэ мэтчилэн үнэт зүйлээ хэт их ярьдаг хэр нь тэдгээр нь хоосон үгийн цуглуулга болчихож. Хэрэв хүн өөрөө л хүн байхыг хүсвэл заавал эрэмбэлж цэгцлээд байх шаардлагагүй, заяагдмал өгөгдөл байдаг гэж боддог.

Н.Ө: Уран бүтээлч хүмүүс маш сайн ажиглагчид байдаг. Таныг тогтоож, ажиглахад хүргэдэг зүйлс юу байдаг вэ?

С.Б: Ажиглах бол миний үндсэн ажил. Үүнийг харин жинхэнэ амьдралын маань хэв маяг гэж хэлж чадна. Яг тодорхой нэг зүйлийг гэхээсээ юм бүхнийг ажиглах дуртай. Гудамжаар зөрж байгаа хүн бүрийг хардаг. Тэгмэгц тэр хүн яаж амьдардаг бол, юу хийдэг бол, яагаад ийм царайны хувиралтай яваа юм бол гээд янз бүрийн төсөөллөөр тархи хөглөгдөж эхэлдэг.

Н.Ө: Та ямар төрлийн хүмүүстэй илүү сайн гар нийлж ажиллаж чаддаг вэ?

С.Б: Ажлаа мэддэг, гүйцэтгэж чаддаг хүмүүстэй ажиллах дуртай. Хамгийн гол нь, хийж байгаа ажилдаа дуртай хүмүүстэй ажиллахыг хүсдэг. Хийж буй ажлаа ял гэж боддог хүмүүстэй ажиллах үнэхээр дургүй. Учир нь тийм хүмүүс ажлын ард гарлаа гэхэд түүнийгээ өндрөөр үнэлүүлж, магтуулах гэж маш их тунирхсан хандлага гаргадаг л даа. Ажлаа сайн гүйцэтгэдэг ч гэлээ үнэлгээ, магтаалыг заавал сонсох гэж хичээдэг хүмүүс байдаг. Надад бол зүгээр л дуртай зүйлээ хийж байгаадаа л баясаж, баярлаж чаддаг хүмүүстэй ажиллах нь сайхан. Тэгж дурлаж, хайрлаж хийдэг хүмүүсээс их уран, гоё юм гарах магадлал өндөр.

Н.Ө: Орчин үед гаднын томоохон кино наадмууд руу тухайн улсаас хэр давтамжтай, хэр олон кино очиж буйгаар нь тэндээс шинэ давлагаа үүсэх боломжтой эсэхийг нь дүгнэдэг хандлага ажиглагдаад байна. Дэлхийн томоохон шинэ давлагаанууд бүгд л нийгэм, цаг үе, арга барилын гэх мэт өөрийн гэсэн онцлогтой байдаг. Монгол кино үйлдвэрээс эхлээд кино хийж буй таны хувьд шинэ давлагаа хэрхэн үүсдэг гэж боддог вэ? Бас Монголд хэзээ үүсэх боломжтой вэ?

С.Б: Хүчтэй, авьяастай найруулагч гарч ирэх нь шинэ давлагаа үүсэх үндсэн нөхцөл. Харин тэр нь хэр том, хэр хүчтэй давлагаалж, хэр удаан үргэлжлэх нь олон зүйлээс шалтгаална. Хамгийн түрүүнд, нөгөө шинээр гарч ирсэн авьяастай найруулагч маань бас нэлээн чамбай хүн болж төлөвшсөн байх ёстой юм шиг. Зөвхөн кино ч биш, урлагийн ямар ч салбарт үе солигдож, дараагийн үе нь өмнөхөөсөө илүү, үгүй ядаж л өөр арга барилаар бүтээж туурвихыг мөрөөдөж байдаг. Бас тэр мөрөөдлөө ямар нэгэн байдлаар биелүүлж ч байдаг. Тэгэхээр шинэ давлагаа гэдгийг ер бусын гэхээсээ илүү тохиолдох ёстой зүй тогтол гэж харж, ойлгож баймаар. Гэхдээ эрүүл саруул орчинд тохиолддог зүй тогтол. Өнөөдөр Монголын киноны хоёр залуухан зүтгэлтний хэрүүл маргаанаас болоод үндэсний кино урлагийн салбар тэр чигээрээ савлаж, нурж уначих гээд байвал энэ орчин яавч шинэ давлагаа үүсэх эрүүл орчин нөхцөл биш л болов уу. Нэгэнт шинэ давлагааны тухай яриад эхэлчихсэн болохоор бас яг юу хийчихвэл шинэ давлагаа гэж хэлэгдэх эрхтэй болох тухай ч бодож үзмээр. Хамгийн түрүүнд, мэдээж урьд үеийнхээ ашиглаж байгаагүй арга барил, эзэмшиж чадаагүй ур чадварыг харуулахуйц бүтээл хийх. Цаашилбал, тухайн улс үндэстний онцлог шинжийг илэрхийлсэн шинэ урлах арга барилыг салбартаа хүлээн зөвшөөрүүлж чадах. Одоог болтол монгол кино гэж яг ямаршуу хэлтэй, ямаршуу арга барилыг түлхүү ашигласан кино болохыг хэлж бичсэн судлаач, шүүмжлэгч байдаг эсэхийг би мэдэхгүй юм. Ёстой л хамтын дурсамжаас үүдэлтэй хуучны монгол кино бол жинхэнэ монгол кино гэсэн ойлголт бидний дунд амь бөхтэй байсаар л байна. Харамсалтай нь, кино судлал талаас нь онолын буурь суурьтай, бодитоор задлан шинжилж, үнэлж, судалсан нь бараг л үгүй. Монгол ахуй, монголчуудын зан төрхийг хэр үнэмшилтэй харуулав гэдэг маш чухал боловч зөвхөн үүнийг л үндэсний киноны хэл гэж ойлговол тун өрөөсгөл болно. 1990-ээд он хүртэлх монгол кино Зөвлөлтийн киноны арга барилаар л явж байсан. Өөр боломж ч байгаагүй. Энэ нь тэр үеийн уран бүтээлчдийн авьяас чадвартай ямар ч холбоогүй, тухайн цаг үе, улс төр, үзэл суртал, сургалт бас дээрээс нь технологийн л үр дагавар. Монгол киноны хямрал, доройтол зөвхөн мөнгө санхүүгээс эсвэл Монгол кино үйлдвэрийг үгүй хийснээр үүсэж бий болсон гэвэл дэндүү хялбаршуулсан тайлбар болно. Угаасаа үндэсний киноны хэлээ бий болгож, тамгалаж хараахан амжаагүй байсан цаг үед нийгэм болоод бидний оюун санаанд асар олон өөрчлөлтүүд хүч түрэн орж ирсэн нь ингэж барьц алдахад хүргэсэн хэрэг. Тэгэхээр уг нь Монголын кинонд шинэ давлагаа бий болох хангалттай шаардлага, хангалттай орон зай байгаа. Харин энэ давлагаа бодит болох орчин, нөхцөл, дотоод, гадаад хүчин зүйлс хэрхэн өрнөхийг урьдчилан хэлэхэд одоогоор хэцүү юм даа.

Н.Ө: Шинэ давлагаа тухайн цаг үеийнхээ онцлогоос үүсдэгтэй та санал нийлэх үү?

С.Б: Цаг үетэй салшгүй холбоотой. Томоохон шинэ давлагаанууд бүгд тухайн улсынхаа нийгмийн асар том зөрчил мөргөлдөөн, хямралын дараа л үүссэн байдаг. Тийм хямралын дараа уран бүтээлчдийн дуу хоолой илүү хүчтэй, үнэ цэнтэй болж, цаг үе нь ч өөрөө шинээр хэлэхийг, шинээр өгүүлэхийг шаарддаг учраас урлаг бүхэлдээ урагшилж хөгжиж байдаг. Гэхдээ тийм цаг үеийн шаардлага дунд тухайн салбарт авьяастай хүн гарч ирэхгүй бол тэр цаг үеийг алдана аа л гэсэн үг.

image

Н.Ө: Сүүлийн хэдэн жил дэлхий дахинд томоохон дайн, зөрчил мөргөлдөөнүүд их гарч байна. Ийм үед дайн өдөөсөн улсын уран бүтээлчийн бүтээлийг хүлээж авахгүй байх, нэр дэвшүүлэхгүй байх, хамтарч ажиллахгүй байх гэдэг асуудлууд цөөнгүй ажиглагдаж байна л даа. Уран бүтээлчид хэдий тусдаа хувь хүн боловч тухайн улсынхаа дипломат төлөөлөгч мэт болжээ. Энэ тал дээр та юу гэж бодож байна?

С.Б: Хүн ёсны, байгалийн хариу үйлдэл л гэж бодож байна. Урлаг биднээс хүн хэвээрээ байгаа эсэхийг маань үргэлж асууж, сануулж байдаг шүү дээ. Миний бодлоор энэ л урлагийн цорын ганц үнэмлэхүй үүрэг. Ямар нэгэн итгэл үнэмшилгүйгээр амьдрал утгагүй болдог. Хүмүүсийн итгэл үнэмшлийн эрэл хайгуул нь шашныг бий болгосон, гэхдээ шашин бидний итгэл үнэмшлийг номлолд хувиргадаг. Хүмүүсийн хорвоо ертөнцийг бодитоор танин мэдэх хэрэгцээ, шаардлага шинжлэх ухааныг бий болгож. Харин урлаг бол шашин, шинжлэх ухаан хоёрыг холбогч амин судас нь. Урлаг энэ л үүргээ биелүүлэхийн тулд хамгийн гэгээн зорилго, хамгийн шударга нийгэм, хамгийн сайхан ирээдүйг дайнаар, гэм зэмгүй хүмүүсийн амь насаар бүтээж болох эсэхийг л биднээс асуух ёстой, асууж ч байгаа гэж найдаж байна. Энэ л утгаараа дайн өдөөж буй улс орныг, арай тодотгож хэлбэл тэр бүлэглэлтэй хамтарч ажиллахгүй байхыг хичээх нь хүн ёсны, амьдралын, байгалийн хариу үйлдэл бас хариуцлага болов уу.

Н.Ө: Миний сүүлийн асуулт. Бергман Тарковскийн тухай “Миний түлхүүрийг нь атгачхаад орж чаддаггүй өрөөн дотуур Тарковский дураараа холхиж байдаг” гэж хэлсэн байдаг. Таны орохыг хүсдэг өрөөн дотуур дураараа холхидог найруулагч хэн бэ?

С.Б: Би Бергмантай санал нэг байна л гэж хэлье дээ (инээв).

Дуу хураагуур унтарч, харилцан яриа үргэлжлэв.

Бичсэн:

Нармандахын ӨнөржаргалEditor-in-Chief