
Юу хүсэж буйгаа ойлгох цаг хугацааны тухай кино
Болдсайханы Хангай нь АНУ-ын Вашингтон мужийн Шорлайны Коллежийг төгсөн ирээд, "Монгол" (2024) тэргүүтэй өргөн дэлгэцийн кинонууд, "Ацаахийморь" (2025), "Гэтлэл" (2026) зэрэг цуврал бүтээлүүд, мөн шинэ залуу найруулагчдын богино хэмжээний кинонууд гэх мэт олон төрөл, чиглэлээр уран бүтээлээ туурвиж буй чадварлаг зураглаач билээ. Түүний ерөнхий зураглаачаар нь ажилласан "Зогсоол" (2026) кино Пусаны олон улсын кино наадмаас Олон улсын кино шүүмжлэгчдийн шагнал, Ази номхон далайн кино урлагийг дэмжих сүлжээний шагнал, Хайлайф Вишн, Жисокын Вишн шагналуудыг тус тус хүртсэн баярт үйл явдалтай зэрэгцэн FRAME сэтгүүлийн хамт олон уг киноны тухай Болдсайханы Хангайтай ярилцлаа.
FRAME: Таны хувьд кинотеатраар нээлтээ хийж буй өргөн дэлгэцийн кино, залуу найруулагчдын анхны богино хэмжээний кино, мөн цувралууд гээд маш өөр өөр төрлийн бүтээлүүд дээр ажиллаж байгаа шүү дээ. Туршлагатай найруулагчидтай ажиллах болон шинэ залуу найруулагчидтай ажиллахад ямар ялгаа ажиглагдаж байна?
ХАНГАЙ: Нэг талаасаа, ямар ч ялгаагүй юм шиг хэр нь нөгөө талаас нь харвал, ялгаатай зүйлс олон байдаг. Найруулагч, зураглаач хоёрын үүргийг заагласан томьёо маягийн зүйл байдаг л даа. Гэхдээ надад тийм дүрэм, томьёо огт байхгүй юм шиг санагддаг. Туршлагаасаа үл хамаараад, утга санаа, үйл явдлаа зураглалаар хэрхэн илэрхийлэх вэ гэдэг тухай найруулагчдын яриа ерөнхийдөө төстэй байдаг. Харин өөр зүйл нь, аль түвшинд ярьж байна вэ гэдэг нь. Зарим найруулагчид санаа оноогоо хэлэх зорилготой ярьдаг бол, зарим нь санаа оноо сонсох зорилготой ярилцдаг.
FRAME: Туршлагатай найруулагчид илүү санаа оноогоо хэлэх зорилготой ярилцдаг гэж үү?
ХАНГАЙ: Сонирхолтой нь, эсрэгээрээ. Олон киноны ард гарч үзсэн найруулагчид илүү их сонсож, гарц гаргалгаа олох зорилготой ярьдаг. Харин залуу найруулагчид, ялангуяа анхны киногоо хийж буй найруулагчид их олон санаа дэвшүүлж ажилладаг. Огшчихсон ч гэх юм уу, тийм өндөр сэтгэл хөдлөлтэй, тэр чинээгээрээ өндөр төсөөлөлтэй байгаа шүү дээ.
FRAME: Зураглаач нь найруулагчаасаа илүү туршлагатай үед харилцааг яаж эерүүлдэг вэ?
ХАНГАЙ: Би хувьдаа шуудхан л нүүр хагарахыг хүсдэг. Сонин хошигнол хэлдэг ч юм уу, тиймэрхүү байдлаар харилцааг аль болох энгийн байлгах гэж хичээдэг. Арга барилаа нууцлах, эсвэл хийсэн бүтээлүүдийнхээ тоогоор бардах зэрэг зүйлс огт байдаггүй л дээ. Тиймээс зураг авалт эхлэхээс өмнө бэлтгэл ажлын үеэр л аль хэдийнэ нүүр хагарчихсан байдаг. Зургийн талбай дээр чих зөөлөн, нээлттэй, энгийн байх нь их чухал.

FRAME: “Зогсоол” кинон дээр ажиллахаас өмнө С.Бямба найруулагчийн “Хэвтрийн хүн” киноны багт ажиллаж байсан шүү дээ. С.Бямба найруулагчтай хэрхэн танилцаж, хамтарч эхэлсэн бэ?
ХАНГАЙ: “Хэвтрийн хүн” миний ажиллаж үзсэн гурав дахь кино л доо. АНУ-аас ирсэн жилдээ Б.Амарсайхан найруулагчийн “Mongolian Connection” болон Д.Бямбасүрэн найруулагчийн “Алтан судал” кинонд ажиллаж байсан. Энэ хоёр кинонд ажиллах үеэрээ маш олон хүнтэй танилцсаны нэг нь Төөнөө ах (зураглаач Б.Түвшинтөгс). Төөнөө ах маань Бямба найруулагчийн тухай надад ярьж өгөөд, би “Хэвтрийн хүн”-ий behind-the-scenes буюу кино хэрхэн бүтсэн тухай дүрс, зураг, бичлэгүүдийг бэлтгэж байсан. Гэхдээ бичлэгээсээ илүү гэрэл зураг авах маань дэндчихсэн л дээ. “Хэвтрийн хүн”-ий үеэр авсан шиг тийм их зураг одоог хүртэл аваагүй л явна.
Харин 2022 онд нэг кинонд зураглаачаар ажиллаж дуусаад, дараагийн кино руугаа орох гэж байх завсарт Бямба ах залгасан. Тэр үед ерөнхий зураглаачаар ажиллах санал тавих гэж байна ч гэж бодоогүй. “Зогсоол”-оос өмнө гурван киноны ерөнхий зураглаачаар ажиллачихсан байсан хэр нь Бямба ахыг тийм санал тавихад айх, баярлах гээд олон мэдрэмж зэрэгцэж байсан.
FRAME: Бямба найруулагч өөрөө зураглаачаар төгссөн шүү дээ. Найруулагч нь мэргэжлийн зураглаач байх үед ямар байдаг вэ?
ХАНГАЙ: Найруулагч, зураглаачдын хамтран ажиллах арга барил нь өөр өөр. Жишээ нь, зарим кинонд найруулагч нь бүх уран сайхны шийдлээ өөрөө гаргаад, зураглаач нь илүү техник талаас хариуцаж ажилладаг. Бямба ахаас санал ирсний дараа янз бүрийн сэтгэл хөдлөл зэрэгцэж байсан учраас хамт ажиллаж байсан хүмүүсээсээ асууж лавласан. Тэгэхэд “Бямба ах өөрөө зураглаач учраас тийм ч амар биш байх аа, чи кадруудыг нь л тавьж өгөх байх. Зургийн талбай дээр чи бодож байгаа шигээ баярлаад байхгүй л байх.” гэж байсан. Гэхдээ миний хувьд Бямба ах хэдэн кадр тавих, би хэдэн кадр тавих нь огт хамаагүй байлаа. Энэ хүнтэй хамт ажиллаад, юм сураад авъя гэсэн өөдрөг бодлоор саналыг нь хүлээж авсан. Мэдээж, Монголд өөрийнхөө үнэт зүйлээс ухраагүй цөөхөн зохиолч-найруулагчдын нэг учраас айж сүрдэлгүй яах вэ. Гэхдээ бэлтгэл ажлын үеэр тэр бүх айдас, сэтгэл хөдлөлүүд алга болж, зарим үед бүр найзууд шиг харилцсаар киноныхоо ард гарсан.
FRAME: Зураглаачдаа хэр эрх чөлөө өгдөг найруулагч байсан бэ?
ХАНГАЙ: Би их нарийн ажиллаж, гаргаж буй санаа, шийдэл бүрийнхээ ард нарийн онол, логик үндэслэлтэй байхыг хичээсэн. Гэтэл Бямба ах “Чи зөн совингоороо л ийм гэрэл, ийм план тавихыг зөв гэж бодож байгаа бол яагаад зөв бэ гэж өөрөөсөө асуух шаардлагагүй. Өөртөө итгээд, өөрийгөө сонс оо.” гэж хэлсэн.
Бямба ах зохиолоо бичих үедээ болон бичиж дууссаныхаа дараа кадруудаа ноороглож зурдаг юм билээ. Харин миний хувьд зохиол унших үед хамгийн түрүүнд ямар нэг перформанс толгойд орж ирдэг. Үүнийгээ би энэ киноны үеэр ойлгосон л доо. Тиймээс энэ тал дээр дундаа уулзах шаардлага гарч байсан. Ерөнхийдөө, кадр зурах үйл явц хэд хэд давтагддаг. “Зогсоол” кинон дээр Бямба ах, Аагий ах (ерөнхий зураач Д.Ариунсайхан) бид гурав зураг авалт хийх сумандаа долоо хоног байрлаж, байршлуудаа судлан кадруудаа зурсан. Байршлын хэмжээсүүд, мөн онцлох жижиг дов, догол гээд бүх зүйлээ нарийн тооцож, зурсан. Хотод эргэж ирээд, дахин эргэцүүлж бодоод, зарим сценүүдийг шинээр зурсан даа. Кинонд гарч буй бүх кадр урьдаас зурагдсан байсан, зурагдаагүй кадр нэг ч байхгүй.

FRAME: “Зогсоол” киноны зураглалын ерөнхий өнгө төрх, уур амьсгалыг ямар байлгахаар төлөвлөсөн бэ?
ХАНГАЙ: Би зураг авалтын өмнө зураач Алтаншагай, жүжигчин Төгөлдөр, найруулагч Дөлгөөн гээд гурван найзынхаа хамт туршилт хийсэн л дээ. Зохиолоо уншиж дуусаад, Бямба ахтай ярилцсаны дараа киноныхоо дийлэнх хэсгийг үргэлжилсэн урт зураг авалтаар хийж, мөн оройны наран дээр, эсвэл агаар хөрсөн үеэр зургаа авахаар төлөвлөсөн. Түүнчлэн камерыг үргэлж гар дээр, хөдөлгөөнтэй байлгахаар тохирсон. Тэгээд камер, дурангаа аваад л, найзуудтайгаа Ар Гүнтэд очиж оройны наран дээр камераа гар дээрээ барьж хөдөлгөөд, тест зураг авалт хийсэн. Өнгө тавиад, тестээ Бямба ахад үзүүлтэл камерын гар дээрх хөдөлгөөн, дурангийн сонголт, плануудыг зөвшөөрсөн. Хориод минутын урттай тест байдаг.
FRAME: Үргэлжилсэн урт кадр зонхилж байгаа гэлээ. Ийм урт кадруудын эвлүүлэг нь камер дээр л шууд хийгдчихсэн байх хэрэгтэй болдог шүү дээ. Эвлүүлгийн үеэр эрсдэлтэй, хүндрэлтэй зүйлс байсан уу?
ХАНГАЙ: Төсөөлөхөд бэрх боловч хийхэд маш урамтай хэсгүүд байсаан. Ялангуяа машины кабин дахь үргэлжилсэн урт кадр. Энэ сцений тухай ярилцаж байхад Аагий ах маань яг яаж авахыг нь маш их асууж лавласан. Учир нь кабиныг чимэглэж, бэлэн болгох хүн нь Аагий ах учраас зураглаач хаана байрлаж, хаанаас яаж зургаа авах нь түүнд маш чухал. Тэр үед надад хариулт байгаагүй, “Яаж ийгээд авна даа.” гээд л инээхээс өөр зүйл хэлж чадаагүй. Яг зураг авалт хийх үед бид маш олон өнцөг тавиад, машины кабин гэх давчуу орон зайд хөдөлгөөнтэй камераар үргэлжилсэн урт кадр авч чадсан. Машин кабин дахь зураг авалт дахин хийгдэхэд кино багийн маань нэг гишүүн “Кабин-камасутра хийх цаг боллоо.” гэж хошигнож байсан удаатай. Кабин руу ороод л янз янзын өнцөг тавиад байхаар тэгж хошигносон байх л даа.
FRAME: Бямба найруулагчийн кинонуудад камер дээрх дүрүүдийн эрх мэдлийн харьцааг их сайн ялгаж өгсөн байдаг шиг санагддаг. Дүр хол байх тусмаа жижигхэн харагддаг. Ялангуяа “Хэвтрийн хүн” кинонд нөхцөл байдлыг илүү хянаж, гартаа авч буй тал нь наад талдаа ярьдаг, үзэгчдэд илүү томоор харагддаг гэх мэт. “Зогсоол” киноны үйл явдал өрнөж буй Ковид-19 цар тахлын үед эрх мэдлийн харьцаа гэж зүйл угаас байсан шүү дээ. Үүнийг зураглалаар илэрхийлж үзүүлсэн болов уу?
ХАНГАЙ: Их хэмжээгээр байхгүй. Гэхдээ бүтэн нэг том сцен бий. Онцгой байдлын албан хаагчид айлуудаар явж тусгаарлаж буй хэсгийг, яг л хол байх тусмаа жижигхэн харагддаг гэдэг шиг, өндөр овоон дээр гарч маш урт дурангаар татаж авсан. Боломжтой байсан бол, уг сценийг тусгай дуран ашиглаад, миниатюр шиг, жижигхэн тоглоом шиг болгож авах хүсэл байсан. Эффект нь гоё болохоор биш, бид тухайн үед үнэхээр л миниатюр шиг хэн нэгний шийдвэрээр л орж гарч, босож сууж байсан шүү дээ.
FRAME: Цар тахлын үеийн дурсамж хүмүүсийн дотор тод хэвээрээ байгаа шүү дээ. Дурсамж нь ийм тод байгаа цаг үеийг зураглахад хэцүү байсан болов уу?
ХАНГАЙ: Бид зураг авах сумаа хайж байхдаа нутгийн хүмүүсээс цар тахлын үеэр болсон олон онигоо, хөгтэй явдлуудыг сонссон л доо. Энэ өвчин яаж халддаг, яаж эмчлэгддэгийгг хүмүүс хараахан ойлгоогүй байх үед их инээдтэй, сонин үйл явдлууд тохиолдож байсан юм билээ. Нутгийн хүмүүс ч тэдгээр явдлуудыг маш сайн санаж байсан. Гэхдээ бид ёжлол, хошигнолынх нь тунг тааруулаад л ажилласан.

FRAME: Орчин үед цахим орчин гэлтгүй, кино хүртэл хэтэрхий өөгүй, цэвэрхэн дүрс, зураглалтай болчихсон шүү дээ. “Зогсоол” киноны хувьд тийм өөгүй, цэвэрхэн, төгс байлгах гэж хичээгээгүй санагдсан.
ХАНГАЙ: Тийм. Үзэсгэлэнтэй биш, зөв зураг авалт хийхийг хичээсэн. Маш гоё харагдацтай кадр буруу кадр болж болдог, хачин сонин харагдацтай кадр зөв кадр ч болж болдог. Хийх гэж байгаа зүйлдээ аль нь тохирох вэ гэдгийг бодох ёстой. Зураглаач мэдрэмжээ дагаад нэг төлөвлөөгүй үйлдэл хийхэд төгс биш ч гэлээ маш зөв кадр гарах тохиолдол бий. Үзэгчийн нүд рүү биш, тархи руу, зүрх рүү орох кадр ч гарах боломжтой. “Зогсоол”-ын зураг авалтын үеэр машины цонхны ойлтонд гэрлийн силк салхинд дэрвэж байгаа дүрс тусаад орчихсон байсан. Би шууд л энэ дүрсийг дахиад авъя гэсэн. Гэтэл Бямба ах “Үгүй ээ, энэ чинь кино л болсон хойно хэн нэгэн гэрэл тавьсан л байж таараа ш дээ.” гэж хэлсэн. Тэр цагаас хойш энэ үгийг их ашиглацгаадаг болсон доо (инээв). Жишээ нь, Уэс Андерсоны кинонууд хэчнээн төгс тэгш хэмтэй, урагшаа хойшоо, эсвэл баруун зүүн тийш гэсэн долли камерын хөдөлгөөнтэй ч гэсэн доллигийнхоо замыг зориуд бохир алчуураар арчиж, төгс биш болгодог. Ингэснээр долли камерын зураглаачийг хүн түрж буйг ил тод мэдрүүлдэг. “Энэ бол кино шүү” гэх мэдрэмжийг тодорхой хэмжээнд өгдөг гэсэн үг юм. Харин Дэвид Финчер бүх зүйл хүний оролцоогүй мэт, ямар нэг сүнс л зураг авалтыг нь хийгээд байгаа мэт мэдрэмж төрүүлэхийг чухалчилдаг. “Зогсоол” киноны хувьд “Энэ бол кино шүү” гэдгийг илтгэх мөчүүдийг зориудаар хичээж бүтээгээгүй ч санамсаргүй тохиоход нь маш их баярласан. “Азтай алдаа” гэх үү дээ.
FRAME: Энэ киноны үеэр зураглаачийн хувьд суралцсан хамгийн том хичээл нь юу байсан бэ?
ХАНГАЙ: Хэтэрхий их бэлтгэл ажил гэж хэзээ ч байдаггүй гэдгийг маш сайн ойлгосон. Ийм төрлийн зураг авалт иймэрхүү л байдаг даа гээд бэлдэхгүй сууж болохгүй. Маш сайн бэлдэж гэмээнэ л дээр дурдсан “азтай алдаа” тохиох магадлал их болдог. Жүжигчдийн хувьд ч ялгаагүй, импровизаци хийгээд маш сайн сцен бүтээсэн тохиолдлууд бий. Гэхдээ зүгээр л авьяастай болохоор биш, харин маш их бэлдсэний эцэст сайн импровизаци гаргадаг. Ерөнхий зураглаач хүн зураг авалтын талд нь асуудал шийдэж, талд нь урлагаа хийдэг. Тиймээс ямар ч асуудал гарч ирэхэд бэлэн байхын тулд маш их бэлдэх шаардлагатай.

FRAME: “Зогсоол” киноны зураг авалтаас сэтгэлд үлдсэн мөч, үйл явдал бий юу?
ХАНГАЙ: Хөнгөхөн жишээ гэвэл, Бямба найруулагч маань өөрөө олонхийн хэсэгт орсон. Асар их шуургатай, шөнийн зураг авалт л даа. Комиссоос хүн ирчихсэн, хүмүүс хөл толгой нь олдохгүй бужигнаж буй сцен. Бямба ах миний мөрөн дээр толгойгоо тавиад, камер луу их удаан харж, хоосон зайг нь ажиглаж байгаад кадр луу гүйж орсон юм. Тэгээд монитор луугаа хартал Бямба ах яг миний кадрын заагийн шугаман дээр, кадраас гадуур наашаа цаашаа гүйгээд л байсан. Шууд орилоод хэлчихмээр байсан ч бүтэн нэг кадр Бямбаа ахыг гүйлгэчихсэн. Тэгээд буцаж ирээд “За, яасан? Орсон уу?” гээд л асуугаад. Дүрсээ сэргээгээд үзүүлтэл кадрын зааг дээр л тоос бужигнуулаад баахан гүйчихсэн байсан (инээв).
FRAME: Эцсийн хувилбарт байхгүй гэсэн үг шүү дээ?
ХАНГАЙ: Тийм. Аагий ах маань бас адилхан. Тэр кадрын дотор нэг ариутгалын сцен байдаг юм. Хөл толгой нь олдохгүй бужигнасан сцен. Аагий ах “Би цагдаагийн эргүүлийн машин унаад, кадрын цаагуур дохиогоо асаагаад сүлжээд яваад байя.” гэсэн. Би ч зөвшөөрсөн, кадрт их хэрэгтэй байсан юм л даа.
FRAME: Их дурсамжтай үзэгдлүүд болох байсан байна шүү дээ.
ХАНГАЙ: Тийм. Бямба ах, Аагий ах, продюсер Ариунаа эгч, зургийн дарга Амармэнд ах, ер нь кино баг тэр чигтээ нэг сценд орсон юм. Энэ сценийг хамгийн олон удаа давтаж авсан. Бараг гучаад удаа давтсан байх шүү. Сум даяараа вакцин хийлгэж буй хэсэг. Камер хөл дээрээ 270 градус панорам эргэдэг юм л даа. Бямба ах өөрөө зөнгөөрөө л камер руу харчхаад байсан. Бямба ах тэндээ өөрөө жижиг сцен зохиож, хүмүүстэйгээ яриад өрнүүлээд л, гэтэл Амармэнд ах камер луу харахгүйг хичээж хичээж байгаад, Бямба ахын ярианд ороод анхаарал нь сарнингуут нүд нь бас л камер луу гүйчхээд байсан. Тэгээд л гучаад удаа давтаж авсан даа.
FRAME: Киноны жүжигчдийн бүрэлдэхүүн нь өөр өөр насны, өөр өөр түвшний туршлагатай жүжигчдээс бүтсэн шүү дээ. Ийм үед зураглаачийн хувьд ажиллахад ямар байсан бэ?
ХАНГАЙ: Продюсер Ариунаа эгч маань зураг авалтаас өмнө кино багийг бүрэн бүрэлдэхүүнээрээ уулзаж, ярилцах боломжийг бүрдүүлдэг, дулаахан уур амьсгалыг үүсгэж өгдөг продюсер л дээ. Тэр уулзалтын үеэр Ц.Төмөрбаатар гуай “Би бүгдээс нь ахмад хүн ч гэлээ намайг битгий хэт хүндэлж харьцаарай. Яг л найзууд шиг байцгаая. Болохгүй зүйл байвал шууд хэлээрэй, харин хэлэхгүй бол гомдоно шүү.” гэж хэлж, нүүр хагарч, чөлөөтэй харьцах боломжийг өөрөө нээж өгч байсан. Энэ мэтчилэн залуу, ахмад гэлтгүй бүгд л их энгийн, сайхан харилцаж ажилласан.
FRAME: “Зогсоол” киноны тухай зураглаачийн зүгээс үзэгчдэд хэлэх зүйл бий юу?
ХАНГАЙ: "Зогсоол" бол сайн хийхийг зорьсон, энгийн кино. Бямба найруулагчийн кино гээд асар их лавшруулж бодолгүйгээр, ойлгох болов уу гэж хаширлалгүйгээр, зүгээр л гоё мэдэрч үзээсэй гэж хүсэж байна. Кино хийж байх үедээ "Цар тахал биднээс маш их зүйлийг аваад одсон мэт боловч тэрхүү цаг үеийг бид яаж өөрсдөдөө өгөөжтэй өнгөрөөж болох байсан бэ?" гэж их бодсон. “Одоо дахиад хөл хорио тогтвол ингэнэ, тэгнэ” гэж хүмүүс ярих нь бий. Гэхдээ яагаад одоо хийж болохгүй гэж? Юу хүсэж буйгаа ойлгох цаг хугацааны тухай кино л гэж хэлмээр байна.
FRAME: Ярилцлагын бүх зочдоосоо асуудаг юм л даа. Бергман Тарковскийн тухай “Миний түлхүүрийг нь атгачхаад орж чаддаггүй өрөөн дотуур Тарковский дураараа холхиж байдаг” гэж хэлсэн байдаг. Таны орохыг хүсдэг өрөөн дотуур дураараа холхидог зураглаач хэн бэ?
ХАНГАЙ: Рожер Дикинс. Өөрийн гэсэн арга барилыг тунхаглах гэхээсээ илүү тухайн кинондоо л өөрийгөө бүрэн зориулдаг зураглаач. Зураглалыг нь дангаар нь бахдах биш, киноных нь үйл явдлыг гүн гүнзгий мэдрэх боломжийг бүрдүүлдэг зураглаач гэж боддог. Жишээ нь, "James Bond" франчайзын сүүлийн гурван кинонд ("Skyfall", "Spectre", "No Time to Die") Рожер Дикинс, Хойте ван Хойтема, Линус Сандгрен гээд өнөө цагийн гурван шилдэг зураглаач ажилласан. Энэ дундаа Рожер Дикинсийн ерөнхий зураглаачаар нь ажилласан “Skyfall” бол гял цал юмгүй хэр нь ээ хамгийн натурал, бодит зураглалтай нь байдаг.

Бичсэн: