
Монгол үзэгчдийг хэн ч хайрцаглаагүй
Энэхүү ярилцлагыг 2020 онд хийсэн ч анх нийтэлж байсан платформ нь устсан тул дахин сэргээн байршуулж байна. 2020 оны Улаанбаатар олон улсын кино наадмын нээлтийн кино болон монгол уралдаант хэсэг одоо ч дурсагдахуйц, чанартай хэвээр байгаа учраас наадмын дараа Ж.Жамъянсүрэн, Ж.Сэнгэдорж найруулагчидтай хийсэн уг ярилцлагыг хадгалж үлдэхийг зорилоо.
Н.Өнөржаргал: Юуны өмнө “Улаанбаатар” олон улсын кино наадмын “Хангарьд” шагналыг хүртсэнд баяр хүргэе. 2020 оны “Улаанбаатар” кино наадам та хоёрт ямар сэтгэгдэл үлдээв?
Ж.Жамъянсүрэн: Миний хувьд “Улаанбаатар” кино наадамд анх удаа оролцлоо. Улаанбаатараар маань овоглосон олон улсын кино урлагийн наадам их өргөн цар хүрээтэй, кино урлагийнхан гэлтгүй кино сонирхогч бүхий л хүнд хүртээмжтэй байсан нь гайхалтай. Мөн дүүтэйгээ хамт оролцож, уран бүтээлүүдээ өрсөлдүүлж, хоёулаа шалгарсан нь миний амьдралд тохиосон хамгийн том завшаан байлаа.
Ж.Сэнгэдорж: Мэдээж гайхалтай сайхан байна. “Улаанбаатар” кино наадам жил ирэх тусам чангарч байгаа. 12 жил дараалан зохиогдсон гэдэг нь дэлхийн хэмжээнд дээгүүр үнэлэгдэх үзүүлэлт. Би олон улсын нэлээн хэдэн кино наадамд оролцож үзсэн, ер нь 10-аас дээш гараад ирэхээрээ дэлхийн хэмжээнд өндрөөр үнэлэгдэж, оролцож байгаа уран бүтээлүүдийн чанар чансаа өндөрсөж эхэлдэг юм билээ. Тэр ч утгаараа энэ наадамд “Гэргий” киногоороо оролцсон минь шилдэг гурвын нэгээр тодорсонд баяртай байгаа. Ахтайгаа болон Отгонзориг найруулагчийн “The Womаn” кинотой өрсөлдөн, ах маань шилдгийн шилдгийг авч, үнэхээр гайхалтай сайхан болж өндөрлөлөө.
Энэ жилийн наадмын монгол уралдаант хэсгийн кинонууд дунд арилжааны кино бараг л байгаагүй гэхэд болно. “Арт киног бэлтгэгдсэн үзэгчид л ойлгодог, илүү мэдэрдэг” гэж ярих нь бий. Кино урлагт бэлтгэгдсэн үзэгч гэж үнэхээр байдаг уу?
Ж.Сэнгэдорж: Ер нь үзэгч гэдэг хамгийн чухал. Гадаадын кино наадмыг ажаад байхад үзэгчид нь тухайн киноныхоо чиглэл, жанр бүх зүйлийг мэдэрчихсэн байдаг. Нийгмийн шилжилт бүхий өнгөрсөн 30-аад жилд манай салбарынхан маш олон үзэгчээ алдсан. Одоо эргээд сэргэж байна. Нэг хэсэг бол юун арт кино мантай л байсан. Бүгд л цэвэр арилжааны киноны хойноос явцгааж, үзэгчдийнхээ араас гүйлдэж, кино хийцгээж байсан бол одоо үеийн үзэгчид аажмаар боловсорч, үзэгчдийн соёл, сэтгэхүй хөгжиж байна. Энэ удаагийн наадамд оролцсон, арт чиглэлийн Жамъяа ахын “Хөхөө”, Бямбаа ахын “Хэвтрийн хүн”, Отгонзоригийн “Эмэгтэй” бүтээлүүдийг үзэгчид ойлгож, мэдэрч байгааг харах сайн байлаа. Миний өмнөх бүтээлүүд илүү арилжааны талдаа. Урьд жилүүдэд кино наадамд илүү арилжааны маягийн уран бүтээлүүд өрсөлддөг байсан бол энэ жил арт кино түлхүү өрсөлдлөө. Уран бүтээлчдийн маань хандлага, харах өнцөг, ур чадвар өөрчлөгджээ.
Ж.Жамъянсүрэн: Кино бол хүний тархинд шууд очиж байгаа хэвлэл мэдээллийн маш том хэрэгсэл, энэ утгаараа уран бүтээлчид хүн төрөлхтний өмнө маш том хариуцлага хүлээж байгаа юм. Би бол хариуцлага гэдгийг ингэж харж байна гээд шууд хүчирхийлэл юм уу, эсвэл ямар ч гоо зүйгүй зүйл үзүүлж болохгүй. Бид бүтээл туурвилаараа үр хойч, өсөж өндийж буй хүүхэд залуусыг бэлтгэж байгаа. Энэ хариуцлагыг уран бүтээлчид санаж явах учиртай. Өөртөө цензур тавьж, би ямар бүтээлийг, юуны төлөө хийх гэж байгаа юм, энэ урлагийн индэрийг ашиглаад би хойч үедээ юу хэлэх вэ гэдгээ хариуцлагатайгаар бодож, сэдэв, санаагаа маш болгоомжтой бэлтгэх хэрэгтэй болов уу. Мэдээж тухайн урлагийг үзэхийн тулд үзэгч, ард түмэн бэлтгэгдэнэ. Энэ салбарт хүсэж дурлаад орж болно, гэхдээ эргээд хариуцлагаа хүлээх чадвартай байх хэрэгтэй.
Аливаа уран бүтээлийн чанарыг хамгийн сайн шүүдэг зүйл бол цаг хугацаа. Та хоёрынхоор ямар кино хамгийн удаан амьдардаг вэ, ямар шинжийг агуулсан кинонууд хэдэн арван жил өнгөрсөн ч үзэгдсээр байдаг юм бол?
Ж.Жамъянсүрэн: Уран бүтээлийн цар хүрээ гэж байна. Тэр нь юу вэ гэвэл зөвхөн нэг нийгмийн асуудлаар кино хийх, Монгол үндэстний асуудлаар кино хийх эсвэл хүн төрөлхтний асуудлаар кино хийх гэх мэт. Хүн төрөлхтний асуудлаар кино хийсэн нь классик болоод байгаа юм. Ийм кино хил хязгаар, соёл иргэншил хамаарахгүйгээр шалгарч үлдээд байгаа хэрэг. Тэрнээс өнөөгийн Монголын нийгмийн тухай юм уу, Оросын нийгмийн тухай хийхэд маргааш тэр асуудал, нийгэм алга боллоо гэж бодоход тухайн кино дагаад онц хүртээлгүй болно. Хийц, уран бүтээлийн хэлбэр нь алга болоод мөн чанар нь л үлддэг. Хэр том цар хүрээнд сэтгэж, амьдрах вэ гэдэг тухайн уран бүтээлчийн асуудал юм. Ж.Сэнгэдорж: Жамъяа ах ер нь л хэлчихлээ. Нэмж хэлэхэд, кино бол цаг хугацаанд үнэлэгддэг урлаг. Өнөөдөр хийсэн кино зуун жилийн дараа үзэгдэж байвал үнэлэгдэж л байгаагийн илрэл.
“Гэргий”, “Хөхөө” гээд хоёр кино хоёулаа эмэгтэй дүрийг тойрч өрнөсөн үйл явдалтай байлаа. Гол дүрийг эрэгтэй хүнээр орлуулж болохооргүй байсан. Гэхдээ дүрээ хүн талаас нь сайтар судалсан боловч эмэгтэй хүн талаас нь сэтгэлзүйг нь тийм ч их задлаагүй санагдсан. Тэр тохиолдолд яагаад заавал ээж болон эхнэр хүнийг гол дүрээ болгож барьж авсан бэ гэдэг асуулт үүсэж байна.
Ж.Жамъянсүрэн: “Хөхөө” бол Валентин Григорьевич Распутины зохиолоос сэдэвлэсэн кино. Миний кинонд зохиолчийн амин сүнс, хэлэх гэсэн санаа, драматург явж байгаа. Хэний ч тойрч гарч чадахгүй амьдралын төгсгөл буюу үхлийн тухай ярихад хүний мөн чанарын асуудлууд үргэлж сөхөгддөг учраас кино болгон хийсэн. Би эмэгтэй хүн талаас нь сайн гаргаж чадаагүй байх гэж бодож байна. Тэр тал дээр учир дутагдалтай, алдсан, дутуу ажилласан юм их бий. Миний киноны алдааг чи олоод хэлчих шиг боллоо.
Бидний хэдэн үзэгчид “Хөхөө”-гийн ээжийн оронд аав хүн байсан бол яах байсан бол гэж их ярилцсан. Аав хүн байсан бол тийм зүйл хийх байсан уу гээд бодоход ээж л учраас ингэж байгаа юм байна даа гэж санагдах зүйл их байсан. Тийм болохоор надад ээж хүний мөн чанарыг хүчтэй гаргаж ирсэн юм болов уу гэж бодогдож байлаа. “Гэргий”-н тухайд гэвэл, эмэгтэй хүний хамгийн нандин сэтгэл хөдлөлүүдийг их нямбай гаргасан шиг санагдсан.
Ж.Сэнгэдорж: Захиалгаар хийсэн бүтээл л дээ. МҮОНТ-ээс хавдрын эсрэг аяны хүрээнд манайхтай хамтран ажиллаач хэмээн надад хандсан. Хавдрын өвчлөл Монголд арай дэндлээ, энэ тал дээр зүгээр нэг дуугараад өнгөрөхгүйгээр, маш сайн кино хийж өгөөч гэсэн юм. Хүсэлтийн дагуу бид хавдрыг судлан, Хавдар судлалын эмнэлэг дээр маш олон хоног судалгаа хийж явсан. Энэ аймшигтай зүйлийг би шууд кино болгон хийхээр, гашууныг гашуунаар нь үзүүлэх хэцүү байдаг. Би яаж энэ зовлонг илүү өөр өнцгөөс харуулах вэ гэж бодсоны үндсэн дээр эхнэр буюу гэргийг гол дүр дээр дөвийлгөн барьж, дотоод ертөнц рүү нь орохыг хичээсэн. Бид энэ цаг хугацаанд ганцхан амьдрахгүй, бид гурван цагийн хэмжээст амьдардаг. Үзэгчдийг бодоосой, ойлгож үзээсэй гэдэг талаас нь гурван цаг дотор нь дүрслэлийн элемэнтээр илэрхийлэн гаргахыг хичээсэн. Илүү уран сайхны, дүрслэлийн аргаар илэрхийлж үзүүлэхийг хичээсэн. Тэр нь уран бүтээл сонирхдог, уран бүтээлийг дотроос нь харахыг хичээдэг хүмүүст илүү их ойртсон юм болов уу.
Найруулагч бүрд жүжигчидтэйгээ харилцах арга барил байдаг байх. Та хоёрын хувьд жүжигчидтэйгээ ямар арга барилаар харилцдаг вэ? Хэр хатуу найруулагчид вэ?
Ж.Сэнгэдорж: Би жүжигчидтэйгээ их л эвтэйхэн харьцдаг шүү дээ (Инээлдэв).
Ж.Жамъянсүрэн: Чи яаж ингэж хэлж чадав аа?
Ж.Сэнгэдорж: Ер нь бол киноны жүжигчид их азтай. Монгол даяар хайж, тухайн дүртэйгээ 70 хувь таарсан жүжигчнийг олохыг эрмэлздэг. Тэгээд үлдсэн 30 хувь дээр нь ажилладаг. Энэ утгаараа жүжигчдэд илүү дөхөм байдаг. Тэрнээс театрын жүжигчид шиг 40, 50 жүжигчний дунд дүр босгож ир гэхгүй шүү дээ. Жүжигчний сонгон шалгаруулалт ийм маягтай байдаг. Гаднах төрх нь таараад, жүжиглэлт нь болдоггүй жүжигчдийг алийг тэр гэх вэ. Угаасаа л аливаа зүйл тэгш заяана гэж байхгүй шүү дээ. Мэдээж орилж хашхирах хэрэг гарна. Гэхдээ бэлтгэл ажлаа сайн хийсэн байхад зургийн талбай дээр хашхираад байх хэрэг гарахгүй л дээ. Наана нь групптэйгээ ажиллаагүй, цаасан дээр суугаагүй байж, гэв гэнэт талбай дээр гарч ирээд юм шаардаад байна гэдэг чинь найруулагч өөрөө дутуу л байна гэсэн үг. Хүмүүс хуучны найруулагчдын дагуу муухай чанга орилж байвал тэр сайн найруулагч гэдэг байсан. Урьд нь ер нь хагас диктатур байлаа шүү дээ. Одоо бол ойлголцохыг илүүд үздэг болсон.
Ж.Жамъясүрэн: Ер нь бол жүжигчин, оператор, зураач, хөгжмийн зохиолч бол найруулагчийн зүгээс хэлэх гэсэн санаа, хийх гэж буй бүтээлээ боловсруулахад хэрэглэх зэвсэг юм. Жүжигчин бол миний ажил хийх багаж, зэвсэг, гар минь. Түүнийг гэмтээхгүй, мохоохгүй байж кино бүтээлээ хийнэ шүү дээ. Хүн өөрийнхөө гарт ямар их хайртай байдаг билээ дээ. Хоол хийж байна гээд гараа хэрчээд байдаггүй биз дээ. Гараа хайрлана, миний эд эс учраас. Тэгэхээр тухайн жүжигчнийг бол би нүдний цөцгий шигээ хайрлаж тоглуулдаг. Би өөрийнхөө зэвсэгт хэзээ ч хатуу хандахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр оператор бол миний нүд, жүжигчин бол дотоод сэтгэлийн минь биелэл. Тийм учраас тэр хүнийг би хайрлахгүй байж болохгүй. Зэвсэг гэж хэлэхэд хүйтэн сонсогдоод байгаа бол эд эс гэе.
Ж.Сэнгэдорж: Гэхдээ тэр жүжигчин бас хайр даах хэрэгтэй.
Ж.Жамъясүрэн: Яг зөв. Тийм байх ёстой.
Зураг авалтын талбай дээр зохиол дээр төлөвлөгдөөгүй, тухайн үеийн гэнэтийн үйлдэл, сэтгэл хөдлөлөөр орж байсан хэсгүүд хэр их байдаг вэ?
Ж.Жамъянсүрэн: Байгаа байгаа. Жишээ нь, “Хөхөө” дээр бол улс төрийн яриа болж байх үед толгойн дээр нь алгаддаг. Энэ бол төлөвлөгдөөгүй тоглолт, импровизаци л даа. Энэ юу вэ гэхээр, тухайн нийгмийг мөлжиж, луйвардаж амьдарч байгаа хэсгийг шүүмжилсэн сцений ерөнхий агуулга явж байсан. Тэр импровизаци цаашаа үргэлжлээд, үйлдэл болохдоо паразит буюу шимэгч байдлаар ахынхаа толгойг алгаддаг. Яаж байна аа гэсэн, шумуул байна гэдэг. Зэвүүцсэнийх нь илрэл үйлдлээр дамжиж гарч байгаа явдал. Жүжигчний аягүй том ажил байгаа юм. Хэрэв үнэхээр сэтгэлд хүрээд, найруулагчийн хэлсэн гэсэн тракторик, хэлэх гэсэн санаа бүрэн ороод ирж байгаа бол оруулахаас өөр аргагүй тохиолдлууд байна.
Ж.Сэнгэдорж: Манай продюсерууд намайг сайн мэднэ л дээ. Манайхан тийм хэсгүүдийг “зүүдлэх” гэдэг юм. “Найруулагч зүүдэлчихлээ” гэцгээнэ. Үнэхээр зургийн талбай дээр орж ирээд, яг тэр хэсгийг ингэчихвэл л үнэхээр гоц болох гээд байгаа юм шиг санагдах үе бий. Тэр болгоныг маань продюсер хүлээн зөвшөөрнө гэдэг бас хэцүү. Учир нь кино гэдэг мөнгөнөөс хамааралтай зүйл шүү дээ. Төвөгтэй нь, миний тиймэрхүү гэнэтийн шийдлүүд том байж таараад байдаг, шоронгоос 300 хоригдлыг гаргаж зураг авна ч гэдэг юм уу, эсвэл сүүгээр бороо оруулна ч гэдэг юм уу, цастай тал дээр Анхмааг ваннанд нүцгэн зогсооно ч гэдэг юм уу. Иймэрхүү зүйлс гэнэт орж ирэхэд продюсерт амаргүй. Урьд нь бүх юмаа төлөвлөөд цаасан дээр гаргачихсан байхад өөр юм гараад ирэхээр санхүүгийн асуудал хөндөгдөнө.
Федерико Феллини Италийн гудманд “Аз жаргалтай амьдрал”-ын зураг авалтыг хийх гээд тэр гудмынх нь декорацыг босгох болсон чинь продюсер нь зөвшөөрөөгүй. Төлөвлөөгүй нүсэр том ажил гараад ирж байгаа хэрэг. Тэгтэл Феллини энийг авахгүй бол энэ кино гарахгүй гэж хэлээд зураг авалтаа зогсоож байсан байгаа юм. Тэгэнгүүт продюсер нь чи тэгвэл киноноос олох ашгийн хувиасаа татгалз гэж. Феллини зөвшөөрөөд тэр хэсгийг авсан байдаг. Найруулагч хүн гэдэг ингэж өөрөө өөрийгөө хүртэл золиосолж чаддаг. Тэгээд тэр кино нь үнэхээр гайхалтай кино болоод, асар их ашиг олсон. Найруулагч нь хувь аваагүй. Продюсер нь түүнд ганц алтан цаг өгөөд дууссан гэдэг. Энэ мэтчилэн уран бүтээлч хүн нэгэнт л тухайн сценийг дотроо харчихсан бол тэрийгээ авахаас нааш нойр хүрэхгүй болтлоо зүрх сэтгэлээ зориулдаг. Хүний нүдэнд бол их хөнгөн харагддаг ч түүний ард ямар эрсдэлүүд дагалдаж явдаг вэ гэдэг нь харагдаж байгаа юм. Тиймэрхүү зүйлс мэдээж байна, хөгжилтэй нь ч байна, хөгийн ч юмнууд байна.
Netflix, Hulu гэх мэт платформууд хөгжиж, сүүлийн үед хүмүүс гэрээсээ нөүтбүүкээрээ, гар утсаараа кино үзэх нөхцөл нь бүрдчихсэн байна. Тэгэхээр том дэлгэцээр кино үзэхийн үнэ цэнийн тухай, кино театрын мэдрэмжийн тухай өөрсдийн бодлоо хуваалцвал?
Ж.Жамъянсүрэн: Кино театрт үзэж байж л кино үзсэн юм шиг болдог. Гэртээ том зурагт, home theatre тавиад үзэж болно л доо. Гэхдээ кино театрт хүмүүстэй цуг суугаад кино үзэх нь илүү хүчтэй сэтгэгдэл төрүүлээд байх шиг санагддаг. Миний ойлгохгүй зүйлийн төлөө энд нэг хүн сонин байдалд ороод байхад, би юуг ойлгохгүй өнгөрөөчхөв гэж бодогдож, надад ахин дахин үзэх сэдэл төрүүлж байгаа юм. Миний инээхээргүй юманд хэн нэгэн инээгээд байхад би яг юуг өнгөрөөв гэх мэт. 400 үзэгч гэдэг чинь 400 өөр өнцөг байхгүй юу. Дуу дүрсний хувьд ч кино театрт үзэх нь илүү. Мөн чанар нь кино театрт илүү мэдрэгдэх байх. Зурагтаар үзэхэд тэр тал дээр дутмаг шүү дээ.
Ж.Сэнгэдорж: Утсаар болон телевизээр үзэх бол ижил зүйл л дээ. Дэлхий цааш хаашаа явахыг бид мэдэхгүй. Дижитал технологи ямар айхавтар хурдтайгаар хөгжиж байна вэ? Ирээдүйгээс ирсэн үйл явдалтай, дээр үеийн кинонууд одоо үзэхэд бол инээд хүрмээр боллоо шүү дээ. Хүмүүс яагаад киног кино театрт очиж үзэх ёстой юм бэ гээд асуугаад байдаг л даа. Би өөрийн “Гэргий” киногоор жишээ татахад, энэ кино бол үнэхээр том дэлгэцэнд зориулж хийсэн бүтээл юм. Том дэлгэцэнд зориулагдсан бүтээл гэдэг тусдаа зүйл. План, дуу, жүжигчний тоглолт, өнцөг, шийдэл гээд л өөр байдаг байхгүй юу. Телевизийн болон дэлгэцийн кино гэдгийг нэг түвшинд авч үзэж таарахгүй. Гэрэл тавилт, дүрслэлийн элемэнтүүдийг найруулагчийн дотоод гайхалтай мэдрэмжээр шийддэг. Энэ их хурдтай хөгжил дунд кино үзвэр цаашдаа яахыг үнэхээр хэлж мэдэхгүй юм.
Та хоёрын хувьд кино шүүмжид яаж ханддаг вэ?
Ж.Жамъянсүрэн: Хэрвээ миний киног шүүмжилж л байгаа бол эерэг ч бай, сөрөг ч бай, болж байна гэж үзнэ. Харин шүүмжлэхгүй байвал юу ч байхгүй байна гэсэн үг. Шүүмжлэгчийн санаанд очиж торж, ямар нэг үг дуугарахад хүргэж байна гэдэг бол энэ кино бүтээлийн амсраас зуурч чаджээ гэсэн үг. Яригдаж л байвал сайн. Шүүмж маш том зүйлийг илтгэж байдаг. Эерэг болон сөрөг шүүмжийн аль нь илүү хүрдэг вэ гэхээр сөрөг шүүмж нь дараа дараагийн уран бүтээлд ингэж болохгүй гэсэн санамж болж байдаг учраас уран бүтээлчид илүү хөгжих боломжийг олгож байдаг.
Ж.Сэнгэдорж: Жамъяа ах бүгдийг нь л хэлчихлээ. Манайд бол мэргэжлийн шүүмжлэгчид гэхээс илүү сэтгэгдэл бичигчид их болчхоод байгаа. Тэднийг ард түмэн кино шүүмжлэгч гэж хараад байдаг. Гэтэл кино шүүмжлэгч гэдэг бол өөрөө маш том хариуцлага үүрч байдаг хүн юм. Яагаад гэвэл кино өөрөө нийлмэл урлаг. Тэнд хөгжим, драм, уран зураг гээд бүх зүйл орсон байдаг. Тэгэхээр тэр болгоныг мэдэрдэг хүн байж л кино шүүмжлэгч болж таарах юм. Асар их мэдрэмжтэй, мэдлэгтэй хүн байж кино шүүмжилдэг. Мэргэжлийн шүүмжлэгчдийг гаргаж ирэх хэрэгтэй байгаа юм. Тодорхой тооны чанартай, мэргэжлийн кино шүүмжлэгчдийг тодруулах хэрэгтэй. Тэгэхгүй зах замбараагүй яваад байгаа нь хор хөнөөлтэй юм гэж би харж байна. Зах зээлийн талаас харвал, бид чөлөөт зах зээлтэй, ардчилсан нийгэмд амьдарч байгаа. Магадгүй тухайн хүн юу хийнэ үү, хамаагүй. Гэхдээ уран бүтээлч хүн хариуцлага хүлээх ёстой.
Ж.Жамъянсүрэн: Гэхдээ юу гээч? Хуучин социалист нийгэмд хянан шалгах хороо буюу цензур гэж байсан. Социалист нийгмийн бодлогоос хараат хэлбэрээр ажилладаг байсан. Ямар киног гаргах вэ, ямар киног кино гэж үзэх вэ, нөгөө талаасаа бүтээл болж чадаж уу гэж шинжилдэг байсан. Цензур тогтоодог байсан байгууллагын орон зай байгалийнхаа хуулиар гарч ирж байна л даа. Орон байраа барьцаанд тавиад нэг нөхөр кино хийлээ, гэтэл маргааш нь нэг сэтгэгдэл бичигч ийм юм байдаггүй юмаа гээд сөрөг шүүмж бичлээ. Үүнээс болж кино нь уналтад орж тухайн уран бүтээлч хохиролд орно. Энэ нь нэг талаас дахин босож ирэх үү, үгүй юу гэсэн маш том сургамж болно. Нөгөө талаас надад авьяас байна уу, үгүй юу гэдгээ тунгаах орон зайг өгч байгаа юм. Хэрэв тэр хүнд үнэхээр тэмцэгч чанар байх юм бол, авьяас нь хатгаад байгаа бол алдаагаа засаад урагшаа явна. Тэгэхгүй өөр ажил хийгээд явчихвал энэ бол зах зээлийн нийгмийн өөрийнх нь гаргаж ирж байгаа цензурын орон зай юм. Тиймээс харгис юм шиг хэр нь зөв юм шиг санагдлаа л даа, надад. Хамаа байхгүй бич, хэн дуртай нь бичих тийм нийгэм юм чинь. Тэгээд тэр бүтээлүүд байгалийн хуулиараа шүүгдээд явах юм байна. Тэгэхгүй бол дуртай нь кино хийгээд, түүхээ гуйвуулаад байна. Монголын кино урлаг яагаад унасан талаар Б.Лхагвасүрэн гуай “Сонирхогчид нь тайзан дээр гарч ирээд, мэргэжлийнх нь үзэгчийн суудалд суучихлаа” гэж хэлсэн байдаг. Уран бүтээлч болж гарч ирнэ гэдэг бол маш өндөр хариуцлага. Хэн дуртай нь кино хийнэ гэдэг бүр аймаар. Сайн хүн, зөв төлөвшсөн хүн байж л сая хүний тухай уран бүтээл туурвина. Хар бараанаар дүүрчихсэн аюултай амьтны дотроос ямар үлгэр дуурайлтай бүтээл гарах вэ? Тиймээс урлагт “Эхлээд хүн бай” гэж ярьдаг нь бас их учиртай үг юм.
Ж.Сэнгэдорж: Тэр боловсролын систем рүү зүгээр эргээд нэг ярихад...Одоо бүр хоёулаа боловсрол ярилаа (инээв). Боловсон хүчний тал дээр кино найруулагчийн сургуулиуд маань асар сул байна. Уг нь энэ найруулагч гэдэг мэргэжлийг яг л нөгөө эмч нартай адил сургах ёстой юм. Манайхан бол дөнгөж 10-р анги төгссөн хүүхдийг найруулагч болгоно гээд л, өөрсдөө ч бас найруулагч болно гээд давхиад байдаг. Учраа олохгүй 16, 17 настай хүүхэд 21-тэйдээ найруулагч болоод гарч байгаа байхгүй юу. Энэ чинь маш аймшигтай юм. Анагаахад бол зургаан жил сурдаг, үргэлжлүүлээд сувилагчаар бас баг, хорооны эмчээр ажиллаж суралцдаг. Энийг л нарийн мэргэжил гээд байгаа юм. Үүнтэй адил мэргэжлийн урлаг гэдэг мэргэжлийн л урлаг байх ёстой. Тэгэхээр найруулагчийн мэргэжлийг бол дөрөвхөн жил сураад эзэмшчихнэ гэдэг нь утгагүй зүйл. Уг нь бакалаврын зэрэгтэй хүн найруулагчаар сурвал арай учиртай юм. Найруулагч гэдэг өөрөө амьдрал судлал шүү дээ. Амьдрал мэдэхгүй хүн хэзээ ч кино хийхгүй. Нас нь явах тусмаа илүү мундаг болдог найруулагчид байдаг шүү дээ. Дэлхийн алдартай найруулагчид ихэнхдээ 50 гарч байж л мундаг болсон байдаг. Тэд нар амьдрал үзэж байж сайн кино хийгээд байгаа юм.
Сайн урлагийн бүтээл үзэгч, сонирхогчдодоо асуулт тавьж, эргэлзүүлж чаддаг байх ёстой гэдэг. Та хоёрын хувьд Монголын кино урлаг асуулт тавьж чадах түвшинд байх юм уу?
Ж.Жамъянсүрэн: Кино урлаг ерөнхийдөө хуулбараар дүүрэн. Цөөхөн хэдэн уран бүтээлч толгойгоо ажиллуулж кино хийх гэж оролдож байгаа байх. Ийм нөхцөлд яаж асуулт тавих вэ? Тэгэхээр асуулт тавих түвшинд очих болоогүй байх. Мөнгө олохын тулд шуураад, мөнгө бодож уран бүтээл рүү орвол сайн бүтээл гарахгүй. Уран бүтээлчийн өөрийнх нь төлөвшил гэж нэг юм байгаа. Найруулагч гэдэг бол карьер биш. Цехийн дарга байж байгаад хэлтсийн дарга болоод, хэлтсийн дарга байж байгаад үйлдвэрийн дарга болоод, үүнээсээ газрын дарга болоод, газрын даргаасаа сайд болоод дээшээ ахидаг зүйл биш юм. Найруулагч гэдэг бол нэг бол байгаа, байхгүй бол хэзээ ч байхгүй зүйл. Арван кино хийгээд дараа нь найруулагч болчихно гэж байхгүй. Тэгэхээр найруулагч бол байдаг эсвэл байхгүй зүйл, харин шат шатаар ахидаг зүйл биш.
Ж.Сэнгэдорж: Бидний яриа жаахан ширүүн өрнөж байх шиг байна. Жамъяа ахын үг дээр хачирлаад хэлэхэд, Монгол бол жижигхэн зах зээл гэж бодож кино хийж байгаа хүмүүс л Монголын кино урлагийг маш муухай харагдуулаад байгаа юм. Яагаад гэвэл энэ жижигхэн зах зээлд тааруулж жижигхэн мөнгөөр кино хийгээд, жижигхэн мөнгөө тэрүүхэн тэндээ эргэлдүүлэх тухай бодож кино хийж болохгүй. Бид Монголын ард түмнээ өөрсдөө ингэж доромжилж, “Та нар бол жижигхэн зах зээл, бид та нарт зориулж жижигхэн кино хийж байна” гээд байгаа хүмүүс л нийт монгол кино бүтээж байгаа хүмүүсээ хойш нь татаж, муухай харагдуулаад байгаа юм. “Алтан хальс” холбоо тэргүүтэй киног арай өөр өнцгөөс харцгаая гэсэн бодолтой залуучууд байгаа. Ийм залуусыг үгүйсгэж болохгүй. Сая Улаанбаатар кино наадмаар кинонуудыг үзээд гэрэл гэгээ байгаа юм байна гэж бодогдсон. Би бол ирээдүйг гэрэлтэй харж байгаа.
Ж.Жамъянсүрэн: Арт кино гээд ярьдаг. Хүнд ойлгогдохгүй эсвэл хүний сэтгэлийг хөдөлгөхгүй кино хийчхээр хүмүүс ойлгохгүй байгаа юм. Чиний бүтээлийг найман настайгаас наян настай хүн үзээд ойлгож байвал чи сайн уран бүтээлч, санаагаа илэрхийлж чадаж байна гэсэн үг. Нөгөө талд нь Монголын ард түмнийг дүгнэдэг продюсерууд бий. “Наадахыг чинь манайхан үзэхгүй шүү дээ, гаднынхан л үзнэ. Чи Монголын үзэгчдэд зориулж байгаа бол ингэж хий” гээд л. Монголын үзэгчдийг хэн хайрцаглачихсан юм бэ? Монголчууд гэртээ дэлхийн бүх сонгодог кинонуудыг үзэж л байгаа шүү дээ. Монголчуудын тархийг ядуу байлгах гээд байдаг продюсерууд байна. Урлагийн продюсер чинь өөрөө бас мэргэшсэн байх ёстой шүү дээ. Монголчуудын үздэг кино ийм гэсээр байгаад зогсонги байдалд оруулчихсан. Энэ “Хөхөө”-г бол хүн үзэхгүй, ойлгох ч үгүй шүү дээ гэж надад хэлж л байсан. Гэтэл үзэгчид маань ойлгож, хүлээж авсан.
Ж.Сэнгэдорж: Би эсрэг өнцгөөс нь хальт юм хэлье. Одоо кино урлаг соён гэгээрүүлэх, хүмүүжүүлэх зүйл биш болчхоод байгаа юм. Да Винчигийн зургийг хараад би зарим зүйлийг нь ойлгодоггүй. Да Винчигийн зургууд ч бас их эвгүй шүү дээ. Гэтэл тэр хүн тэр бүтээлээ тэгж туурвиж болоод байхад найруулагч яагаад өөрийн бүтээлийг цагаан цаасан дээр буулгаад зурж болохгүй гэж. Тэгэхээр тэр бүтээлээ өөрөө л ойлгог л дээ, сайхан шүү дээ бас. Заавал ойлгогдох албагүй ертөнц шүү, тэрийг, ах аа, хоёулаа ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй бүгдийг нь социалист нийгэм шиг та нар заавал таалагдах, ойлгогдох ёстой гэж болохгүй.
Сайн найруулагч өөрөө сайн үзэгч байдаг. Кино сонирхогчдод санал болгох кинонуудаасаа хуваалцвал?
Ж.Сэнгэдорж: Би яг сор гэхээс илүү сүүлд үзсэн шилдэг уран бүтээлээ хэлье. “Dogman” нэртэй итали киног үзээсэй гэж бодож байна. Хүн хүний үзэл бодол өөр л дөө. Тэр бол цэвэр тухайн найруулагчийн кино юм.
Ж.Жамъянсүрэн: Цай Мин Лян - энэ хүн бол түрүүн бидний ярьсан арт юм. Бүрэн гүйцэд биш ч гэлээ, түүний бүтээл ойлгогддог, мэдрэгддэг. “Өдрүүд” кино нь харилцан яриагүй шахам мөртлөө ойлгогдож байсан. Планууд нь удаан хэдий ч “Ёстой л арт кино доо” гэж би хэлнэ. Үнэхээр сайн найруулагч. Ийм байж л арт кино гэж хэлэхээс зүгээр ойлгомжгүй зүйл хийгээд өөрсдийгөө арт урлаг бүтээгчдийн тоонд багтаагаад яваад байж болохгүй л дээ. Тэр киног үзээсэй гэж санал болгомоор байна.
Ж.Сэнгэдорж: Ямар азаар “Говийн зэрэглээ”-г кино наадмаар гаргав? “Говийн зэрэглээ” бол Монголын кино урлагийн сор болсон киноны нэг. Монголын кино маш мундаг байсан.
Та хоёр хамтарч бүтээл хийвэл ямар бүтээл гарна гэж төсөөлж байна вэ?
Ж.Сэнгэдорж: Хийнэ шүү дээ. Юм гэдэг чинь тохироо, цаг хугацаатай байдаг. Би бол оноож хэлж чадахгүй байна. Инээдмийн кино эсвэл эмгэнэлт кино хийх ч юм билүү.
Ж.Жамъянсүрэн: Надад дутагдал их бий. Сэнгэдорж миний дутууг нөхөж чадна гэдгийг би маш сайн мэддэг.
Бичсэн: