Back to interviews
“Улаанбаатар” нэрээр овоглосон кино наадамтай байна гэдэг нь өөрөө Улаанбаатар хотын бахархал.

“Улаанбаатар” нэрээр овоглосон кино наадамтай байна гэдэг нь өөрөө Улаанбаатар хотын бахархал.

Кино сонирхогчдын тэсэн ядан хүлээдэг Улаанбаатар олон улсын кино наадам энэ оны 10 сарын 16-22-ны хооронд 18 дахь удаагаа болох гэж байна. Үүнийг тохиолдуулан бид УБОУКН-ын уран сайхны зөвлөлийн гишүүн, Гуру Медиа компанийн үүсгэн байгуулагч, продюсер, СГЗ Ц.Ариунаатай энэ жилийн наадмын онцлогийн тухай ярилцлаа.

October 11, 20269 min read

FRAME: Улаанбаатар олон улсын кино наадмын үзэгчдийн дундаж нас жил ирэх тусам залуужиж байгаа. Зарим залуу үзэгчид маань мэдмээр байгаа байх л даа. УБОУКН-ыг эхлүүлэх санал санаачилга анх хэрхэн гарч, бий болж байсан бэ?

Ц.Ариунаа: 2000-аад оны эхээр тухайн үеийн Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ц.Пүрэвхүү, кино шүүмжлэгч, судлаач Б.Түмэн-Өлзий, зураглаач С.Бямба, Б.Пүрэвдорж тэргүүтэй хүмүүс нийлээд, Сэрэлт-Оч кинотеатрынхантай хамтран анхны Улаанбаатар кино наадмыг хийж байсан. Гэхдээ төрийн дэмжлэг бага, мөн хариуцсан албаны хүмүүс солигдсоны улмаас цөөн удаа зохион байгуулагдаад зогссон. Харин 2013 онд Урлагийн зөвлөл уг наадмыг илүү олон улсын цар хүрээнд хийхээр шийдэж, гаднын программеруудыг урьж оролцуулж байлаа. Мөн зөвхөн кино гаргаад зогсохгүй, салбарыг дэмжих зорилгоор кино форум, сургалтуудыг ч зохион байгуулж эхэлсэн. Тэр үед Кино урлагийг дэмжих тухай хуулийн эхний хэсгүүд гарчихсан, төрөөс кино урлагийг дэмжих ёстой юм байна гэдгийг хүлээн зөвшөөрч, ойлгочихсон байсан үе л дээ. Харин сүүлд монгол кино бүтээлүүдээ албан ёсоор өрсөлдүүлж, мэргэжлийн үнэлгээ өгч эхэлсэн. Кино наадам гэдэг зүгээр л үзэгчид кино үзээд буцдаг үйл явц бус, харин салбарын хөгжлийн түвшинг тодорхойлж, цаашид ахиж дэвших нөхцөлийг бүрдүүлэхэд тусалдаг зүйл шүү дээ. Тийм ч учраас УБОУКН анхны жилээсээ эхлээд л гаднын мэргэжилтнүүдийг урьж, цаашид Монголын кино урлаг хөгжихөд юу хийх шаардлагатай тухай асууж ярилцаж, суралцдаг байлаа. Гэхдээ тухайн үеийн бидний тавьж байсан асуултууд хэтэрхий гэнэн байж дээ гэж бодогддог. Бидний нүүдэлчин соёлоос улбаатай байж ч мэдэх юм, шууд л ямар нэг бодит зөвлөгөө авч хэрэгжүүлээд, түргэн хугацаанд дэлхийд гарах тухай асуултуудыг тавьдаг байж. Харин энэ бүх хугацааны турш хүний мориор газар дөхөх бус, бид өөрсдөө маш их ажиллаж, өөрсдийн гэсэн туршлагыг хуримтлуулж, салбараа цогцоор нь хөгжүүлэх ёстой гэдгийг дор бүрнээ ойлгосон байна.

image

FRAME: Ямар ч ажилд анхны алсын хараа гэж байдаг шүү дээ. Одоо УБОУКН 18 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Алсын хараа болгон төлөвлөж байсан зүйлсээсээ хэр ихийг хийж амжсан байна вэ?

Ц.Ариунаа: Эхний буюу дэлхийн сор бүтээлүүдийг монгол үзэгчдэдээ үзүүлнэ гэсэн зорилго маань тун ч сайн хэрэгжиж байгаа гэж боддог. Олон улсын янз бүрийн том кино наадмуудад очиход, жишээлбэл, Роттердамын кино наадамд очиход ихэнх үзэгчид нь ахмад настай хүмүүс байдаг. Гэтэл УБОУКН маш залуу үзэгчидтэй. Жинхэнэ орчин цагийн сониуч залуу үеийг олж харах боломжтой. Ерөнхийдөө, УБОУКН niche үзэгчдийн хүрээллээ аль хэдийнэ бий болгочихсон гэж хардаг. Харин одоо илүү сайн сурталчилж, энэ хүрээллийг улам тэлэх ёстой гэж бодож, ажиллаж байгаа. 60, 70 жилийн түүхтэй томоохон кино наадмуудтай харьцуулахад, бидний хувьд аль хэдийнэ эхлүүлсэн байна гэдэг нь л өөрөө маш том амжилт шүү дээ. Цаг үе нь өөрийн баатруудаа төрүүлээд, энэ наадам цаашаа амьдраад л явна гэж боддог доо.

Хоёр дахь буюу монгол киног дэлхийд сурталчлах зорилгоо ч бас чамгүй биелүүлж байгаа. Айхавтар өндөр амжилт биш ч, УБОУКН-д уригдан ирж байсан олон улсын программер, уран бүтээлч, мэргэжилтнүүдийн маань ихэнх нь өөр өөрсдийн орондоо эргэж очоод, Монголын кино өдөрлөгийг хийсэн байдаг. “Улаанбаатар” нэрээр овоглосон кино наадамтай байна гэдэг нь өөрөө Улаанбаатар хотын бахархал шүү дээ. Тийм ч учраас Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн соёл урлагийн газартай олон жил хамтарсан. Энэ жил ч мөн хамтарч байна. Цаг үеийн байдлаас үл хамаараад энэ наадмыг заавал хийх ёстой шалтгаан нь болж буй тэрхүү үнэ цэн л хамгийн тогтвортойгоор байнга оршиж байдаг. Энэ үнэ цэн, итгэл үнэмшил л хамгийн чухал нь.

FRAME: Монгол киноны уралдаант хэсэгт арилжааны болон инди кинонууд холилдоод өрсөлддөг. Энэ жилийн тухайд ижил байгаа юу?

Ц.Ариунаа: УБОУКН-ын хувьд, монгол уралдаант хэсгийн шалгуурт ямар нэг ангилал тогтоодоггүй. Өнөөгийн манай салбарын зах зээл маш жижиг байна. Ийм жижиг зах зээлд ямар нэг байдлаар кино хийж байна гэдэг нь өөрөө эр зоригийн хэрэг, бас кино урлагт үнэхээр хайртайгийн илрэл болж байгаа юм л даа. Зөвхөн инди, артхаус киноны өрсөлдөөн үүсдэг байхын тулд бид экосистемээрээ, цогцоороо урагшлах ёстой. Үүний тулд бас цогц, тогтвортой дэмжлэг ч хэрэгтэй болдог. Мөн монгол киноны хувьд, бид Үзэхийн хязгаар хэсэгтээ 90-ээд жилийн түүхтэй Монголын кино урлагийн сор бүтээлүүдийг дахин толилуулж, кинотеатрт том дэлгэцээр үзэх боломжийг үзэгчдэдээ олгодог. Хуучны кино гаргаад хүмүүс үзэх болов уу гэж анх эмээж байсан ч танхим дүүрэн үзэгчтэй байсан. Монголчууд их сониуч хүмүүс, гэхдээ Монголынхоо уран бүтээлд бүр ч сониуч хүмүүс. Киноны түүхээ сөхөж судлахгүйгээр хөгжихгүй шүү дээ, тиймээс Үзэхийн хязгаар их чухал хэсэг маань гэж боддог.

FRAME: УБОУКН-аар гардаг гадаад уран бүтээлүүд тухайн жилийнхээ хамгийн шилдэгт тооцогдсон кинонууд байдаг шүү дээ. Энэ сонголтыг хэрхэн хийдэг нь уншигчдад маань сонирхолтой байгаа байх.

Ц.Ариунаа: Цаг хугацаанаас их зүйл шалтгаалдаг л даа. УБОУКН 10-р сард болдог, харин бид сонголтоо зун хийдэг. Тиймээс Берлиний болон Каннын кино наадмуудаас сайн бүтээлүүдийг олж таних нь их чухал байдаг. УБОУКН монгол болон олон улсын программеруудтай. Өмнө нь монгол программерууд маань эдгээр наадмууд руу биеэр очоод, үзэж судалдаг байлаа. Гэхдээ одоо санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалаад тэгж чадахгүй байгаа учраас гадаад программерууд маань томоохон наадмууд руу биечлэн очиж байгаагийн хувьд сайн бүтээлүүдийг санал болгодог. Монголчууд Каннын дээд шагнал буюу Алтан дал модны навчтай кинонд их дуртай. Каннын тэргүүн болон тэргүүн дэд шагнал авсан кинонуудыг үзэж байж л УБОУКН-ыг үзсэн мэт мэдрэмж төрдөг болжээ. Энэ жил ч бас Алтан навчтай кино буюу Кристиан Мунжиу найруулагчийн Fjord киногоор УБОУКН нээлтээ хийнэ. Мөн сүүлийн жилүүдэд бид ази кинонд их анхаарал хандуулж байгаа. Киноны хорхойтон залуус маань европ киног ойрхон хүлээж аваад, үзээд сурчихсан байх л даа. Гэхдээ дэлхийн кино урлагийг ажиглабал, европ кино Европ руугаа, ази кино Ази руугаа гэх чиглэлтэйгээр, нэг нэгнээсээ аажмаар алсарч байгаа гэж болно. Тиймээс бид газарзүйн байрлалаа зөв ашиглаад, Азийн киног илүү анхаарч, сонирхож байх ёстой. Мөн Зүүн Европын орнуудын киног их анхаардаг. Учир нь Зөвлөлтийн бутралын дараах үр дагаврыг адилхан туулсан орнууд тул сэтгэлгээний хувьд ижил төстэй зүйлс олон байдаг. Зүүн Европын орнууд киноны баялаг соёлтой улс, энэ жил ч бас Польш, Румын улсууд Каннын тэргүүн болон тэргүүн дэд шагналыг авсан нь УБОУКН-аар гарна. Энэ мэтчилэн хөтөлбөр боловсруулахад өөрсдийн түүх болон газарзүйн байрлалын онцлогоо сайтар харгалзан үзэх, геополитикийн хувьд ухаалаг, мэдрэмжтэй байх нь чухал байдаг. Түүнчлэн кино урлагийг дэмждэг элчин сайдын яамдууд бий. Энэ жилийн хувьд, Францын элчин сайдын яам, Гёте-Институт, Италийн элчин сайдын яам, Польшийн элчин сайдын яам, Европын Холбооны Монгол дахь төлөөлөгчийн газар дэмжин оролцож байна.

FRAME: Энэ жилийн УБОУКН-ын хамгийн гол онцлог нь юу вэ?

Ц.Ариунаа: Энэ жил бид хоймортоо баримтат киног залж байгаа. Дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлт маш тулгамдсан асуудал болж, хүмүүсийн өдөр тутмын амьдралд ч нөлөөлж эхлээд байна. Тэр дунд Монгол улс ямар асуудалтай, бас ямар үүрэг оролцоотой байгааг харуулсан словак найруулагчийн We Have To Survive гэх баримтат бүтээл бий. Мөн серби найруулагчийн To Hold a Mountain гэх баримтат киног үзэж сонгож байхдаа хөдөө орон нутагт гаргах юм сан гэх хүсэл ч төрсөн шүү. Гадаад хүмүүст тулгамдаж буй байгаль орчны асуудал, бас нутаг усаа хамгаалахын төлөөх тэмцлийг харуулж буй энэ кино монголчуудтай маань маш гүнзгий холбоо үүсгэж чадна гэж бодсон. Үүнээс гадна We Are Aliens гээд анимэйшн бүтээл гаргаж байгаа. Залуус маань энэ киног үзээд өөрсдийгөө олж харах болов уу гэж найдаж байна.

Энэ жилийн УБОУКН-ын онцлогийг товчлоод хэлбэл, санхүүгийн дэмжлэг их тааруу байгаа ч тэсвэр хатуужлыг өөрсдийн итгэл үнэмшилтэй хослуулан авч явж буй наадам л гэж хэлмээр байна. Хайртай наадмаа хамгийн хэцүү үед ч гэсэн үргэлжлүүлэн авч явна гэсэн итгэл үнэмшил дээр л тогтож байна даа. Хүний амьдрал ч гэсэн, дуртай зүйлээ чин сэтгэлээр, үнэн зөв итгэл үнэмшлээр хийгээд явж байхад хувь заяа нь аяандаа өөрөө хөвөрчихдөг шүү дээ. Кино наадмын мөн чанар ч тийм гэж итгэдэг.

FRAME: Манай үеийн кино сонирхогчдыг бараг УБОУКН-тай хамт өссөн хүмүүс ч гэж болох байх. УБОУКН-тай давхцуулж ээлжийн амралтаа авдаг хүмүүс ч бий. Гэхдээ одоо тэд маань том болоод, зарим нь хүүхэдтэй болох ч юм уу, ямар нэг байдлаар бүтэн долоо хоногийг кино наадамд зарцуулах боломжгүй хүмүүс ч бас гарч ирж байна. Та тийм хүмүүст зориулаад хувиасаа онцлох 3 киногоо санал болгооч ээ гэвэл?

Ц.Ариунаа: Ямар гоё юм бэ? Наадамд маань зориулж залуус ээлжийн амралтаа хүртэл авдагийг мэдээд УБОУКН-д ажилладаг хүмүүс их баярлаж, урам авах байх аа. Арван хүүхдээсээ гурвыг нь л хайрлах сонголттой тулж байгаа мэт хэцүү асуулт байна шүү. Мэдээж эхлээд Fjord. Мөн Асхар Фархадигийн Parallel Tales. Гуравт нь, To Hold a Mountain гээд баримтат киног заавал үзээсэй гэж хүсэж байна.

image

FRAME: Кино үзвэрээс гадна маш сонирхолтой сургалт, хэлэлцүүлгүүд УБОУКН-ын үеэр болдог шүү дээ. Энэ жилийн хувьд ямар уран бүтээлч, мэргэжилтнүүд ирж байгаа вэ?

Ц.Ариунаа: Энэ жил гурван зочин ирж байна. We Have To Survive киноны найруулагч Томаш Крупа, Allfilm продакшн компанийн продюсер Пиллэ Рюнк болон найруулагч, продюсер, Widelog Co.,Ltd продакшн компанийг үүсгэн байгуулагч, Busan Asian Film School (AFiS)-ийн багш Элли Хан Сон Хи нар орчин үеийн баримтат киноны хандлага, олон улсын ко-продакшн гэсэн сэдвээр хэлэлцүүлэг хийх болно.

Энэ жилийн хэлэлцүүлэг баримтат кинонд төвлөрч байгаа. Монголд баримтат киноны сэдэв маш их бий. Заавал өндөр түвшний техник, асар их зардал гаргах шаардлагагүйгээр, бага зардлаар маш сайн утга агуулгатай баримтат кино бүтээх боломж залууст маань бий. Тиймээс баримтат кино яагаад чухал вэ, яаж хийж болох вэ гэдэг тухай сонирхолтой хэлэлцүүлгийг толилуулах болно.

FRAME: Олон үзэгч хүлээдэг байх л даа. УБОУКН олон улсын өрсөлдөөнт хэсэгтэй болох төлөвлөгөө бий юу?

Ц.Ариунаа: Бидний ч бас мөрөөдөл л дөө. Олон улсын томоохон бүтээлүүдийг олон ангиллаар өрсөлдүүлж, уран бүтээлчдийг нь урьж авчран, хот даяар кино наадмын уур амьсгалыг түгээх тухай хэдэн боть болгоод бичиж болох их мөрөөдөл бий. Гэхдээ бодит байдал дээр санхүүгийн боломж бололцооноос маш их зүйл шалтгаалдаг учраас хараахан биелээгүй мөрөөдөл болоод байна. Цаг хугацаа, боломж бололцоо нь зохироод, нэг л мэдэхэд энэ мөрөөдөл биелнэ гэдэгт бат итгэлтэй байдаг. Бас энэ мөрөөдлүүдийг биелүүлэх дараагийн үе ч гарч ирнэ.

FRAME: Кино, кино наадам нь нийгэм, улс төр, эдийн засаг гээд олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Энэ бүх хүчин зүйлс тогтворгүй, хүнд байгаа үед ч кино наадам зохион байгуулан ажилласаар буй хүний хувьд үзэгч, кино сонирхогчдодоо хандан юу гэж хэлмээр байна вэ?

Ц.Ариунаа: Зөвхөн Монголд л хямраад байгаа бус, дэлхий даяараа л их хүнд хэцүү үеийг туулж байна. Амьтнаар зүйрлэбэл, зан төлөв нь ойлгомжгүй амьтан болж хувирлаа шүү дээ, бидний дэлхий. Хиймэл оюун, эдийн засгийн уналт, дайн дажин гээд энэ бүх асуудлын дунд биднийг холбох нэг зүйл байдаг нь чин сэтгэлийн итгэл үнэмшил. Монголд байгаа би нэг зүйлд итгэдэг байлаа гэхэд яг тэр зүйлд итгэж үнэмшдэг хүн Африкийн Конгогийн нэг тосгонд ч юм уу байж л байдаг. Хоорондоо уулзаж учирч амжаагүй яваа тэр бяцхан итгэл үнэмшлүүдийг бид УБОУКН дээр уулзуулахыг хүсдэг. Энэ жилийн кинонуудыг үзсэн үзэгчид маань юуг үнэлж дээдэлж явах вэ, юуг нандигнах вэ гэдгээ өөрсдөөсөө асууж, хүн төрөлхтөнд итгэх итгэл үнэмшлээ бага ч болов сэргээж, зүрх сэтгэлд нь хөдөлгөөн үүсээсэй гэж хүсэж байна. Кинотеатрын танхимд үл харагдах энергийн солилцоо үүсдэг шүү дээ. Тэрийг л мэдрээсэй гэж их хүсэж байна даа.

Бичсэн:

Нармандахын ӨнөржаргалEditor-in-Chief