
Sex, Dreams, Love (2024)
Даг Йохан Хёугерудын Ослогийн трилоги
Ганцаардал хаанаас үүдсэн бэ? Магадгүй бид анхнаасаа ганцаар төрсөн байх.
Орчин цагийн хайр дурлалыг элдэв хачиргүй яг л байгаагаар нь дэлгэх зоримог найруулагчид Норвеги улсаас төрөн гарсаар байна. Залуу хүн бүр нууцхан боддог хэрнээ тэр бүр илэрхийлэхээд байдаггүй харилцааны адармаатай асуултуудыг голчлон хөнддөгөөрөө онцлог. Мэдээллийн эрин зууны хүмүүний харилцааны төөрөгдөл, нийгэмд нэвт шингэсэн тэгш бус байдлаас улбаатай нэгэндээ хандах хандлага, үл ойлголцол болоод орчин үеийн оюун санааны хувьсангуй хэв шинжээс үүдэлтэй харилцааны маргааны шинэ хэлбэрийг маш олон уран бүтээлчид илэрхийлэхийг оролджээ. Гэвч тэд арай л өөр.
2006 онд Норвеги найруулагч Йоахим Триэр Давтамж бүтээлээрээ багын найзуудын хүсэл, шунал, хайр гэх орцтой нөхөрлөл цаг элээхийн хэрээр хир, хар, хагацлын шинжтэй эргэлт буцалтгүй дайсагнал болон хувирч буй тухай өгүүлж, улмаар тухайн жилдээ Норвеги улсын кино урлагийн өнгө төрхийг олон улсад төлөөлжээ. Уг уран бтээл бол бидний сайн мэдэх 2021 онд туурвигдсан Дэлхий дээрх хамгийн муу хүн киноны суурь юм. 2011 оны Ослогийн 8 дугаар сарын 31 кинотой нийлээд ил гурвалсан бүтээл өдгөө Ослогийн трилоги хэмээн танигдсан билээ. Орон зайн хувьд Норвеги улсын нийслэл Осло хотноо үйл явдлууд нь өрнөж буй хэдий ч Осло хот нэгэнтээ гарт баригдаж, нүдэнд үзэгдэх “газар” байхаа больж ганцаардагсдын хувьд нийгмээс тусгаарлагдан хоргодох байр, оюун санааны дотоод орон зай болон хувирсан нь илт.

Саяхныг хүртэл Йоахим Триэрийн Ослогийн трилоги энэ орон зайд ганцаардангуй мэт оршин байсан бол дахин нэг Норвеги найруулагч Даг Йохан Хёугеруд өөрийн “Осло”-г гурвалсан бүтээлээрээ танилцуулснаар дээрх биет бус орон зайг улам л томрууллаа. Түүний “Осло” нөгөө “Осло”-оос арай өөр ч ганцаардал тэднийг нэгтгэнэ. Биет бус орон зай газар нутгаар хиллэдэггүйн жишээ бол мөн л Норвеги гаралтай найруулагч Кристоффер Борглигийн дөнгөж өлгийдөн аваад буй Драма хэмээх кино. Норвеги маягийн ганцаардал АНУ-ын Бостон хотод суурьшсан нь тэр. Магад тэд Ослогийн тухай мэдэх ч үгүй. Гэхдээ тэд ганцаардлаар хань татдаг, хорвоо ертөнц дээр нэг гэдэгтээ зовниж бас баясдаг. Осло хэдийнээ зүгээр нэг хот байхаа больжээ. Осло ганцаардсан хэн бүхний хамтын орон зай болжээ. Делузийн хэлсэнчлэн “зураг бол дангаар бөгөөд ангид, зураг бол ухамсар,” харин Осло бол ухамсрын зураг бөгөөд нүдээр харах биет орон зайн хойно ухаарах шаардлагагүй үүссэн сэтгэлгээний биегүй биежилт.
Ганцаардал дараалалтай ирдэггүй бололтой. Йоахим Триэр болон Даг Йохан Хёугеруд нарын гурвалсан бүтээлийг ямар нэгэн цаг хугацаа эсвэл утга зүйн хувьд дараалалтай үзэх шаардлагагүй. Хотын хаа нэгтээ гансарч яваа залуу, бүхнээс залхсан бүсгүй, нөхөртөө гуньхарсан найз, хүсэл хясал сүлэлдсэн өсвөр насны охин–тэдний ганцаардал дараалалгүй бөгөөд зөвхөн тэднийх.
Даг Йохан Хёугерудын бүтээлийн хувьд албаар мэт илүүтэй уусан нэгдсэн утга зүйн огтлолцол арвин ажээ. Секс, зүүд ба хайр. “Аль нь ч дараалалтай ирэх албагүй, аль ч насанд тохиодог.” гэх санаа уг трилогийн гол санаа. Уншигч та бүхэнд би өөрийн үзсэн дарааллаар өгүүлье.

Миний хамгийн эхэнд олж үзсэн нь Секс байлаа. Гэхдээ уг киноны утга зүйн орон зай сексээс дэндүү хөндий байлаа. Товчхондоо, айлын яндан хөөлж, цэвэрлэдэг ажилтай, дундаж давхаргын амьдралтай, дунд эргэм насны эсрэг хүйстэнтэйгээ гэрлэж нэг гэрт орсон жирийн нэгэн хоёр залуугийн өнөөг хүртэл итгэж ирсэн оршихуйн итгэл үнэмшил хэрхэн нурж унаж буй тухай өгүүлнэ. Нурж унасан гэхээсээ илүүтэйгээр өөрийн хэвшмэл амьдралыг эвдэж, өөрийн үнэнийг олох оролдлогыг хийсэн ч гэж хэлж болох юм. Гэрлэлтээс гадуурх бэлгийн харилцаа хосоо хуурсан ичгүүрт явдал гэдгээс урьдаар тухайн хүний гацсан сэтгэхүйг задлах арга хэрэгсэл гэж кинонд буулгах аж. Ялангуяа, хэнтэй, хаана, хэзээ гэж асуух нөгөө хүний зовнилыг хамгийн эхэнд тусгаж, ялгааг тодруулснаар тэдний хооронд өрнөх дараагийн яриа яагаад гэх зүгт хөтлөх аж. Ижил хүйсийн эртэй харилцаа үүсгэсэн нь нэг хамтрагч нөгөөгөө бүрэн таниагүйн гэмшил, харуусал, зүхлээр эхлэх боловч үнэнээ хэлж, өөрийгөө гайхаж, айсан гэдгээ уудлах мөч тайтгарал, эвлэрэлээр дуусна. Ер нь харилцаанд хэн нь ч зуун хувь итгэлтэй байдаггүй юм болов уу? Хэдэн жил ч ханилж, хэдэн ч зүйлийг хамтдаа туулсан, нөгөө хүнийхээ мэдэх боломжгүй мэдрэмж, давах боломжгүй даваа гэж байдаг болов уу? Энэ мэт оршихуйн, өөрийгөө танин мэдэхүйн ээдрээтэй асуултуудтай үзэгч нүүр тулгарах аж. Харин нөгөө залуугийн “гэм” бол би эмэгтэй болж төрөх байсан уу гэдэг асуулт. Хэрвээ би зүүдний “би”-ээ сэрээвэл, нийгмийн хандлага намайг барьцаалах болов уу? Найз нөхөд, ээж аав, хань ижлийн хүлээлт минь намайг боомилох юм биш биз? Гэх мэт сэжиг, сүжгээр дүүрсэн бодлууд нөгөө залууг эзэмдэх аж. Тэд хоёр биетэйгээ эхлээд ярина, тэгээд хань ижилтэйгээ, эцэст нь өөртэйгөө. Тэд хамгийн гол нь ярих аж, хуваалцах аж. Бэлгийн чиг баримжаа болон хосын харилцаа зөвхөн хөгжингүй улсын асуудал биш билээ. Оршин буй, орчинд буй, нийгмийн зохиомол хүлээлтэд буй хэн бүхний ярилцах сэдэв мөн. Уг киноны зохиол болон жүжигчдийн нүцгэн тоглолт киноны амин сүнс бөгөөд намуухан, меланхолик аятай давхцах нь сэтгэл хөдөлгөм байлаа.
Үзэж дуусгаад эхний амьсгаанаас дараагийн амьсгаа авах хүртэлх хоромд эзэмдсэн бодол нь найзуудын тухай байлаа. Би хэдхэн нөхөдтэйгөө дотно, зузаан гэдэг мөртлөө ямар нэгэн хүлээлтэд баригдаж нөхөрлөж байсан билүү? гэж. Би ижил хүйсийн хүндээ ямарваа нэгэн байдлаар татагдах үед, дээрх нөхөр шиг илэн далангүй хуваалцаж чадах болов уу? гэж. Би ер нь хүлээлтэд нийцсээр ирсэн үү? гэх мэт эмзэг бодлууд үзэгч миний толгойд эргэлдэнэ. Хэсэг зуур санаа алдав. Дараагийн кино ямар мэдрэмж үүсгэх нь таашгүй мэт байлаа.

Хоёр дахь нь Хайр байлаа. Кино нэгэн эмнэлгийн урологийн тасагт түрүү булчирхайн хавдартайгаа олж мэдэж буй залуугийн нүүрний хувирлаар эхэлнэ. Хэцүү мэдээг дуулгаж буй эмч эмэгтэй киноны нэг гол дүр бол мэдээг анхааралтай чагнаж өвчтөний хариу үйлдлийг ажиглан ард суугаа сувилагч эр нь нөгөө гол дүр байлаа. Энэ удаагийн орон зайн зөрөлдөөн эмч эмэгтэйн найзтайгаа кофе уух зуур өрнөх яриа задлагч болсноор эхлэх аж.
Найз эмэгтэй: Чи ер нь ингээд гон бие гозон толгой оргиод яваад байх хүн үү? Хүнтэй уулзах хүсэл тэмүүлэл чинь хааччихав аа?
Эмч эмэгтэй: Хүмүүс ганцаараа байх дуртай байсан. Чи ч тийм байсан шүү дээ. Заавал хүнтэй байх ёстой гэж үү?
Хоёр найзын үл ойлголцол, нэг нь нөгөөдөө анхаарал тавих гэсэн байдал, нөгөө нь өөрийг нь хүчилсэн хоёр санаа мөргөлдөж маргаан үүснэ. Энэ маргаан эмч эмэгтэйд таашаал ба хамтрагчийн холбоо хамаарлын тухай эргэцүүлэл үүсгэнэ. Чухамдаа би үргэлжийн таашаал авахын тулд хүнтэй байдаг уу, эсвэл хүнтэй байна гэдэг нь таашаалыг үүсгэдэг үү гэх урвуу шалтгааны гажуудал. Харин сувилагч залуугийн тогтмол хамтрагчтай байхаас зайлсхийн үе, үе хүнийг хайрлах, халамжлах хэрэгцээ, хүсэл төрсөн үед хүнтэй ойртдог зан байдал эмч бүсгүйн сониуч занг хөдөлгөхийн зэрэгцээ, боломжгүй зүйл боломжтой байдаг тухай түгшүүрийн бодлыг үүсгэх аж. Хүн болгоны ялгаатай хэрэгцээг ухамсарлаж, хүлээн зөвшөөрөхтэй зэрэгцэн “би” гэх субъектийн өөртөө үнэнч байх шалтгааныг тэдний харилцаанаас олж харна. Мэдээж, үүний сацуу эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн олон янзын хосын хандлага, хүлээлтийн тухай асуулт яригдаж, нийгмийн хэвшмэл байдлыг шүүмжилсэн олон санаа шигтгэсэн байна. Зарим хүмүүсийн хувьд секс бол зүгээр л секс байдаг гэх бол зарим хүмүүс секс хэзээ ч зүгээр нэг секс байдаггүй гэх аж. Энэ мэт хүмүүсийн идиосинкратик, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх нь угтаа өнөөх эрх тэгш байдлын илрэл биш гэж үү?
Нэг адын бодол төрсөн нь хүн өөрөө өөртөө л болж байвал бусдын юу гэх нэг их хамаагүй, ялангуяа харилцаан дээр. Найз, нөхөд, гэр бүл гээд эргэн тойрны хүмүүс таалж, тэднээс далд хэлбэрээр зөвшөөрөл хүсэнгүй харилцаагаа авч явна гэдэг дахиад л нийгмийн хүлээсэнд баригдаж ядан буй явдал шиг. Ад үзэгдэх зориг гэнэт гараад ирдэг зүйл биш байх. Тэсэхээ байгаад, дэлбэрэхийн наана өөрийгөө аврах уу, өөрийгөө үгүй хийх үү гэх үед төрдөг байх даа.

Энэ трилогийн хаалтаар Зүүд-ийг үзсэн юм. Киноны Секс, Зүүд, Хайр гэсэн гарчгаас секс, хайр хоёр нь арилж, зөвхөн зүүдтэйгээ үлдлээ. Зүүдний хажуугаар мөрөөдөл гэсэн санаа бий ч зүүд, зэрэглээ мэт төсөөлөл, хүсэл, шунал дээд цэгтээ хүрч оюун тархинд тэгж дохио болон илрэхүй гэсэн санаа давамгай тул зүүд гэхээр шийдсэн юм. Киноны зүрхэнд бусад өсвөр настнуудын адилаар хүч, энергиэр бялхсан нэгэн охин сургуульд нь Франц хэлний хичээл заахаар шинээр орж ирсэн багшдаа сэтгэл алдарч, бяцхан зүрх нь анх удаа мөхөстөж буй үйл явдал оршино. Энэ уран бүтээлийн трилогид оролцож буй байр суурь нь шохоорхол ба өсвөр нас, түүнээс суралцахуй гэсэн дээвэр дор ажээ. Өсвөр насанд дүр эсгэх гэдэг нь бусдыг хуурч, мэхлэх гэдгээс илүүтэйгээр өөрийн оршихуйн дархлаажилтын хэлбэр болж улмаар хэрэгцээ, шаардлага болдог тухай илэрхийлжээ. Түүнчлэн, мэдээллийн технологи болон олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хөгжлийн түүнийгээ дагасан хамаарлын хурд эрчимжсэн өнөө цагт “онлайн байр суурь” бататгах гэдэг өөрийгөө нотлох бус амьд үлдэх эцсийн хүчин чармайлт болтлоо хувьсан өөрчлөгджээ. “Бусдаас хоцрогдсоноос айх мэдрэмж (FOMO),” “дижитал хамтын мэдрэмж” зэрэг хэллэгүүд бүгд өнөөдөр үүссэн зүйлс. Нийгмийн орон зайн үнэлэмжийн баримжаа тэр бүхнээр дамжин илэрч буй хэрэг. Энэ орон зайд ганцаардлын тухай, өөрийн хэмнэлийн тухай ярилцана гэдэг өнгөрсөн үеэс асуугаад тодруулчихдаг, бусдаас үлгэрлэчихдэг зүйл биш болжээ. Охины эмээгийн егөөтэй хэлсэн “Эцсийн эцэст үхэх гээд ирэхэд, орны чинь хажууд үг хэлэх эрх, эрх чөлөө гээч зүйл гарыг чинь дулаацуулаад суухгүй шүү дээ.” гэх хоржоонтой үгс нэг талын сургамж мэт боловч нөгөө талаараа туйлын ялгааг илтгэх аж. Зүүд бол өнөө цагийн нийтлэг толь, нөгөө талаасаа сургамжит үлгэр болжээ.
Өсвөр насандаа өсвөрийнхний тухай зөндөө л кино үзэж байлаа. Элий балайгаас авхуулаад эргэн дурсахуй, эрхэмлэж хайрладаг хүртлээ. Гэхдээ цэвэр шохоорхлын тухай, түүнээс эмээх мэдрэмжийн тухай Зүүд шиг ширэн нүүр гаргаж, бардам зогсох бүтээлтэй цөөхөн тааралджээ. Өөрөө өсвөр насандаа байсан бол гэрийнхэнтэйгээ үзэх байлаа. Яагаад гэхлээр би тайлбарлалтгүй тэр дотоод ертөнцийн илэрхийлэмж ил учраас тэд маань “аан нээрээ” гээд санаа алдах болов уу гэж найдна. Тиймээс ялангуяа өсвөр насны хүүхэдтэй уншигчид маань харилцааны тал дээр зөвлөгөө өгөх арга эвээ олохгүй байвал энэ киног үзээрэй гэж захья.
Магад танд уг трилог огт өөр мэдрэмж төрүүлэх байх. Учир нь та бид бүгдээрээ ганц.
The Criterion Channel-аас үзэв.
Нийтлэлийг бичсэн: Болдын Тэлмүүн