
All the Lovers in the Night (2026)
Чийдэн унтрах мөчид гэрэл хаачдаг вэ?
Япон төдийгүй дэлхийд танигдсан зохиолч Каваками Миэкогийн “Дурласан бүхэн гүн шөнөөр” романыг найруулагч Содэ Юкико ижил нэртэйгээр дэлгэцнээ кино болгон амьдруулжээ. 79 дэх удаагийн Каннын олон улсын кино наадмын Un Certain Regard төрөлд нэр дэвшиж олны анхаарлыг татсан уг киноны үйл явдал Токиод өрнөнө. Хувиараа хянан уншигчийн ажил эрхлэн ганцаараа өдөр хоногийг элээх Хүкүёо гэх залуухан эмэгтэй санаандгүй учралаар хайр сэтгэл, хүсэл мөрөөдөлтэйгээ нүүр тулан хэрхэн хувьсан өөрчлөгдөж буй талаар өгүүлэх аж.
Хүкүёо ажилдаа хянуур соргог ч гэлээ бусадтай харилцахдаа бүрэг номой нэгэн. Харин түүнд хувиараа ажиллах санал тавьсан Хижири түүнтэй нэг их сургуулийн дээд ангийг сурч төгссөн, өөрийн гэсэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, бусдад нээлттэй хандаж чаддаг эмэгтэй байв. Хүкүёо Хижиригээс өөр найз гэх хүнгүй, зөвхөн түүнтэй л уулзаж, ямар ч ажил даалгасан татгалзалгүй хүлээж авна. Гэвч нэгэн өдөр Хүкүёо соёлын төвд өөрийгөө физикийн багш гэж танилцуулах Мицүцүка гэх даруу дөлгөөн, хижээл насны эртэй санаандгүй учрах аж. Бичвэрийн цаад утгыг бус, зөвхөн өмнөө буй үг, үсгийнх нь алдааг засаж амьдарсан Хүкүёо Мицүцүкатай уулзалдах болсноор өнгөрсөн амьдрал хийгээд хүн хоорондын харилцааны тухай эргэцүүлэн бодох нь ихсэж, юмсын мөн чанарыг лавлан тунгааж ирэх болно.

Их хотын гэрэл дор эргэн тойрны хүмүүс амьдралынхаа утга учрыг ойлгож буй аятай харагдаж, ганцаараа л төөрч будилж яваа мэт санагдах үе бий. Тэрхүү ганцаардал, эргэлзээтэй цаг хугацааг хувь хүн хэрхэн даван туулж, өөрийгөө ба өрөөлийг танин мэдэж буй тухай уг кинонд тусгагджээ.
Нэг талаас үйл явдал нь өрнөх явцад өнгөрсөндөө хүлэгдэн сэтгэлээ илэрхийлж үл чадах гол дүрээс авхуулаад ажил мэргэжлээ хөөж биеэ тоосон мэт эмэгтэй, гэрлэлтдээ сэтгэл хангалуун бус эхнэр, хийрхүү эрэгтэй сурагч гэхчилэн бусад кинонд ч ажиглагддаг нэгэн хэвшмэл дүрүүд энд мөн анзаарагдана. Гэхдээ тэдгээрийг бодит мэт мэдрэгдэхээр амьдруулж чадсан жүжигчдийн ур дүй, гадаад орчныг дүрүүдийн дотоод ертөнцтэй нягт уялдуулсан зураглалын хийц загвар нь киноны ертөнцөд үзэгчийг бүрэн уусгах боломжийг бүрдүүлж өгснийг дурьдах нь зүйтэй.
“Монгол” (2007) киноны Тэмүжин ба “Шёогүн” (2024) цувралын Ябүшигэгийн дүрээр олны танил жүжигчин Асано Таданобү өөрийгөө физикийн багш хэмээн танилцуулах төлөв түвшин Мицүцүкагийн дүрийг нүдээрээ л бүх сэтгэл мэдрэмжийг нь дамжуулж чадахаар урнаар бүтээсэн нь харагдана. Таданобүгийн долгиолсон урт хар үс, хагас ханцуйтай цагаан цамц, өргөн саарал өмдтэй “багш”-ийн дөлгөөн төрх нь түүний өмнө бүтээсэн хатуу чанга, харгис хэрцгий дүрүүдийг нь мартуулж дөнгөхөөр байлаа. Гол дүрийн хувьд ч Киший Юкино өөртэй сэтгэл хангалуун бус, бусадтай харьцахдаа тааруу, бүрэг номой Хүкүёогийн дүрийг биеийн хэлэмж, хоолойны өнгөөр тодорхойлсон байв. Олны дунд суухдаа биеэ барин хавчганаж, намдуу хоолойгоор үгээ зөөн ярьж, гудамжинд гараад ч ямар нэг зүйлд хүлэгдсэн аятай алхах нь хүртэл Хүкүёо гэх дүрийн бие сэтгэлийн өвөрмөц шинжийг тодхон илтгэнэ. Тиймд түүнийг хаанаас нь ч харж, яаж ч сонссон танигдахаар дотно сэтгэгдлийг төрүүлэх аж.

Харин эдгээр дүрүүдийг хорвоо ертөнцийн төв мэт орчноос таслан дүрслэхийн оронд хаана, яаж, ямар хүмүүстэй амьдарч буйг илэрхийлсэн зураглал нь уг киноны онцлог байв. Киноны үйл явдал шөнө дундын Токио хотын үзэмжээс эхлэн, гудамжинд мишээн алхалж яваа Хүкүёог таксины цонхноос харагдахаар буулгаснаар хаа нэгтээ таарах хэн ч байж болохыг зүйрлэсэн нь илт. Уушийн газар, соёлын төв, эмнэлэг, талбай, дэлгүүр, кафе гэх зэрэг Хүкүёогийн явсан газар бүрийн хэсгүүдэд ч орчныг бүхэлд нь томруулан авч, ихэнх тохиолдолд наана цаана нь байх хүмүүсийн царай төрх, үйл хөдлөлийг ил харагдахаар фокустай дүрсэлснээр Хүкүёог бусдаас ямар ялгаатай болохыг нь мэдрүүлэхийн сацуу бүгдтэй л адилхан хотод амьдралаа залгуулахаар өдөр хоногийг элээж буй эмэгтэй гэдгийг ч тодотгоно. Мөн түүний гэр доторх ном, сонин зэргийг урт шотоор дүрслэн авч, өрөөний эргэн тойрныг харуулахын зэрэгцээ бичвэрийн алдаа хянах ажлын үйл явцыг нь тусгаж өгснөөр Хүкүёог хэрхэн аж төрж, хэр мэргэжилдээ чамбай нэгэн болохыг ямар ч үг шаардлагагүйгээр илэрхийлжээ. Ийнхүү амьдралынх нь жижиг том гэлтгүй бүхий л хэсгийг дүрсэлж үзүүлэн цаг хугацааны явцад яаж өөрчлөгдөж буйг нь харуулсан байна.
Эл бүгдийг хавсарган шүүвэл киноны утга агуулга дан ганц Хүкүёогийн өөрийгөө таних гэсэн эрэл хайгуулын тухай түүх биш байв. Кино дуусах дөхөхөд түүний эргэн тойрныхон үнэхээр өөрсдийнхөө юу хийхийг мэддэг үнэнч шударга хүмүүс байсан эсэх хийгээд Хүкүёо юу ч үгүй хоосон, өөрийн гэсэн бодолгүй утсан хүүхэлдэй шиг хүн явсан уу, үгүй юу гэдгийг асуухаас өөр аргагүйд хүрнэ. “Дурласан бүхэн гүн шөнөөр” нүднээс далд бүхнийг ил гаргаж тунгаан олж харахыг хүсэмжилсэн нь лавтай.
Бичсэн: