Back to reviews
Bergman Island (2021)

Bergman Island (2021)

Унтарсан түймрийн нурман дээр бүжихүй

May 19, 20264 min read

Селин Сьямма, Миа Хансен-Лёве, Жюлия Дюкурно, Жюстин Трие тэргүүтэй яг нэг үе тэнгийн шижигнэсэн франц эмэгтэй найруулагчид эрчийг авч байгааг өнөө цагийн үзэгчид бид нүдээр гэрчлэн буй. Тэдний нэг Миа Хансен-Лёвегийн кинонууд хүмүүнлэг бөгөөд эгэл үнэн амьдралын хэмнэлтэй зохирон урсдаг билээ. Түүний кинонуудын гол дүрүүд өөр өөрийн цаг хугацаа, сэтгэлзүйн нөхцөл байдал, амьдралын ээдрээн дунд оршихуйн мөн чанар, мэдрэхүйн үнэ цэнэ, харилцааны утга учгийг танин мэддэгээрээ онцлог юм.

Тони, Крис хоёр нэрт найруулагч Ингмар Бергманы амьдарч, ажиллаж асан Форё арал дээр ирснээр уг кино өрнөнө. Тони, Крис хоёр хоёул кино бичиж, найруулдаг хосууд бөгөөд уран сэтгэмж, бүтээлч сэтгэлгээгээ хөглөхөөр эл арлыг зорьжээ. Тэд Бергманы амьдарч байсан байшинд амьдарч, Scenes from a Marriage дээр гардаг орон дээр унтаж, кино зураг авалт хийгдэж байсан байршлуудад очиж, арлын булан тохой бүрийг сониучлахаас гадна тус тусын кино зохиолоо бичнэ. Тони нас сүүдэр, туршлага, уран бүтээлийн замналын хувьд Крисээс үнэмлэхүй илүү. Крис эхэндээ бичих эв дүйгээ олохгүй байсан ч эцэст нь зохиолоо дуусган, мөнөөх арал дээр зураг авалтаа хийдэг. Ийнхүү Крисийн бичиж буй кино зохиол нь “кинон доторх кино” байдлаар харагдах билээ. Энэхүү “кинон доторх кино” нь Эми, Жозеф хоёрын түүхийг өгүүлнэ. Тэд бага залуудаа час халуунаар дурлалцаж явсан ч он жилийн уртад салж, тус тусын амьдралыг хөөжээ. Харин Эми, Жозеф хоёр арал дээр болж буй дундын найзынхаа хуриман дээр дахин учирснаар догдлол дэнслэлийг мэдрэхийн сацуу цаг хугацааны эрхшээлийг эргэцүүлэх билээ. Гэвчиг энэхүү “кинон доторх кино” найруулагчийнхаа буюу Крисийн сайтар өнгөлөн далдалсан дотоод хүсэл, үл ханах шунал, эмзэг мэдрэг дурсамж, дэлгэж боломгүй нууц, үймээнт мэдрэмжүүдээ номхотгон тогтоосон эцсийн шийдвэрийг өгүүлэх аж. Яг л Бергман шиг…

image

image

Доторх бичил кино нь гаднах эх киногоо тайлбарлан өрнөж буй учир Bergman Island-г ‘metacinema’ буюу өөрөө өөрийнхөө тухай өгүүлдэг кино гэж нэрлэж ч болно. Bergman Island-ын кинон доторх кино нь Миа Хансен-Лёвегийн 2011 онд гаргасан Goodbye First Love гэх хагас намтарчилсан кинотой тун адилхан байдаг. Крис Эмигээр өөрийгөө төлөөлүүлсэн шиг Миа Хансен-Лёве Крисээр өөрийгөө төлөөлүүлсэн ч гэж харж болох юм. Товчхондоо, Миа Хансен-Лёве, Крис, Эми гурав бол нэг хүн. Миа Хансен-Лёве өөрөө насаар ахимаг найруулагч нөхөртэй байсан (Оливье Ассаяс), дундаасаа нэг охин төрүүлсэн, Оливье Ассаяс түүнийг кино урлаг руу хөтөлж оруулсан бөгөөд карьерийнх нь эхлэлээс оргил хүртэл нь хамт байсан билээ. Bergman Island-ын Кристэй ерөнхийдөө адилхан юм. Миа Хансен-Лёвегийн кинонууд намтарчилсан биш ч гэлээ амин хувийн шинж чанартай байдаг онцлогтой. Тэгвэл Bergman Island дээр ч эл онцлогоо гээгээгүй бололтой.

Хансен-Лёвегийн дүрүүд сэтгэлийн хөндүүрт шарх, энэлэн шаналан, гань гансрал мэдрэх боловч энэ бүх мэдрэмжээ сүржин даржнаар илэрхийлэх бус, харин өдөр тутмын жир үйлдлүүдэдээ шингээн илэрхийлдэг билээ. Дүрүүд нь зарим талаа илэн далангүй нээж дэлгэнэ, зарим зүйлээ үзэгчдээс далдлан нууна. Гэвчиг киноны төгсгөлд үзэгчид бид тухайн дүрийн ил болоод далд мэдрэмжийг чухалчлахаа больж, харин тухайн дүрийн мэдэрснээ ч мэдэхгүй яваа, магад мэдэрч үл чадах тийм алс холын мэдрэмжийг нь эрэлхийлэн хоцрох аж. Үүгээрээ үзэгчид Хансен-Лёвегийн кинотой гүн харилцаа үүсгэж, эргээд өөрөө өөртэйгөө харилцан яриа өрнүүлдэг. Энэ л Миа Хансен-Лёвегийн гол онцлог.

image

All Is Forgiven, Father of My Children, Goodbye First Love гурван киногоо Хансен-Лёве алдралын гурвал гэж нэрийдэх нь бий. Тэгвэл Bergman Island бол тогтоон барих, үлдэхийн тухай кино болжээ. Дээрх гурван кинонд ирэх болоод явахын тухай өгүүлсэн байдаг бол Bergman Island байхын тухай, тэсэн тогтнохын тухай өгүүлсэн байлаа. Нуурын захад нугас сайхан, нууцаар ханилсан янаг сайхны үлгэрээр хайр сэтгэлт хоёрт ханатал амтлаагүй мэдрэмж, хүсэмжит хүн байвч тогтуун амьдралаа нураалгүй авч үлдэх сонголтыг хийж буй “том болсон хосуудыг” Миа Хансен-Лёве харуулжээ.

image

Bergman Island дээр Ингмар Бергманы тухай нэлээдгүй өгүүлэгддэг. Тони, Крис хоёрын зохиол бичих арга барил нь хүртэл Бергманыхтай төстэй (дэвтэр үзэг ашиглан зохиолоо гараар бичих). Өглөөний цайгаа уугаад, далайн эргээр алхаж, хэнтэй ч уулзахгүй, хэнтэй ч ярихгүй, юу ч уншилгүйгээр ширээнийхээ ард суугаад зохиолоо бичиж буй нь Бергманыхтай адил. Гэхдээ эл кино Ингмар Бергманы тухай илүү ихийг олж мэдэх аялал бус, харин түүний кинонуудад шигтгээтэй байдаг бодит байдал, үнэн чанарыг нээх аялал байв. Крис, Тони хоёрын харилцаа Scenes from a Marriage-д, Эми, Крис хоёрын адилтгал нь Persona-д, Эми, Жозеф хоёрын харилцаа нь Summer with Monika-д агуулагдсан бодит байдал, үнэн чанарыг сэргээн хүүрнэх ажээ.

Шүүмжийг бичсэн: Нармандахын Өнөржаргал