
Crazy Family (1984)
Эелдэг, боловсон дүр төрхийн цаана зангидсан нударга шиг болж барьцалдаж хорчийсон зүрх сэтгэлийн давчуурал
Ким Ки Дук нэгэн ярилцлагандаа “Би Солонгосдоо бол тийм ч алдартай найруулагч биш ээ, гэхдээ дэлхийн үзэгчид миний киног үздэг юм” гэж хэлж байсан. Үүний Солонгос гэх үгийг нь Японоор сольчихвол Сого Ишииг тодорхойлж чадах болов уу. Дэлгэцийн яруу найраг гэх үг Тарковскийн кинонуудтай хамгийн их уягдаж холбогддог. Тэгвэл Сого Ишиигийн кинонуудыг дэлгэцийн постпанк яруу найраг, дэлгэцийн киберпанк яруу найраг ч гэж нэрлэж болох юм. Тэрээр их сургуулийн дипломын ажлаасаа эхлээд л өөрийн бүтээлүүдээрээ нийгэмдээ ёжтойгоор тэрсэлж ирсэн нэгэн бөгөөд япон үзэгчдийн олонхид танигдаж, таашаагдаж чаддаггүй найруулагч юм. Сого Ишии их сургуулийнхаа тоног төхөөрөмжийг ашиглаж кино хийхийн тулд дахин дахин улиран суралцахыг санаархаж байсныг сургуулийн захиргаа нь мэдээд эрмүүн хүсэл эрмэлзлийг нь хэсэг тордож эвийлж байгаад, сүүлдээ бүр үнэхээр төгсөхгүй байхаар нь хөөж орхисон гэдэг. Энэхүү санхүүгийн хараат, хүнд нөхцөл байдал түүний найруулагчийн карьерыг эхнээс нь дуустал дагаж буй. Хоёр, гурван кино хийгээд л үнэхээр санхүүжилт олдохгүй болоод 10 жилийн завсарлага авдаг тийм найруулагч. Кинонууд нь олон улсын шүүмжлэгчдээс гоё гоё магтаал сонсовч ашиг орлого гээд байх юм олж шалихгүй, япончуудынхаа таашаалд нийцэхгүй учраас хөрөнгө оруулагч олдох нь тун ховорджээ. Арга барил, хэв маяг нь хэт ширүүдээд байна гэдэг япончуудын шүүмжлэлээс үүдэн Сого Ишии нэлээн зөөлөрч, удаашрах туршилтуудыг ч хийж байсан. Даанч дахиад л 10 жил завсарлах шаардлагатай болсон. Гэхдээ л тэр шантраагүй билээ, арван жил завсарлаад эргээд л ирдэг найруулагч. Харин The Crazy Family бол Сого Ишииг анхны 10 жилийн завсарлагыг нь авахад хүргэсэн тэр кино нь юм.

The Crazy Family кино нь Кобаяшигийнхан Токио дахь жижиг орон сууцнаасаа хотын гадна байрлах мөрөөдлийнхөө хувийн байшин руу нүүн амьдарч буйгаар эхлэн өрнөх юм. Кобаяшигийн гэр бүл аав, ээж, хүү, охин гээд дөрвөн гишүүнтэй. 4 ам бүл, эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд, хувийн тохилог байшин, аав нь офисын ажилтан, ээж нь жаргалтай гэрийн эзэгтэй гэдэг дүр зураг 80-аад оны Япон улсын дундаж давхаргыг тодорхойлж байжээ. Америк мөрөөдөл гэх терминтэй тун төстэй. Хүү нь Токиогийн их сургуульд тэнцэхийн тулд солиортлоо хичээлээ хийж, охин нь idol болохын тулд дуу хуур, жүжиглэлтийн бэлтгэл хийн өдөр хоногийг элээх энэ айлд аавын талын өвөө нь ирж амьдрах болсноор Кобаяшигийн гэр бүлийн гоёмсог гадарга дор нуугдаж байсан өт хорхой нь цухалзан ил болох юм. Аав Кацүхико нь гэрийнхнийгээ сэтгэцийн өвчтэй гэж боддог бөгөөд тэр өвчнийг нь түүний эцгийн хайр л эдгээж чадна гэж итгэсээр. Харин энэ бүхний эцэст юу ч тэр өвчнийг эдгээхгүй хэмээн бодож, гэр бүлээрээ амиа хорлоё гэж шийдсэнээр жинхэнэ галзуурал эхлэх юм. Жинхэнэ галзуурал... Нэг нэгийгээ алахаас ч үл буцах тэрхүү галзуурлыг үгээр илэрхийлэхэд дэндүү хэцүү билээ.

The Crazy Family нь сэтгэлзүйн триллер болон инээдмийн төрлийг маш сайн уусгасан байгааг харж болох юм. Мөн тийм жинхэнэ мэт галзуурал, давчуурлыг үзэгчдэд хүргэхэд зураг авалтын шийдлүүд нь тун чухал байр эзэлсэн нь тодорхой байв. Найруулагч энд Стэнли Кубрикийн The Shining киноны элементүүдээс ашиглаж, мөн Стивен Спилберг, Брайан де Пальма нарын нөлөөллийг ч тусгаснаа нууж хаалгүй, хүчтэй илчилжээ. Харин уг киноны зураглаачаар бидний сайн мэдэх Tampopo киноны зураглаач Масаки Тамура ажилласан билээ. Масаки Тамура Японы баримтат киноны нэрт төлөөлөгч Шинсүкэ Оговатай удаан хугацаанд хамтран ажилласан, хайртай зураглаач нь гэдгээрээ ч алдартай. Түүний энэхүү арвин туршлага, урт замнал нь The Crazy Family кинонд ч маш чухал үүргийг гүйцэтгэж, үзэгчийн сэтгэлзүйтэй шууд харилцаа тогтоохуйц зураглалыг бий болгожээ. Мөн Сого Ишии найруулагч рок дуу хөгжмийн клип хийж гаршсан нэгэн бөгөөд галзуурлын хэсэгтээ маш зохилдлогот дууг дэвсэж, киноныхоо тэрхэн хэсгийг рок дууны клип болгоод амжих юм.

Сого Ишии найруулагчийн кинонуудад нийтлэг ажиглагддаг сэдэв нь нийгмийн хөгжил болоод түүнийг урагшлуулан түлхэгч хувь хүний сэтгэлзүйн хамаарлын асуудал байдаг. The Crazy Family кинонд ч бас 80-аад оны Японы нийгмийн дундаж давхаргыг бүрдүүлэгч иргэдийн дотоод багтрал, солиорол, давчуурлыг маш тод харуулжээ. Гаднаа боловсон, эелдэг дүрээ гийгүүлэн үзүүлэвч зүрх сэтгэл нь зангидсан нударга шиг болсон тийм давчуурлыг бид эндээс мэдрэх билээ. Дүрүүдийн давчуурал нь орон зай, хувийн өрөө, байшингийн том жижгээс шалтгаалаагүй, харин жинхэнэ давчуурал тэдний дотор буйг бид төвөггүй мэдэрч чадах юм. Нийгмээс стандартчилж өгсөн энэхүү төгс төгөлдөрт нийцүүлэн амьдрах нь гаднаасаа гоё сайхан мэт боловч дотуураа хувь хүний сэтгэлзүйг сульдааж, мэрж хэмэлж байдаг ажээ. Нийгмийн стандарт, давхарга хоорондын зааг ялгаа, хэт үсрэнгүй яаруу хөгжлийн хэмнэл, хувь хүний сэтгэлзүйн ядрал гэсэн дөрвөн хашлагад дөрвөн талаасаа шахагдан хашуулсан Японы дундаж давхаргынхны давчуурлыг энэхүү гэр бүлээр төлөөлүүлэн харуулжээ.
Хамгийн энгийн хүний хамгийн атгаг хүслүүд ч энэ галзуурлын дунд илчлэгдэнэ. Өчүүхэн материалист хандлага, бялдууч зан, гуйвуулж завхруулсан ёс заншил, өмнө үеийн өмхий салхи гээд The Crazy Family-ээс анзаарагдах зүйл асар олон. Бас энэ бүх сэтгэлзүйн триллер, давчуурал галзуурлыг эцсээ хүртэл ёжтой, хошин өнгө аястай хэвээр байлгаж чадаад буй нь Сого Ишиигийн жинхэнэ онцлог билээ.
Шүүмжийг бичсэн: Нармандахын Өнөржаргал