
Хонин түүх: Газрын гав (2026)
Аймшгийн кинонд хувьсгал хийх эсрэг аймшгийн кино
Аравдугаар сард аймшгийн кино зонхилдог болоод уджээ. Үүний нэг жишгээр John Sheepskin “Хонин түүх” хэмээх антологи бүтээл өнгөрөгч долоо хоногт цацагдав. Эхний кино нь Майдар Жалайрын найруулсан “Газрын гав” байлаа. Уг кинонд олон жилийн урьд учир битүүлгээр алга болсон охиноо эргүүлж олохоор зорих Нансалын түүхийг баримтжуулсан хэлбэрээр хүүрнэх аж.
Саруул гэх антропологич камер луу харан ярилцлага өгч буйгаар кино эхэлнэ. Тэрээр хаачсан нь үл мэдэгдэх хүмүүсийг эрэн сурвалжилдгаа ярьж, харин газрын гаваар ороод алга болчихсон мэт хэргүүдийг “оршихуйн өөр хэмжээс”-тэй холбон тайлбарлах аж. Тэгэхэд сурвалжлагч сүнсний ертөнц ярьж буй эсэхийг нь асуухад Саруул бодлогоширч, түүний нүдийг камер аажим аажмаар томруулсаар харцыг нь гүн тусгана. Аймшгийн киноны үндсэн дүрэм нь үзэгчдэд кинон дээр гарах бүхэн үнэхээр бодит амьдрал дээр болсон явдал шүү гэж итгүүлэхэд байдаг. Тиймээс үзэгчдийг огт хуураагүй, жинхэнэ түүх хүүрнэх гэж байна гэсэн уур амьсгалд оруулахын тулд бусад аймшгийн кинонд нь ч нийтлэг ашиглагддаг баримтат дүрслэлээр ийн эхэлжээ. Дээрээс нь газрын гаваар орсон мэт хүмүүст юу тохиолдсон байж болох уу гэх сэдлээр аймшгийн киноны түгшүүрт нөхцөлийг бүрдүүлж өгөв. Тэгэхээр уг кино эхлэлээсээ улиг болсон дүрслэлтэй, үзээд байх шаардлагагүй уламжлалт аймшгийн кино юу гэдэг асуулт гарч ирнэ. Харин кино төгсөхөд “Газрын гав” аймшгийн киноны уламжлалыг сөрж зогсох гэсэн эсрэг аймшгийн кино болох нь мэдэгдэв.
Аймшгийн кинонд ер бусын үзэгдэл судлаач гарч ирсэн бол гол дүрд туслахаар гэрийг нь нэгжиж, цуг хүртэл амьдарч хэргийг нь шийдэж өгдөг. Гэтэл Саруул Нансалд туслахаар хэд гурав гадуур дотуур уулзаж, ах нь гэнэт алга болсноос хойш хаачсан нь үл мэдэгдэх хүмүүсийн талаар эрэн сурвалжилдаг болсноо хүртэл ярьж өгөх ч төгсгөлд нь Нансалын охин ба ахынхаа алга болсон шалтгааныг өөрөө шийдэж чадалгүй дуусна. Мөн баримтат хэлбэрээр дүрслэгдсэн аймшгийн кинонуудад бичлэг хийж буй дүрүүд нь сүнс эсвэл чөтгөрийг уйгагүй хайж олохоор явсны эцэст хорлолд өртөн, тэднийг хөнөөсөн зүйлийн дүрс киноны төгсгөлд ганц удаа ч болтугай тод харагддаг. Тэгвэл Нансалын гэрт камер суулгаж, үйл явдлыг баримтжуулахад туслах Эрхэс, Мөөгий, Ганаа гэх гурван залуус аюул осолд өртөлгүй, камертаа хачин жигтэй чимээ бичиж авснаас биш хэн нэгний дүрсийг буулгаж чадалгүй дуусах нь Саруул нууцыг тайлж чадаагүйтэй адил юм.
Зураглал ба эвлүүлгийн хувьд мөн аймшгийн киноны жишгийг эхлээд дагасан нь илт. Нансал цонхны цаана охиныг нь хэн нэгэн тэврээд зогсож байсан гэж хэлэх мөчид байшин дотроос тэр хэн нэгэн нь эргүүлээд Нансалыг харж буй мэтээр эвлүүлэг хийгдэж, шөнө оройн цагаар бичлэг хянах Эрхэсийг ч мөн хэн нэгэн ар нуруунаас нь гэтэж буй адилаар зураглан буулгаснаар ямар нэг сүнс сүүдэр буй мэт түгшүүрт уур амьсгалыг бүтээжээ. Гэхдээ уг кино сүнсийг биетээр огт үзүүлэхгүйгээс гадна булангийн цаанаас хэн нэгэн гарч ирэх гэж буй мэт камерын удаан хөдөлгөөнөөр үзэгчдийг цочоох гэж оролдсонгүй.
Харин киноны гол зөрчил нь хүүрнэлийн дүрмийг ийн эвдэх зуураа дүрүүдийн загварт хэт баригдсанд байлаа. Саруул “судлаач” дүр гэсэн шиг хослол өмсөж харааны нүдний шил зүүн, арагш гөлчийтөл нь самнасан хар урт үстэй дүрслэгдэх нь, Мөөгий найзууд дундаа хамгийн том биетэй атлаа аймхай царайлан үзэгчдийг хөгжөөх зорилготой мэт тоглогдсон нь, зөнч ч хар бариу даашинз дээр номин ногоон нөмрөгтэйгөөр нууцлаг нэгэн аятай үзэгдэх нь эдгээр дүрүүдийг биеэ даасан гэхээс илүүтэй хэвшмэл дүр (character role) адил болгожээ. Мөн Нансал хуучин эхнэртэйгээ уулздаг үзэгдлийн хувьд Нансал дуугаа өндөрсгөн ярьж дууссаны дараах кафе доторх хосын хариу үйлдлийг оролцуулсан нь уг киноны уур амьсгалд садаа учруулахаар илүүц хэсгийн нэг байв.
Ямартай ч “Газрын гав”-д аймшгийн киноны сүнстэй байшин, ер бусын үзэгдэл, сэтгэл зүйн гэх мэт төрөл зүйлүүдэд гарах бүхий л хүүрнэлийн хөшүүргүүд ашиглагдсан ч тэдэнд уламжлагдан ирсэн тайлал хэсэг огт тусгагдаагүй нь ердөө дүрмийг эвдэхийн төлөө биш байлаа. Уг киноны утга агуулгат дөрөөлж үзвэл, тарни уншдаг лам, эрэн сурвалжлах судлаач, камер гартаа атгасан залуу гээд ямар ч чадвартай, хүсэл зоригтой хэн байх нь хамаагүй “хүн” л бол энэ ертөнцөд тайлж ойлгохооргүй, олж харж чадахааргүй хачин жигтэй тохиол бий гэдгийг илэрхийлэхийн тулд бүхнийг шийдээд дуусдаг аймшгийн киноны аргыг шинэчлэн харуулжээ. Мөн нийтлэг аймшгийн кино нь гол дүрийн тодорхой сүнс, чөтгөртэй тэмцэх зовлонтой тарчлаагаар эсвэл төгсгөлийн жаргалтай тайллаар үзэгчдэд ямар нэг сэтгэл ханамж хүртээхийг зорьдог атал уг кино тэр сэтгэл ханамжийн эсрэг байв. Үзэгчдэд айдас түгшүүр мэдрүүлсэний эцэст сэтгэл ханамж өгөх ёстой хүүрнэлийн арга зүй уг кинонд дүр тус бүрийн зүгээс болж буй үйл явцыг мэдэрч тунгаахад шаардлагатай уур амьсгалыг бүрдүүлж, үзэгчдэд тайллыг нээлттэй үлдээн, сэтгэлийг нь улам тэвдүүлж дуусгах өөр зорилготой ашиглагджээ. Тиймээс “Газрын гав”-ыг товчхон дүгнэвэл, аймшгийн киноны төрөлд хувьсгал хийхүйц эсрэг хэв маягийн кино байлаа.
Бичсэн: