
Good Morning (1959)
Техник технологийн хөгжил болоод хэрэгцээгүй худалдан авалтын донтолтын мяндсан ялгаа
Ясужиро Озу бол кино урлагийн хөгжлийн түүхийг Японы нийгмийн хөгжлийн түүхтэй хамтад нь гэрчилсэн эрхэм билээ. Кино гэх зүйл дуугүй, хар цагаан байхаас эхлээд дуу шуутай, нүд зүсэм хурц өнгөтэй болох хүртэл Озу мастерийн уран бүтээлийн замнал дурайдаг. Түүний 1927-1936 оны хооронд бүтээсэн кинонууд нь бүгд хар цагаан, дуугүй байсан бол, 1936 оноос эхлээд кинонууд нь дуутай болж, харин 1958 оноос хойш бүтээсэн кинонууд нь бүгд өнгөт кинонууд байсан билээ. Өөрөөр хэлбэл, Озу мастер кино урлагийн хөгжлийн гол үе шатуудыг өөрийн биеэр, өөрийн уран бүтээлээр гэрчлэн туулсан юм. Харин түүний амьд ахуйдаа амжиж бүтээсэн цөөхөн хэдэн өнгөт кинонуудын нэг нь Good Morning. 1932 оны I was born, but... киногоо ийнхүү дахин бүтээсэн нь өдгөө бидний үе хүртэл сайтар хадгалагдаж үлдсэн бүтээлүүдийнх нь нэг болжээ.
Киноны үйл явдал нь Токио хотын захын дүүрэгт аж төрөх 4 хөрш айлын амьдралыг харуулах юм. Нэг нэгнийхээ амьдралд хошуу дүрж, мэр сэр цуу яриа тарааж, нэгэндээ гомдож бас уучилж амьдрах эл дөрвөн айл алслагдмал, аядуу тайван нөхцөлд аж төрж буй мэт боловч нийгмийнхээ өөрчлөлт шинэчлэлтийг хүссэн хүсээгүй мэдэрч, хүлээн зөвшөөрч буй үйл явц энд өрнөх билээ. Телевизор, угаалгын машин гэх мэт зүйлс ард иргэдийн амьдралд дөнгөж л нэвтэрч эхэлж буй үe... Минору, Исаму гэх бяцхан ах дүү хоёр хичээл номоо умартан байж телевизор үзэхийн тулд хөрш айл руугаа байн байн явах нь ээжийнх нь санааг зовж, гэрт нь даацтайхан маргаан өрнөх нь тэр. Ийнхүү Минору, Исаму хоёр юу ч дуугарахгүй байхаар шийдэж, чимээгүй бослого зарлаж буйгаар эл кино үргэлжилдэг. Тэдний аав ээж нь телевизорыг нийгэмд тэнэгүүдийг бэлтгэдэг, хүмүүсийн тархинд нэг үзэл санааг хүчээр суулгадаг хэрэгсэл гэж үзнэ.

Энэ кино бол Озугийн кино урлагт 32 жил тасралтгүй ажилласны үр дүнд бий болсон бүтээл. Тиймдээ ч түүний тогтсон арга барилыг нэвт шингээсэн байх нь гарцаагүй. Кадрын таслалт болон шилжилтэн дээр үргэлж нам гүмхээн дүнсийх гудамж талбайг харуулдаг, камераа хөдөлгөөнгүй, нам дор газар байрлуулдаг, өнгө тавилт болон зураглалаа япон соёлын илэрхийлэл болгож хийдэг гэхчилэн олон онцлогийг дурдаж болно. Ялангуяа япон интерьер дизайны шийдлийг Озу шиг нямбай харуулдаг хүн цөөхөн шүү дээ, нүдэнд амар, эвтэйхэн харагддаг бор, шаргал, цагаан зонхилсон өнгөнүүд, модон материалын давамгайлал, дүрүүдийнх нь хувцас ч бас тодорхой тооны хэдхэн өнгөтэй, эд хогшил багатай, өрөөний цэгцтэй зохион байгуулалт гээд энэ бүх дизайны онцлог нь Озугийн кинонуудаас хүчтэй мэдрэгддэг.


Японы нийгмийн уламжлалт тогтолцоо нь илүү барууны хэв маягтай болж, дайны дараах эдийн засагт нь шинэчлэлийн бодлогууд хэрэгжиж, техник технологийн салбарт илүү их хөрөнгө оруулалт хийгдэж байсан үеийг энэ кино шууд бусаар харуулах юм. Телевизор, угаалгын машин гэх зүйлс хүмүүсийн амьдралд дөнгөж л нэвтэрч буй нь, хүүхдүүд англи хэлийг ямар ч хичээлээс илүү хичээнгүйлэн сурч буй нь, англи хэлний мэдлэг нь тухайн хүүхдийн ирээдүйн мэргэжил, карьерын хувьд ямар нэг байдлаар өсөлтийн баталгаа болж буй тухай зүйрлэлээс гадна нийгэм, эдийн засгийн шилжилтэнд гэнэт ажилгүй болсон хүмүүс, ямар ч хамаагүй ажил хийе гэж шулуудсан хүмүүс, ажил хийдэг боловч түүнээсээ цөхөрч гүйцсэн ажилчин ангийг харуулсан нь энэ бүхнийг гэрчилнэ. Соёл иргэншлийн цэцэглэл гэхээс илүүтэй хэрэглээний тав тухын цэцэглэл өрнөөд буйг Озу инээдмийн өнгө аясаар ийн илэрхийлж чаджээ. Ямар нэг шинэ эд хогшил авахаараа л туйлаас жаргалтай болдог худалдан авалтын донтолтын тухай Озу мастер аль 1959 онд сануулж байж. Техник технологийн хөгжил болоод хэрэгцээгүй худалдан авалтын донтолт хоёрын мяндсан ялгааr Good Morning кино тун ч гоё гаргаж өгөх юм.
Мөн Минору, Исаму хоёроос болж гэрт нь телевизор худалдан авах тухай маргаан үүсэж буй нь ямар нэг шинэ, шинэлэг технологийг залуу үе нь түрүүлэн мэдэрч, нийтийн хэрэглээ болгодогийн илэрхийлэл байлаа. Шинэ техник технологийн хэрэглээ нь залуу үеийг дагаж бий болдог учраас хэрэгцээгүй зүйлийг бусдаас дутахгүй, бусдаас хоцрохгүй гэх ядмаг бодлоор ашиглах нь эргээд нийгэмд хэрэглээний буруу соёлыг гааршуулах эрсдэлтэйг ч сануулах шиг. Нийгмийн хэрэглээний соёл гэх зүйл нь залуу үеийн хариуцлага байдаг ч гэж хураангуйлан тодорхойлж болохоор байв. Харин энэ бүх чухал асуудлыг Озу мастер инээдмийн кино болгон, хөгжилтэй өнгө аясаар илэрхийлж чадсан нь түүний ялгамжит чанар, чадал чансааг тодорхойлох билээ.
Нийтлэлийг бичсэн: Нармандахын Өнөржаргал