
inteReview | The Drama (2026)
We listen and we don't judge.
FRAME сэтгүүлийн багийнхан кино шүүмжийг илүү амьд, илүү сонирхолтойгоор бичихийг зорьж буй бөгөөд үүнийхээ нэгээхэн хэсэг болгон inteReview булангийнхаа эхний шүүмжийг хүргэж байна. inteReview нь ярилцлага болон шүүмжийг хослуулсан хувилбар юм.
(Спойлер агуулагдахыг анхаарна уу.)
Өнөржаргал: Кристоффер Борглигийн “Dream Scenario” киног анх үзсэнийхээ дараа “Sick of Myself”-ийг нь үзэж байсан. Нийгмийн шүүмжийг инээдэм, бараан егөөгөөр илэрхийлж чаддаг нь найруулагчийнх нь нэг онцлог. Ялангуяа cancel culture буюу хэрэгсэхгүй болгох соёл зэрэг орчин үеийн нийгмийн ‘болсон, болоогүй’ соёлуудыг их мөлждөг найруулагч шиг ээ. ‘Болсон, болоогүй’ гэдэг нь хүмүүс мөн чанарыг нь сайтар ойлгож тунгаагаагүй зүйлдээ олонхийг даган хошуурахыг хэлж байгаа юм. Тэр ч утгаараа “The Drama” Кристоффер Борглигоос хүлээж болохоор сэдэв бүхий кино байлаа.
Солонго: Миний хувьд Кристоффер Борглитой “The Drama” киногоор нь танилцаж байна. Найруулагчийн өмнөх кинонуудаас харахад нийгмийн асуудлуудыг өөрийн гэсэн өвөрмөц байдлаар егөөддөг уран бүтээлч шиг санагдаж байна. Миний хувьд “The Drama” кино стресстүүлэхийн хажуугаар их инээлгэсэн кино байлаа. Гэхдээ егөөдөж инээсэн гэх үү дээ. Чамд ямар санагдсан бэ?

Ө: Энэ киног үзсэнээс хойш надад хоёр бодол л их төрж байна. Эхнийх нь, “Бүх дэлхий чиний эсрэг зогссон ч би хажууд чинь байна” гэх алдартай үгийн эсрэгийг харуулсан нь гоё байлаа. Бүх дэлхий хайртай хүний минь эсрэг байвал шууд л хажууд нь байж, зөвтгөж, түшиж тулахын оронд “Яагаад хүмүүс түүний эсрэг байгаад байна вэ?” гэж гайхаж эргэлзэнэ шүү дээ. Тэгээд эцэст нь, тэрхүү үзэн ядагдсан шалтгаан нь миний зарчим, ёс суртахуунд харшлах эсэхийг, мөн миний түүнээс олж харсан сайн сайхан зүйлийг давамгайлж, нураахуйц эсэхийг бодно. Тэр утгаараа, эдгээр дүрүүд хэчнээн инээдтэй, өнгөцхөн сүржигнүүр ч гэлээ бас ойлгож болмоор. Хоёр дахь нь, тухайн кино нийгмийн соёлын гажуудал хувь хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлж буйг харуулах мэтээр хэчнээн сайн санаа, зорилготой байлаа гээд шууд л сайн кино болчихгүй гэх бодол байлаа. Сайн санаа, зорилготой байлаа гээд шууд л түүнийг нь яриад, сайн кино болгоод явчихдаг тохиолдол их бий шүү дээ. Чиний анхны сэтгэгдэл ямар байв?
С: Энэ кино хайр болон хүний харилцааны тухай асуултуудыг үзэгчдэд тавьж байгаа мэт санагдсан. Кино эхлэхэд бид Чарли, Эмма хоёр бие биедээ хайртай хосууд гэдэгт бат итгэлтэй байсан. Гэтэл хайр гэж яг юу юм бэ? Уучлалт юм уу, хүлээн зөвшөөрөлт юм уу? Нөгөө хүнийгээ бүхий л алдаа дутагдалтай нь хайрлах нь жинхэнэ хайр юм уу? Тэгвэл Чарлигийн хайр худал байсан болж таарав уу? Харин адгийн зан гаргасан Чарлиг уучилж буй Эмма түүнд чин сэтгэлээсээ хайртай гэсэн үг үү? гэх мэт олон эргэцүүлэл надад төрсөн. Киноны гол зангилаа болох “Амьдралдаа хийж байсан хамгийн муухай үйлдэл чинь юу вэ?” гэдэг асуултын хариу болох үйлдлээ дүрүүд яг одоо хийгээд ч байгаа юм шиг. Гэхдээ Эммагаас бусад нь. Чарли өөрөө заавал муу зүйл үйлдэж байж л, тэрнээс хойш Эммаг учиргүй ойлгож, “хайрлаж” эхэлж байгаа нь ямар үед хүний хамгийн муухай зан гардгийг тодотгож байгаа мэт. Өөрөө алдаа хийсэн тохиолдолд л бусдын алдааг ойлгоно гэдэг нөхцөлтэй ч юм шиг. Үүнтэй холбогдуулан асуухад, чиний хувьд тэр дөрвийн хэнийх нь түүх “хамгийн хөгийн” байсан бэ?
Ө: Санал нэг байна. Киноны эхлэлээс л Чарли үнэхээр Эммад хайртай юу гэх асуулт надад төрж байлаа. Түүнд хайртай, дуртай байх шалтгаануудаа яг л хүнс цуглуулах жагсаалт шиг өрж бичээд л. Яагаад гэх шалтгаанууд нь дүрсээр гарч, үзэгчид бид ч бас Чарли болон түүний найзтай хамт Эммаг сонжиж шинжсэн байдлаар киног эхлүүлсэн шүү дээ. Тэгээд л киноны туршид Эмма тэр чигээрээ драма үүсэх, яриа эхлүүлэх объект болж хувираад, бусад нь уг объектийг тойроод л өөрсдийгөө гол дүр болгоод байгаа нь харагддаг. Энэ бол маш сайн шийдэл байсан. Үнэхээр хариулахад бэрх асуулт нь энэ асуулт байсан шиг ээ. Харин “хамгийн хөгийн” үйлдлийн хувьд, би Эммагийнхаас бусдынх нь үйлдэл гэж бодож байна. Бүгд хохирогчдодоо бие махбодь болон сэтгэлзүйн хувьд шарх үлдээхүйц үйлдлүүд байсан шүү дээ. Харин Эммагийн бодол нь биеллээ олсон бол аймшигтай ч гэлээ, хүний ухаажих, эдгэрэх, өсч боловсрох шатны л зураглал шиг санагдаж байлаа. Чиний хувьд аль нь байв?
С: Нээрээ л хайр гэдэг сайн, муу гэх жагсаалт гаргах шаардлагагүйгээр цаанаасаа л ундардаг мэдрэмж шүү дээ. Санал нэг байна. Миний хувьд Эммагийнхаас бусдынх нь үйлдэл илүү хөгийн, илүү хортой санагдсан. Тэдний өсвөр насандаа хийсэн тэрхүү үйлдлүүд нь яг одоо энэ нөхцөл байдал дээр тусгал болон гарч ирж буй мэт. Жишээ нь, Рейчэл хөршийнхөө хүүхдийг ойд түгжиж орхисон шигээ тийм хэрцгий байдлаар Эммад хандаж, ганцаардуулж, гадуурхаж зовоохыг хүссэн. Харин Майк найз охиноо урдаг нохойд хаяж өгдөг шигээ энэ асуудлаас өөрөө зугтаж, Рейчэлийг л урдаа барьж байсан. Харин Чарли өсвөр насандаа хүүхэд дээрэлхэж байсан шигээ дахиад л эргэн тойрныхонтойгоо нийлж Эммаг “буллидаж” буй мэт. “Хайртай хүн”-ийхээ хамгийн хэцүү дурсамжийнх нь талаар хүмүүст зарлаж явна гэдэг бол хамгийн муухай гадуурхалт шүү дээ. Ялангуяа хуримын хэсэг дээр энэ зан нь тодорч гарсан.

С: Надад киноноос хамгийн их таалагдсан зүйл нь дууны найруулга байлаа. Эммад төрж буй мэдрэмжийг өөрөө мэдэрч буй мэт санагдсан. Чиний хувьд киноноос өөр таалагдсан зүйлс юу байна?
Ө: Тийм ээ, дүрүүдийн хортой үйлдэл хандлага нь энэ драма дээр ч яг адилхан илэрсэн. Гэхдээ Эммагийн хандлага ч өөрчлөгдөөгүйг харж болохоор байсан. Эмма бодлоо дотроо тээгээд, хэнд ч хэлдэггүй, дотроо зөрчилдөж тэмцэлдсээр эргээд чимээгүйхэн уучилж, эдгэрч сурсан байдаг. Тэр сургууль дээрээ халдлага хийх бодлоо ч тэгж давсан, энэ драмаг ч бас чимээгүй байсаар л давлаа шүү дээ.
Надад хамгийн таалагдсан бас таалагдаагүй зүйл нь эвлүүлэг байлаа. Ерөнхийдөө, киноны сэдэв, санаа нь сайн, хүчтэй боловч илүү гүнзгийрч болох зөндөө зүйлийг орхигдуулсан мэт. Түүнд нь эвлүүлэг нь саад болсон ч юм шиг. Гэхдээ нөгөө талаас, яриан дундуур огцом солигдох кадрууд, мөн L cut-ууд нь бидний асуудлыг хэрхэн шийддэг, бусдыг хэрхэн сонсож ойлгодогийг егөөдөж, киноныхоо драма руу улам сайн оруулж байх шиг санагдаж байлаа. Үзэгчдэд бодох, бясалгах орон зай өгсөн эвлүүлэгт илүү дуртай. Харин энэ киноны эвлүүлэг эсрэгээрээ. Гэхдээ драма үүсэхэд бид угаас тэгж бодож бясалгаж чаддаг билүү дээ гэж бодохоор нийцэж зохицсон санагдлаа.
С: Кино зохиолынх нь тухай нэг шүүмж уншихад, “Чарлигийн араар тавилттай хэсэг хэрэггүй байсан. Тэрний оронд Эммагийн дотоод тэмцэл, зөрчлийн тухай, мөн өсвөр насных нь трауманы тухай илүү үзүүлэх хэрэгтэй байсан юм” гэсэн байсан л даа. Чи энэ талаар юу гэж бодож байна? Миний хувьд харин ч Эммагийн дүрийг тэр хэвээр нь орхисон нь бидэнд түүний тухай бодож, дүгнэлт хийх орон зайг олгосон юм шиг санагдсан. Тэглээ ч, энэ кино өсвөр насны дээрэлхэлтийн тухай биш, Америк дахь масс буудлагын тухай ч биш шүү дээ. Харин тухайн нөхцөл байдалд илэрч буй дүрүүдийн хариу үйлдлээр дамжуулан хүний мөн чанарыг харуулж байгаа гэж би ойлгосон. Эммагийн дүр дээрэлхэлтээс болоод трауматай байсан нь тодорхой. Түүнээсээ болоод олон жил дотроо гэмшил тээсэн учир, Чарлигийн үйлдлүүдийг тэрхүү гэмтэй мэдрэмжээрээ дамжуулан хүлээн авч, тэмцэхгүй байгаа юм шиг санагдсан.

Ө: Би киног үзэж дуусаад удаагүй байхдаа Эммаг бага зэрэг нээлттэй, өөрийгөө илэрхийлдэг, өөрийнхөө төлөө тэмцдэг дүр байсан бол гэж бодож байлаа. Гэхдээ удаан бодох тусам энэ нь дүрүүдийн тодорхой үе, нөхцөл байдлыг хэрхэн давж туулсныг харуулж байна гэж ойлгосон. Эмма өсвөр насныхаа тэрхүү хэцүү үеийг маш удаан бодож бясалган, гэмшиж бас эдгэрч давсан байдаг. Дотроо аль хэдийнэ шийдээд, дүгнээд цэгцэлчихсэн асуудлыг нь бусад хүмүүс эргүүлж задлах гээд байвал ямар ч хүн чимээгүй л суух болов уу, тайлбарлахаас залхах болов уу гэж бодогдсон юм байна. Харин бусад дүрүүд нь тийм зүйл хийчхээд, өрөөлийг хохироочхоод үйлдэлдээ хангалттай гэмшиж, бодож эргэцүүлсэн юм уу, үгүй юу гэдгийг бид мэдэхгүй. Рэйчел, жишээ нь, үеэлийнхээ масс буудлагат өртөж амиа алдсаны дараах уй гашууг яаж давсан бэ гэдэг нь сонин. Тухайн нөхцөл байдал, “хүн бүр өөр” гэх эргэцүүлэл, учир шалтгааны зангилааг бодолгүйгээр зөвхөн үзэн ядалтаар л уй гашуугаа дараад өнгөрсөн мэт. Майк бол “Дахиж таарахгүй байхад л болно” гээд аргацаагаад давсан шиг. Тэр нь бүр ч хэрцгий юм. Харин Чарли дээрэлхэгч байсан хэр нь үйлдлийнхээ тухай ярьж байгаагаас нь харвал, томоожоогүй, тавтиргүй, эсвэл loser хүмүүс л дээрэлхэгч байдгийн жишээ шиг санагдаж байлаа. Эмма л үйлдэлдээ биш, зүгээр л тийм зүйл бодож явсандаа хүртэл гэмшиж, бясалгасан хүн нь. Ингээд дотроо цэгцэрчихсэн дүр учраас нэг их тайлбар тавиагүй юм шиг. Уй гашуу, зовлон, буруу үйлдлийн дараах гэмшлийг хэрхэн даван туулах тухай чамд юу гэж бодогдсон бэ?
С: Эммагаас бусад дүрүүд нь хийж байсан үйлдлүүдээ өмнө нь ерөөсөө тунгаан бодоогүй байх аа. Ярианы эхэнд Рэйчел, Майкыг цаашлуулж, ярихыг шавдуулж байгаагаас нь харахад тэр сэдэв бол тэдний хувьд зүгээр л нэг ярихад эвгүй хэрэг мэт. Чарли ч бас өөрийнхөө дээрэлхэлт үйлдэж байсан талаараа хэнэг ч үгүй ярьдаг шүү дээ. Киноны трейлер, маркетингийн ажлуудыг анх харахад яг л романтик комеди мэт байсан ч киног үзэхэд найруулагч жанр хольсон байсан нь таалагдсан. Киноны жанр, тэдгээрийн тодорхойлолт ер нь л ярвигтай байдаг шүү дээ.
Ө: Өмнө ярьсанчлан, киноны хамгийн хэрэггүй хэсэг нь Чарли Эммаг араар тавихын алдад больж буй хэсэг байсантай санал нийлнэ ээ. Гэхдээ өөр ямар нэг юмаар орлуулах тухайд санал нийлэхгүй. Яг энэ хэсэг маш хүчилсэн санагдсан. Анхны драмагаа үргэлжлүүлээд, маш гоё дуусгаж болох байсан. Гэтэл анхдагч драма нь хүчгүйдээд байсан мэт, заавал нэг зүйл нэмж байж хуримыг нь түйвээж болох юм шиг, тийм хүчилсэн зүйл байлаа. Миний хувьд, сайн зохиолыг алсан том шалтгаан нь энэ байв. Хэрвээ анхдагч драмагаа барьж үргэлжлүүлээд, хуримыг түйвээсэн бол Рубен Остландад ч дөхөхүйц сайн бараан егөө гарах ч боломжтой байсан байх. Мөн Эммагийн бага насны дүртэй Чарли яг хосууд шиг байдаг хэсэг үнэхээр хэрэгцээгүй байсан. Боргли өөрөө ч ийм төрлийн эсээнээсээ болж хэл аманд ороод байгаа шүү дээ. Кинонд нэг их хэрэгцээгүйгээс гадна зорилго нь үл мэдэгдэх сценүүд байлаа. Чиний хувьд тэр хэсгийг юу гэж бодов? Мэдээж, Эммагийн сургуулийн масс буудлага хийх гэж байсан үетэй хамт байгаагаар төсөөлж буй нь Чарлигийн сэтгэл санааг тодорхойлж болох ч энэ тийм чухал байсан гэж үү?
С: Миний хувьд ярианы эхлэл хэсэгт дурьдсанчлан “Өөрөө алдаа хийсэн тохиолдолд л бусдын алдааг ойлгоно гэдэг нөхцөл”-ийг харуулахын тулд Чарлигийн араар тавилтын хэсэг байх хэрэгтэй байсан гэж бодож байна. Ингэснээр Эммад ч Чарлиг уучлах, уучлахгүй байх сонголт үүсэж, үүнээсээ Чарли, Эмма хоёрын хэн хэнийх нь эмпатиг харьцуулан гаргаж ирсэн нь илүү сонирхолтой болгосон байх. Харин Эммагийн бага насны дүртэй Чарли хосууд шиг байдаг хэсгийн тухайд чамтай санал нийлж байна. Тэр хэсэг байхгүй байлаа ч, Чарлигийн сэтгэл санааны байдлыг үзэгчид аль хэдийн ойлгосон байсан шүү дээ.

Ө: Миний хувьд, Чарли хүмүүст хов, цуу яриа тараагаад явсныг мэдээд хэрэлддэг хэсэг бол уучлах, уучлахгүйн тухай сонголтыг Эммад хангалттай үлдээж болох байсан. Угаасаа тэсрэх байсан бол тэр хэсгээс тэсрээд, бүх найзуудадаа эсэргүүцлээ илэрхийлсэн бол надад илүү байхаар санагдсан. Тийм зүйлд ч бүрэн хариу үйлдэл үзүүлэхгүй байгаа учраас нэг л дүрээ хэтэрхий ухаантай, Будда болгоод өргөмжлөөд байгаа мэт болчихсон. Жүжигчдийн тоглолтын тухайд юу гэж бодсон бэ? Миний хувьд, одоо цагт хамгийн алдартай, өндөр чансаатай яваа хоёр жүжигчнийг тоглуулсны гол зорилго нь арилжааны зорилго байсан гэж бодож байна. Роберт Паттинсоны хувьд weird залуугийн дүрд хэт олон тоглосон болоод ч тэр үү, нэг их онцгой санагдахаа больжээ. Нэг төрлийн дүрээ хэт их бүтээгээд ирэхээр тэр характер нь жүжигчнээ тодорхойлоод байдаг шиг. Ер нь энэ хоёр дүрд ямар ч жүжигчин төсөөлөгдөж болж байна гэдэг нь өөрөө нэг их өндөр түвшний тоглолт байгаагүйг илтгэх шиг санагдаж байна. Чиний хувьд?
С: Ерөнхийдөө санал нийлж байна. Угаасаа дүрүүдийнх нь сэтгэлзүй, асуудалд хандах хандлага өөр учраас жүжигчдийн тоглолтод ялгаа гарч, зөрчлүүд нь улам тодорч өгсөн байх. Роберт Паттинсоны духны судасны жүжиглэлт л үнэхээр гайхалтай хаха. Хуримын дараа Чарли гэртээ ирээд өөрийгөө тэвэрч бүжиглэдэг хэсэг их таалагдсан. Тэр сценээр кино дууссан бол илүү дээр байсан ч юм шиг. Чи төгсгөлийнх нь тухайд юу гэж бодож байна? Заавал “Дахиад эхлэх үү?” гэдэг тэр яриаг давтах хэрэг байсан уу?

Ө: Загтнасан газар маажих шиг боллоо. Их баярлалаа. Энэ төгсгөлийг маш олон хүн үнэхээр романтик, эсвэл зүгээр л гоё гэж хүлээж авсан байна лээ. Миний хувьд, бидэнд асуулт үлдээх ёстой байсан шиг ээ. Хос бүрийн харилцаанд асуудал, драма үүсдэг ч бүгд л өөр өөрөөр шийддэг. Уучлал бол хүчтэй, сайхан зүйл ч гэлээ, уучлал үргэлж шийдэл болдоггүй шүү дээ. Харин Чарли хайртай хүнээ бусдын сэтгэгдэл, нийгмийн шүүмжээр л дамжуулан харж, энд тэнд тавтиргүйтэж явсныхаа дараа юу мэдэрч буйг харуулаад төгссөн бол зөв байсан мэт. Угаас киноны гол зорилго нь “Нэгнээ уучлаад л байгаарай” биш, бид хамгаас хайртай хүнээ харахдаа ч бусдын бодол, нийгмийн нөлөө, өөрийн дутуу дулимаг эргэцүүлэлд хэрхэн барьж хорьдгийг харуулахыг оролдсон байсан шүү дээ.
С: Кинонд шигтгээ болсон хэлц, хэллэгүүд байдаг. “The Drama”-ийн хувьд “Дахиад эхлэх үү?” гэдэг үгийг киноныхоо чимэг болгох гэж хичээсэн юм шиг. Гэхдээ миний хувьд киноны туршид хоёр удаа байх нь л хангалттай байлаа. Чарлигийн ганцаараа бүжиглэж байгаа хэсгээр киногоо дуусгасан бол өмнө нь чиний хэлж байсан шиг Рубен Остланд маягийн егөөдөл гарч ирэх байсан болов уу.
Ө: Санал нэг байна. Энэ үг киноны драма, зөрчлийн дундуур ч гардаг. Эмма roleplay маягийн зүйл хийх гэж оролдож буй нь харилцаагаа, харилцааныхаа гоё сайхныг сэргээх оролдлого байсан. Харин Чарли тухайн үед “Дахиад эхлэх үү?” гэх үгийг үл тоож, эсэргүүцдэг буюу тухайн зөрчил, драма нь тиймэрхүү roleplay-д дарагдахааргүй том гэж үздэг шүү дээ. Гэтэл дарагдахааргүй том болгоод байгаа хүн нь өөрөө л байдаг. Магадгүй, “Дахиад эхлэх үү?” гэдэг үг тэр үед л хэлэгдээд дууссан бол, кинонд ч, дүрүүдийн хувийн оюун санаа, орон зайд ч бага зэрэг нууцлаг байдал үлдэж, үзэгчдэд ч эргэцүүлж бодох, өөрсдөөсөө асуулт асуух орон зай үүсэх байсан болов уу. Киноны тухай шүүмжээ ерөнхийлөөд дүгнэвэл юу гэх вэ?
Соко: Гайхшруулаад байхаар сайн кино гэж хэлэхгүй ч гэсэн, гаргаж тавьж буй асуудлууд нь энгийн хэр нь ээ чухал учраас хүмүүс үзээд нэг эргэцүүлэлд автахад гэмгүй л гэж бодож байна. Киног үзээд дүрүүдийнх нь өмнөөс өөрийгөө тавьж үзээд бодоход өмнө нь харж байгаагүй өнцгүүд гарч ирэх байх аа.
Өөнөө: Би ерөнхийдөө санал нэг байна. Нэмж хэлэх зүйл нь, бидний өмнө ярьсанчлан зохиолд хүчилсэн зүйл оруулж ирэх, үзэгчдэд бодох боломж үлдээх агшнаа гээх, “Unromantic comedy” гэх слоганаа нэг л үгээрээ “Romantic comedy” болгож орхих зэрэг нь Кристоффер Боргли инди кино, арилжааны кино хоёрын дундуур тэнцвэртэй алхах цэгээ хараахан олж чадаагүйнх мэт санагдаж байна. Гэхдээ тэр тэнцвэрийн цэг нь хол биш, ойр байгааг, мөн яриа эхлүүлэхүйц, нэгийг бодогдуулахуйц кино байсныг хүлээн зөвшөөрч байна.