Back to reviews
Portrait of a Confused Father (2025)

Portrait of a Confused Father (2025)

Гуннар Холл Женсений хүүтэйгээ ойртож дотносохыг хичээсэн түүх нь харуусал, гашуудлын түүх болж хувирсан ч тэвчээр гарган киногоо дуусгах тэнхээг олжээ.

September 22, 20264 min read

Норвегийн кино найруулагч Гуннар Холл Женсен A Cup of Tea, Gunnar Goes Comfortable, Oh, It Hertz зэрэг кинонуудаараа Скандинавын баримтат кино уран бүтээлчдийн хүрээлэлд танигдсан нэгэн. Түүний кинонууд даян дэлхийн том сэдвийг хамрахаас илүүтэй оршихуйн мөн чанар, утга учрыг өөрийнхөөрөө эрэлхийлэн хайсан, амин хувийн шинжтэй байдаг. Гуннар Холл Женсений зан чанар, амьдралын хэв маяг, этгээд хошигнол, баримтат кинонд хандах өвөрмөц хандлага, арга барил нь түүний кинонуудад нэвт шингэсэн байдаг бөгөөд үүгээрээ зарим үзэгчдийг өөртөө татаж, бас заримыг нь түлхдэг билээ. Харин 2025 онд нээлтээ хийсэн Portrait of a Confused Father киноноос бид өмнө огт харж байгаагүй Гуннар Холл Женсенийг олж харлаа.

Portrait of a Confused Father кино нь найруулагчийн хүүтэйгээ өнгөрүүлсэн 20 жилийн түүхийг гэрчлэх дүрс бичлэгээс бүтжээ. 20 жилийн турш бичсэн, мөн эцэг, хүүгийн харилцааны олон нюансыг үзүүлсэн энэхүү киногоо эцэслэхээс нь гурван долоо хоногийн өмнө түүний хүү нас барснаар хүүтэйгээ ойртож, дотно байхыг хичээдэг, хэт хяналт тавьдаг аавын түүх хүүгээ нэгмөр тавьж явуулах тухай түүх болж хувирав.

image

Эрх дураараа, сөргүү, тэрслүү насандаа яваа хүүхдээ зөв чиглүүлж залахыг оролдохдоо бүх л эцэг эхчүүд тодорхой хэмжээнд будилж төөрөлддөг байх. Хүүхэд хүмүүжүүлэх гэдэг сурах бичиг, заавартайгаа ирдэггүй тул зарим хүмүүс өөрсдийн эцэг эхээсээ үлгэр жишээ авч, дуурайдаг. Харин найруулагч буюу киноны гол дүр болох Гуннар аавтайгаа өсөөгүй тул Антарктидад хамгийн түрүүнд хөл тавьсан аялагч Роалд Амундсенийг үлгэр жишээгээ болгожээ. Киноны турш цөөнгүй гарах Роалд Амундсений баримтат дүрс бичлэгүүдээс түүний эрэл хайгуулч зан, эр зориг, тэсвэр тэвчээр найруулагчид хэрхэн нөлөөлснийг ойлгож болох юм. Ийнхүү хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн алдартай аялагчдын нэгээс урам зориг авсан Гуннар хүү Жонатантайгаа хойд зүгт аялалд гарч, тэсвэр тэвчээрээ сорихыг хүснэ. Мөн үүнээс урьтан хүүгээ цэргийн сургуульд ч элсүүлжээ. Гэвч хүү нь хойд зүгийг бус, өмнө зүгийг буюу Бразилыг зорив.

image

Portrait of a Confused Father кинонд masculinity буюу эрэгтэй хүмүүсээс эршүүд, хүчирхэг байхыг шаарддаг нийгмийн хүлээлт, хэм хэмжээний сэдвийг маш гүнзгий хөнджээ. Эрэгтэй хүн бие болоод сэтгэлийн хувьд тэсвэр хатуужилтай, ямагт сэтгэлээ барьж чангалдаг, сул доройгоо харуулдаггүй байх ёстой гэсэн номлолоор өссөн 60 настай эцэг ч, хараахан төлөвшиж амжаагүй, хэрхэхээ мэдэхгүй яваа 20 настай хүү ч Вавилоны цамхаг мэт олон чанга дуу хоолой хольцолдсон өнөөгийн нийгэмд будилж орхиж буйг үзэгчид уг киноноос харж болох юм. Эцэг эх нь учраа олохгүй будилж явтал Эндрю Тэйт тэргүүтэй хүмүүс цахим ертөнцөд эрэгтэй хүн ямар байх ёстойг тодорхойлж, өрөөсгөл үзэл, хортой нөлөөллийг залуусын тархинд суулгачихдаг болсны хамгийн тод жишээ уг кинонд үзэгдэх аж. Цахим ертөнц дэх нөлөөлөгчдөөс өрсөж хүүхдэдээ нөлөөлнө гэдэг орчин үеийн эцэг эхчүүдийн хувьд томоохон сорилт болж буйг ч үүнээс харж болох юм. Мөн Portrait of a Confused Father кинонд залуусын бизнесийн сэтгэлгээ, мөнгө, эд хөрөнгийн тухай үзэл, гэр бүлийн тухай ойлголт хэрхэн хувьсан өөрчлөгдөж, уламжлалт ойлголтуудаас алсран холдож буйг харуулжээ. Нийгэм дэх үе хоорондын сэтгэлгээний зай завсар нь гэр бүл дэх эцэг хүүгийн харилцаанд ангал болж нөлөөлөх аж.

image

Киноны зураглал, дүрс бичлэг нь ихэвчлэн ахуйн шинжтэй, амьд мэдрэг байлаа. Түүнчлэн найруулагч өөрийгөө зөвтгөн, сайн аав байсан ч бүтэлгүйтсэн мэтээр харуулах эвлүүлгийг сонголгүйгээр, гэгээлэг, бараан дурсамж, алдаа оноогоо бүхэлд нь дэлгэж, киногоороо дамжуулан бусадтай харилцан яриа үүсгэх боломжийг эрэлхийлсэн нь авууштай байв. Тиймээс уг кино нь үзэгчдэд нэг гэр бүлийг шүүмжлэх бус, харин хүүхэд хүмүүжүүлэх, мөн өөрөө хүмүүжих тухай эргэцүүлэн бодох үндсийг тавьж өгчээ. Мөн 20 жилийн турш бичсэн эдгээр дүрс эцэг хүн байх нь ямар ээдрээтэй, будилж төөрөлдөм үйл гэдгийг хамгийн эмзэг мэдрэгээр харууллаа.

Хүүгийн нас барсан тухай түүх үнэхээрийн цочирдом бөгөөд ямар ч үзэгч болсон явдлыг сонсоод, утсаа шүүрч аван Instagram орох байх. Магад үүнд баримтат киноны хатуу хахир шинж ч оршиж буй. Гуннар Холл Женсений хүүтэйгээ ойртож дотносохыг хичээсэн түүх нь харуусал, гашуудлын түүх болж хувирсан ч тэвчээр гарган киногоо дуусгах тэнхээг олсон нь орооцолдсон ээдрээтэй мэдрэмж бүхнээ бусад эцэг эхчүүдтэй, дэлхий дахинтай хуваалцах гэсэн зорилгыг тээснийх болов уу.

Бичсэн:

Нармандахын ӨнөржаргалEditor-in-Chief