
Possible Love (2026)
Хур баян, хур гуниг, хур бороо
Найруулагч И Чан-дон нэгэн ярилцлагандаа “Би Oasis, Poetry хоёрынхоо дүрүүд шиг хүмүүст л зориулж кино хийдэг” гэж хэлсэн нь бий. Үнэхээр ч И Чан-доны кинонуудад баатарлаг, бадрангуй дүр байдаггүй. Харин ч эсрэгээрээ, кинонууд нь дүрүүдийнхээ болчимгүй, мухардмал, гэнэн тэнэг үйлдлүүдээс, магад үйлийн эзнээс өөр хүнд ойлгомжгүй тийм л үйлдлүүдээс хөврөн үргэлжилдэг. Түүний 2026 онд Венецийн кино наадам дээр дэлхийн нээлтээ хийн, арваннэгдүгээр сард Netflix стрийминг үйлчилгээгээр цацсан Possible Love кино нь мөн л уран зохиол суурьт хүүрнэх арга барил, дүр төвт үйл явдлын өрнөлийг дэлгэцэнд тунхаглажээ.
Ми-ок, Хо-сок гэх эхнэр, нөхөр ганц хүүгийн хамт амьдрах бөгөөд хоёр жилийн өмнө ажлаасаа халагджээ. Эзэд нь үйлдвэрээ америкчуудад зарахынхаа өмнө ажлын байрны цомхотгол хийсэнд ажилчид нь дургүйцэн, томоохон хэмжээний ажил хаялт зарласан ч тусыг эс олж, тэр бүү хэл, бие, сэтгэлзүйн хүндхэн шархтай үлдсэн байв. Харин энэ үйл явдлын тухай баримтат кино хийж буй Ежи гэх найруулагч эмэгтэй Ми-ок, Хо-сок нарын амьдралд тулгуурлан киногоо бүтээхээр болсноор анги давхаргын ялгаа, ажилчин ангийн сэтгэлзүй, даравч далдайх хүмүүний байгалийн хүсэл шунал зэрэг ёроолд нуугдах олон зүйлс эрэг рүүгээ хөвж гарах билээ.

Ежи баримтат киногоо хийж эхлэн Ми-ок, Хо-сок нараас ажил хаялтын тухай, бас тэдний хувийн амьдралын тухай ярилцлага авч, энгийн өдрүүдийг нь зураглах хэсгүүдэд ‘кинон доторх кино’ амилав. Доторх баримтат кино болоод эх уран сайхны киноны хооронд ямар ч хүчилсэн шилжилт, уусгалт байгаагүй нь тун онцлууштай байлаа. Учир нь доторх баримтат кино, түүнийг бүтээх үйл явцыг тусдаа бүтээл, чимэг мэт тодотголгүй, харин ч кино хийх нь өөрөө энгийн л амьдралын үйл явц гэж байгаа мэт үйл явдлын нэг шугмаар хүүрнэсэн нь киног нэг цөм, бүхэл болгожээ. Мөн Possible Love кино нь өөрөө баримтат киноны уур амьсгалтай байсан нь энэхүү цөм, бүхэллэг байдалд нөлөөлсөн нь гарцаагүй. И Чан-дон уран сайхны киног ийн баримтат хэв шинжтэй бүтээсэн нь зөвхөн Декалог 10-т төдийгүй, Кшиштоф Кесьлёвскийн уран бүтээлчийн замналд үзүүлж буй утга төгөлдөр хүндэтгэл байв.

И Чан-доны кинонууд дүр төвтэй. И Чан-дон биш, дүр нь өөрөө тэгж шийдээд, тэгж хэлээд, тэгж үйлдээд буй мэт хөвөрдөг. Иймд түүний кинонд шүүмж бичихдээ ч дүр төвтэй бичих нь зүйтэй юм.
Эхнэр Ми-окийн дүр нь нөхрийгөө бодвол илүү гэгээлэг, амьдралд хайртай, эрч хүчтэй нэгэн аж. Ми-ок ажил хаялтын тухай, үйлдвэрийн ажилчдын тухай, нөхрийнхөө тухай, нөхөртэйгөө анх танилцсан тухайгаа ярихад аливаа үйл явдал, нөхцөл байдлыг өөрийн өнцгөөс л харж, гоо сайхан болоод уй гунигийг нь ч өөрийнхөөрөө мэдэрдэг нэгэн гэдэг нь ажиглагдана. Түүний мэдрэмж, хүсэл, бага зэргийн шунал, гайхашрал, сахилгагүйдуу ааш бүхэн нь ажилчин ангийн хүсэл эрмэлзэл юм. Ми-ок бол одоо цагийн мэдрэмж. Тэрээр маш их ярьдаг ч түүнийг ярих зуур юу ч өрнөдөггүй. Харин түүний нөхөр Хо-сок бол ажилчин ангийнхны одоо цаг дахь ирээдүйн тухай эмзэглэл юм. “Эе нөхөрлөл, эсэргүүцэл, эв нэгдэл” гэх ажилчдын уриа лоозонд итгэн нэгдэж, бусдынхаа төлөө амь хайрлалгүй тэмцэж явсан ч итгэснийхээ хэрээр нөхдөдөө ч, үзэл санаандаа ч хууртаж, хэнд, юунд итгэхээ үл мэдэн тэмтчих одоо цаг дахь ирээдүйн тухай эмзэглэл. Тэр маш бага ярьдаг. Гэхдээ түүнийг ярих тусам маш их зүйл өрнөдөг. Сар байж байж л далай давалгаалдаг шиг Ми-ок, Хо-сок хоёр ил харагдахгүй, бат бөх холбоосоор хамтдаа амьдарсаар л байдаг. Үүний адил ажилчин анги ч бас багтрах шахам балархай ирээдүйтэй ч, тэмүүлж бас хадгалахыг хүсэх одоо цагийн гоо үзэсгэлэнтэй, ил харагдахгүй ч их хүч чадал, цог залийг цогцлоосон анги билээ.

Харин Ежи, Санү нарын хувьд нийгмийн дээд давхаргад харьяалагдана. Санү өв залгамжилсан их хөрөнгөтэй, харин Ежи сайн боловсролын ачаар ядуурлаас гарч, бас Санүтэй гэрлэснээрээ уг ангид хамаарах нэгэн болжээ. Ежи харгис хатуу цомхотгол, ажил хаялт, бослогын тухай, түүнээс хохирч үлдсэн ажилчдын тухай баримтат кино хийж буй нь түүнийг нийгэмдээ санаа зовниж, ажилчин ангийн дуу хоолойг хүргэхийг хүсдэг нэгэн мэт харуулна. Гэвч түүний энэ үйлдэл нь зөв, буруугийн тухай мэдрэмжид л суурилсан төдий, харин хүний сэтгэлийн заяагдмал дуудлага биш юм. Тэр ажилчин ангийг хайрлахыг хичээж, нөхөрлөхийг оролдож буй нь, эелдэг боловсон боловч цаагуураа өрөвдөж харьцаж буй нь үүний баталгаа билээ. Өрөвдөх гэх мэдрэмж хэчнээн тустай, сайхан зүйл байж болох ч үргэлжид эрх мэдлийн харьцааг илтгэж байдаг. Тэдний баримтат кино бүтээх нь яг л аквариумтай загас гэртээ авч тавиад, хооллон ундалж, хайрлан өхөөрдөж, тэгээд шилэн хоргоны цаанаас ажиглах зуураа ямар нэг сонин содон үйлдэл гаргахыг нь хүлээж буй мэт үйл явц.
“Possible” буюу “боломжит” гэх үг уг хоёр ангид өөр өөрөөр үйлчилнэ. Ежи, Санү хоёрт “боломжит” гэх үг нь боломжийг л илэрхийлэх бол, Ми-ок, Хо-сок хоёрт магадлалыг илэрхийлнэ. Яг боломж гэх шугамын их, бага хоёр туйлд зогсож буй мэт. Тийм ч учраас Ми-ок, Санү хоёрын нүцгэн хөөцөлддөг сценд Санү илүү түрэмгий, эзэрхэг, хүссэнээ авч чадаагүйдээ уурссан байдаг бол, Ми-ок зүүд мэт байсан магадлал нь үнэхээрийн биелсэнд балмагдаж, бас бодит байдал руугаа тэмүүлж, хөрсөндөө буух гэж хичээж буйгаар дүрслэгддэг. Санүгийн энэ сцен нь найруулагчийн Burning киноны Бэний дүртэй тун төстэй аж.
И Чан-доны хүндэтгэл үзүүлсэн Кшиштоф Кесьлёвскийн Декалог 10-т цуглуулгат дутсан нэг маркнаас л хамаг үйл явдал хөврөн өрнөдөг, өөрөөр хэлбэл, дутуугийн тухай, дутуугаа гүйцээх тухай, дутууг гүйцээх зуураа улам ихийг алддаг тухай кино билээ. Possible Love кинонд ч дүрүүдийн далд хүслийг цухуйлган харуулсан байдаг. Уух хүсэл, нуух хүсэл, хэн нэгэн байх хүсэл, хэн ч биш байх хүсэл гээд дүр бүр гүйцэд нөхөгдөөгүй дутуу хүсэлтэй. Нөхрийнхөө хөрөнгөнд гар хүрэлгүй бие даан кино хийх Ежигийн зөвийн талд зогсон, ямар нэг онцгой бүтээл туурвих хүсэл нь Ми-ок, Хо-сок хоёрын гэр бүлээс хангагдана. Тэрээр зүгээр л баян хүнтэй гэрлээд, хангалуун амьдарч буй эмэгтэй байхыг хүсээгүй. Амьдралд хайртай, сэтгэл хөдлөл ихтэй Ми-окийн шинийг турших, шинэ хүнтэй нөхөрлөх, гунигаа үргээх хүсэл нь Ежигийн киноноос, цаашлаад Санүгийн зөөлөн, жэнтльмэн зангаас хангагдана. Баян, хангалуун Санүгийн хувьд амьтны гэмээр байгалийн хүсэл шунал нь л хамгийн дутуу агаад түүнийгээ сул дорой мэт боловч этгээд үзэсгэлэнтэй Ми-окоос хангах гэж оролдоно. Ер түүний хэн ч биш байх, хэн ч тоож харахгүй энгийн нэгэн байх хүсэл нь энэ гэр бүлтэй нөхөрлөх нөхөрлөлөөс хангагдах аж. Харин Хо-сокийн нөхдөдөө ч, үзэл санаандаа ч хууртаж цөхөрсөн хур гунигаа гадагшлуулах хүсэл нь эргэн тойронд нь ямар нэг үйл явдал өрнөж, хөдөлгөөнд орсноор хангагдах юм. Бүгд л гүйцэд нөхөгдөөгүй дутуу хүсэлтэй, түүнийгээ нөхөх боломжийг нэгнээсээ хайн, нөхөрлөх гэж, хайрлах гэж оролдовч ангийн сэтгэлзүйн ялгаа, үнэт зүйлийн эрэмбэ, сонголт зэрэг нь тийм ч нам даваа биш билээ.
Оёдлын үйлдвэрээсээ цэрэг залуутай хамт зугтаж гарчхаад, орой нь тэргэл сарыг хараад “Сайхан цаг ирнэ дээ” итгэж суусан Ми-ок одоо “Тэргэл сар гарвал маргааш нь хур бороо орно доо” хэмээн боддог болжээ. Тэр ямар нэг зүйлд итгэж найдсаар, тэргэл сар түүнийг тайвшруулж, гунигийг нь бага ч болов үргээсэн хэвээр л байв. Энэ тэргэл сар үзэгч биднийг ч тайвшруулж аргадах мэт урт кадраар харагдсаар төгсөнө. И Чан-дон кинондоо ангийн хурц тэмцлийг өдөөж хурцатгаагүй ч хүний сэтгэлийн нандин чанарууд орчин үед хэрхэн мөлийж, далдлагдсаныг нийгмийн шүүмжээр дамжуулан илтгэж чадсан байлаа. И Чан-доны дүрүүдийн үйлдэл, сонголт, шийдвэр бүхэн нь үзэгчдэд бодох, эргэлзэх, эргэцүүлэх орон зайг үлдээсээр, уран зохиол болоод кино урлагийн бат бэх холбоог хадгалсаар, бас орчин үеийн драматургийн амин чухал чанаруудыг лугшуулсаар л байна.
Бичсэн: