Back to reviews
R.M.N (2022)

R.M.N (2022)

Улс төрийн болон уламжлалт мэдлэгийн хүрээнд зөв байх үзлийг амин зуулга, амьд гарах инстинкттэй мөргөлдүүлсэн нь

May 26, 20266 min read

Румыны кино урлагийн шинэ давалгааны гол төлөөлөгч хэмээгддэг Кристиан Мунжиу кино бүрдээ улс төр, нийгэм, эдийн засгийн хүчин зүйлс эгэл хүний амьдралд хэрхэн нөлөөлдөгийг үзүүлэхийн сацуу социалист нийгэм, Чаушескугийн дарангуйлал, зэвсэгт бослого зэрэг түүхэн үйл явдлуудын ул мөрийг шүүмжлэлт бусаар толилуулан, нийгмийн доторх хүнийг бус, хүний доторх нийгмийг дэлгэн, дүрүүдийнхээ дотоод сэтгэлзүйд гүнзгий анализ хийж чаддаг найруулагч билээ. Түүний Occident кино нь амьдралын чанарын стандарт үзүүлэлтүүд хэт дордсон Румын улсаас Барууныг зорих залуусын амьдралыг; 4 months, 3 weeks and 2 days нь Николае Чаушеску дайны дараа Румыны хүн амыг нэмэгдүүлэх зорилгоор үр хөндөлт хийлгэх, жирэмснээс сэргийлэх эм бэлдмэл уух зэргийг хориглосноос улбаатай цөхрөл, мухардал басхүү анги давхаргын ялгаа, бурангуйллыг; Beyond the Hills нь хэт шүтэх ёс, нийгмийн хайхрамжгүй, дөжир байдлыг; Graduation нь Румыны нийгэмд ужгирсан авлига, ёс суртахууны доройтлын тухай өгүүлдэг. Харин 2022 онд үзэгчдийн хүртээл болсон R.M.N кино нь угсаа гарвалаар үзэн ядах, ялгаварлан гадуурхах үзэл, орчин үеийн цагаачлалын тухай ойлголтын хувьсал, даяарчлал ба өв соёлын хамаарлын асуудлыг хөнджээ.

Маттиас гэх залуу зул сарын баярын өмнөхөн Герман дахь ажлаа орхин, Трансилваниа дахь төрсөн тосгондоо эргэн ирж буйгаар уг кино эхэлнэ. Түүний эхнэр Ана хэлгий хүүгээ асран амьдрах бол, урьдын амраг Чилла нь талхны цехийн дарга болжээ. Маттиас хүүгээ биеэ даасан, тэсвэртэй хувь хүн болгож хүмүүжүүлэхийг, мөн урьдын амраг Чиллатайгаа харилцаагаа сэргээхийг хүсэмжилнэ. Трансилваниа бол түүх, газар нутгийн байршлаасаа үүдэн эрт үеэс олон ястан, үндэстний өлгий болсон хэдий ч угсаа гарваль, цагаачлалын тухай янз бүрийн үзэл бодолтой ард иргэд нь өөр хоорондоо хурц зөрчил үүсгэнэ. Чиллагийн талхны цехэд гурван шри-ланка ажилчин ажиллах болсноор нутгийн иргэд бухимдаж, дээрх зөрчил улам хурцдах билээ.

image

Кристиан Мунжиугийн кинонуудыг үзэхэд харанхуй агуй руу асаагуурны гэрэл тусгаад орохтой ижил санагдах нь бий. Байгалийн гэрэл түлхүү зонхилсон, хүйтэн өнгөтэй, камерын хөдөлгөөн ихтэй, урт кадруудтай учраас эвлүүлгээр тоглож шальдаггүй, дуу хөгжмөөс илүү ахуйн чимээг чухалчилдаг гэх мэт өөрийн онцлогтой. R.M.N-д ч эдгээр хийцийн онцлогууд нь давтагджээ. Харин тосгоны иргэдийн хурлыг нэг өнцгөөс зурагласан 17 минутын урт кадр нь үнэхээр гайхалтай байлаа. Эгээ л Вавилоны цамхагийг санагдуулам, өөр өөр хэлээр ярьж, өөр өөр үзэл санааг дэвшүүлэх хүмүүсийн үл ойлгогдох шуугианыг үзүүлэхдээ камераа объектив, бүр пассив байлгаж чаджээ. Камерын оролцоо багассанаар киноны энэ хэсэг нь шүүмжлэлт бус, баримтат киноны хэв шинжтэй болж чадсан тул шийдлийг нь тэгтэл бахадсан хэрэг. Ийм их яриатай, жүжиглэлттэй хэсгийг 17 минутын урттайгаар авсан нь үзэхэд гоё боловч хийхэд маш эрсдэлтэй. Учир нь ийм урт кадрын эвлүүлэг нь зураг авалттайгаа зэрэг буюу камер дээр аль хэдийнэ хийгдчихсэн байх ёстой болдог. Энэхүү 17 минутын кадрыг 2022 оны кино урлагийн онцлох үйл явдлын нэгээр ч дурдаж болохуйц байв.

image

Кристиан Мунжиугийн кинонуудадаа тусгасан улс төр, нийгмийн агуулгууд их сонирхолтой байдаг. Тэрээр дүрүүдээ нийгмийн баатар болгодоггүй, харин дүрүүдийнхээ дотоод сэтгэлзүйгээс нийгмийг эрдэг. Тиймдээ ч аливаа нэг нийгмийн үзэгдэл, үйл явдлыг хэт шүүдэггүй нь анзаарагддаг. Харин Мунжиу анх удаа даяарчлал ба хэл соёл, өв уламжлалын харилцан хамаарал, зөрчлийн асуудлыг хөнджээ. Ийн хөндөхдөө нэгийг нь буруушааж, нөгөөг нь хамгаалахаас илүүтэй дүр болгоныхоо дуу хоолойг хүргэж, чин сэтгэлийн бодол санааг нь хэлүүлэхийг зорьсон байв. Орчин үеийн хүмүүс улс төрийн болон уламжлалт мэдлэгийн хүрээнд зөв байхыг хэт хичээх болсон ч зарчмын болоод философийн хувьд зөв байхыг хойш тавих болжээ. Жишээлбэл, А гэдэг нэртэй иргэн “Хүн хаана ч ажиллаж, амьдарч болно, цагаачлал бүрэн чөлөөтэй байх ёстой.” гэдэг үзлийг цавын цаанаа буруушааж буй хэр нь ээ улс төрийн хувьд зөв байхын тулд шуудхан л хүлээн зөвшөөрч, дэмжиж ярьдаг. Яагаад буруушааж байгаа, юу нь хор хөнөөлтэй вэ гэдэг бодлоо дотроо хав дарчихдаг. Ийн нэгэн хэвийн зүгширсэн үзэл бодолтой байж, ганцхан өнгөөр орилолдох нь асуудлыг дарж далдлахаас биш, шийдэлд хүргэж чаддаггүй. Харин Кристиан Мунжиугийн R.M.N киноны дүрүүд нэг талаасаа ксенофобиатай, ялгаварлан гадуурхагчид мэт боловч нөгөө талаасаа улс төрийн хувьд зөв байхаас илүү амьдрах зарчмын болоод философийн хувьд зөв байхыг чухалчилж, аливаа нэг сөрөг тодорхойлолтод харьяалагдахаас үл эмээн хэлэлцэж ярилцаж байсан нь цэнгэг агаар мэт байлаа. Харин талхны цехийн дарга Чилла үлэмж том даяаршсан дэлхийд дасан зохицож чадаад буй хэр нь жижигхээн тосгоны амьдрал, ард иргэдийн нөхцөл байдлыг ойлгохгүй байгааг анзаарч болох юм. Чилла тосгоныхны амьдрах зарчмын хувьд зөв байхыг бус, улс төр, уламжлалт мэдлэгийн хувьд зөв байхыг хичээснээр нутгийн иргэдийн цалинг доод түвшинд нь барьж, уугуул ажиллах хүчнийг түлхэн, тосгоны хөгжилд саад болж буйг ч дурдах ёстой биз ээ. Тиймээс R.M.N нь зөвхөн ялгаварлан гадуурхалтын тухай кино бус, ялгаварлан гадуурхалтын асуудлаар дамжуулан “зөв байх”, "зөв харагдах"-ын тухай цогц асуудлыг хөндсөн кино байв. Тосгоны иргэд бүгд нэг үзэл санаагаар талхны цехийн шийдвэртэй санал нийлсэн бол уугуул иргэдийн дутуу гачиг цалин хөлс, ажиллах орчин нөхцөл, тосгоны үйлдвэрлэлийн тухай олон олон асуудал огт хөндөгдөлгүй орхигдох байв. Тэдгээр иргэдэд даяаршил, цагаачлал, дэлхийн улс төр зэрэг томоохон асуудлууд бус, харин амьд гарах инстинктээс нь илрэх амин зуулгын асуудлууд л илүү чухал байгаа нь илт бөгөөд үүнийг нь ч буруушаах аргагүй. Энэ нь ялгаварлан гадуурхахыг дэмж гэсэн санаа бус, харин аливаа асуудлыг тал талаас нь хэлэлцэх, олон ургальч үзэл, оюун санааны олон талт байдлыг дээдлэх тухай билээ.

image

R.M.N гэх нэрийн хувьд цөмийн соронзон резонанс гэсэн утгатай бөгөөд атомын физик болон химийн шинж чанарт үндэслэн тэдгээрт агуулагдаж байгаа молекулуудыг тодорхойлдог. ЦСР-ын тусламжтайгаар хүний тархи болон бусад эрхтнүүдийн бүтцийг зурагт дүрслэн буулгах боломжтой болсон. Кристиан Мунжиу нэгэн ярилцлагадаа “Хүний тархины хамгийн чухал хөгжил нь мөстлөгийн үеэс хойших амьд гарах, тэсвэрлэн үлдэх инстинктээс үүдэлтэй. Үүнтэй харьцуулахад хэл соёлоос үүдэлтэй тархины хөгжил бол маш бага хугацааны, өчүүхэн зүйл юм. Бидний сэтгэхүйн гүний гүнд амьд гарах, тэсвэрлэн үлдэх инстинкт ноёлж байгаа.” хэмээжээ. R.M.N киноны бяцхан хүү Рүдигийн дүр, түүний ой дундуур явахдаа учирдаг зүйлс, Маттиасын Рүдид зааж сургаж буй бүхэн цөм амьд гарах, тэсвэрлэн үлдэхтэй л холбоотой. Маттиас тосгоныхны асуудлыг төдийлөн тоодоггүй. Тэр хүүгээ тэсвэртэй, зоригтой бие хүн болгож өсгөх, хайртай эмэгтэйтэйгээ хамт байх, ажил хөдөлмөр эрхэлж амин зуулгаа олох, өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалах л зорилготой. Шри-ланка ажилчдын асуудлаар хэл амаа уралдуулж буй иргэн тус бүрийн хувийн амьдралыг сонжвол яг л Маттиас шиг зорилготой байгаа. Бидний тархины бүтцийн хөгжлийн үндсийг ЦСР-аар задалж ажвал бас л Маттиасынх шиг зорилго илрэх биз ээ.

R.M.N нь цагаачлал, шилжилт хөдөлгөөн, даяарчлал ба хувь хүн, уламжлал ба өөрчлөлт шинэчлэлийн хоорондох зөрчилдөөн, мөн үл мэдэгдэх, тодорхойгүй гаднын хүчин зүйлээс айх айдас зэрэг хүний мөн чанарын агуулгыг маш нягт хөндөөд зогсохгүй, бидний улс төрийн хувьд хүрээнд зөв байх үзлийн үүднээс нийтээрээ дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн зүйлс бодит байдал дээр хамгийн энгийн жижигхэн тосгоны хамгийн энгийн жижигхэн хүний амьдралд хэрхэн хэрэгжиж, нөлөөлж буйг харуулжээ. Улс төрийн хувьд зөв байх үзэл нэг талаараа биднийг ямар чимээгүй болгож буйг ч маш сайн харуулсан бүтээл байв.

Бичсэн:

Нармандахын ӨнөржаргалEditor-in-Chief