
Stand By Me (1986)
Аялал нь хоёрхон өдөр үргэлжилсэн ч тэд дэлхийгээр аялсан мэт томоожсон байлаа.
Стивен Кингийн 1982 оны The Body зохиолоос сэдэвлэгдсэн энэ бүтээлд хотоос зайтай нэгэн газар цогцос олж үзэхээр аялсан дөрвөн хөвгүүдийн талаар өгүүлнэ. Туршлага багатай найруулагч Роб Райнер киногоо Stand by Me хэмээн нэрлэж 40 жилийн өмнө нь нээлтээ хийж байв.
Олон янзын хурц, бүдүүлэг үгсийн цаана өөрсдийгөө илэрхийлэх эсэхтээ эргэлзсэн хүүхдүүдийн чимээгүй жүжиглэлт энэ киноны найруулгын чухал мөчүүдийн нэг мэт. Тус кинонд хүүхдийн сониуч зан киноны сэдлийг бий болгож адал явдлыг эхлүүлдэг. Харин сониуч зангийн дутагдал нь томчуудад л үлдсэн байна. Ойлгохыг хичээх нь илүү хөдөлмөр юм шиг хүүхдүүдийнхээ амьдралд сониуч биш ханддаг эцэг эхчүүд, томчууд энэ киноны үл үзэгдэх эрх мэдэлтнүүд нь байдаг. Тэдний асуудал нь яг юунд байгааг ойлгохгүй хөвгүүд, дутуу бүхнээ өөрсдөө нээж олж авах сэдэлтэй хүүхэд нас энэ кинонд дүрслэгдэнэ.

Гол дүрийн дурсаж буй эрин үе нь түүний хэчнээн санагалзсан ч цаг хугацаа эргэж ирэхгүйг анх мэдэрсэн нас нь бөгөөд дэлгэцэд цухасхан гараад өнгөрсөн ч Жон Кюзакийн дүр төрх кинонд эелдэг, өгөөмөр зангийн эхлэлийн тавьсан байна. Тэр нас нь нарлаг залхуу өдрүүдээр дүүрэн, эр зориг, галзуурал, тэнэглэлийг дөнгөж ялгаж сурч эхэлсэн нас бөгөөд олон дутагдлын цаана ч хүний сэтгэл ил мэдрэгддэг үе байв.
Цэлмэг тэнгэр, нарны гэрлийн гялбаа киноны уур амьсгалыг бүрдүүлж өгнө. Бага байхад өнгөрч өгдөггүй мэт санагддаг байсан зуны удаан өдрүүдийн илчийг эндээс бид мэдэрнэ. Дүрслэлийн хувьд байгаль орчин, дүрүүд болон объектууд нь огцом хурц өнгөгүйгээр нэгнээсээ ялгарч, илүү материал нүдэнд тордоггүй маш шүүлттэй цэвэрхэн зураглалтай харагддаг.
Хүүхдийн томоогүй яриа, сонирхолтой хачин trivia болон цовоолог хөгжим тэдний дүрийн дүрслэл болон цаг үеийг нь холбож өгдөг. Дууны сонголтууд нь биднийг үхсэн хүүхэд олж харах зорилготой аялал болон насаар ах дээрэлхүү залуусын аюулыг мартуулах шахна. Зөвшөөрөлгүй хийсэн үйлдэл, хэлсэн үгс, харсан зүйлээсээ болж шийтгүүлэхээс айх айдас, цаг үедээ баригдсан хүмүүжил, энтертайнментын хязгаар нь хөвгүүдийн өдөр тутмын адал явдал, хошин шогийн гол сэдэв нь болжээ.

Бусдын шүүмжлэл, үгийн сонголт, огцом шийдвэр хүүхдүүдэд ямар хурцаар нөлөөлдөг, тэд урвалтыг ямар эртнээс мэдэрдэг гэдгийг томчууд бид бодох завгүй. Хэдий гэмгүй ч өөрт нь хэзээ ч боломж олгохгүйг нь ухаарсан хүүхдийн сэтгэхүй энэ кинонд маш тод үлдсэн байдаг. Улмаар өөрийгөө яаж дүгнэдэг, яаж үнэлдэг нь түүнд тод үлдсэн бүхнээр нь тодорхойлогдож нэг орчинд орших иргэд ийнхүү хүүхдийн сэтгэл зүйг хохироож байгаагаа ч ухаарах сөхөөгүй тайван амьдарна. Ривер Фениксийн царай, түүний жүжиглэлт энэ кинонд бидний хамгийн дотнын анд байв.
Бага байхаасаа бид томчуудаас өршөөлийг юу юунаас илүү хүсдэг, заримдаа бүр хайр энэрлээс ч илүү хүсдэг байснаа мэддэггүй. Хэчнээн томоогүй үйлдэл хийсэн ч, хэчнээн бидний буруу байсан ч хамаагүй. Хэрэг хийгээд баригдахаас айх шиг том аюул хүүхдийн хариугүй балчир зүрхэнд мэдрэгдэхгүй.

Үүнээс хойш бид тогтворгүй, баталгаагүй ирээдүйгээс үүдэлтэй түгшүүртэйгээ найзалж ердөө байгаагаараа ойлгогдохыг л хүсдэг болно. Хэдий тэдгээр нь тэдний зорилго биш байсан ч аяллын төгсгөлд хөвгүүд тодорхой хэмжээний тайвшрал, сэтгэл ханамжийг олж авав. Горди ахыгаа тэндээс олж өөр нэгэн ахтайгаа буцав. Аялал нь хоёрхон өдөр үргэлжилсэн ч тэд дэлхийгээр аялсан мэт томоожсон байлаа.
Хэдий олон арван жил өнгөрсөн ч кинонд дүрслэгдэх нөхөрлөл нь үзэгчдийн зүрхэнд хэзээ ч хуучиршгүй юм. Эцэст нь, эдгээр хөвгүүд олон хүмүүсийн адил хөрөнгө мөнгө, газарзүйгээр хязгаарлагдаагүй, харин өөртөө итгэх бодит итгэл мөн дэргэд нь бат зогсох нэгнээр л дутагдсан байв.
Шүүмжийг бичсэн: Батсайханы Анар