
Still Life (2006)
Хоёр мянгахан жилийн түүхтэй хотыг нураахад хоёрын хоёр жил зарцуулагддаг.
Дэлхийн хамгийн том эрчим хүчний үүсвэрүүдийн нэг болох Гурван Хавцлын усан цахилгаан станцыг барихад 2000 жилийн түүхтэй Фэнже сууринг нураан, 1.5 сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж байжээ. Нийгэм, эдийн засгийн эерэг нөлөө гэхээс илүүтэй Хятадын эдийн засгийн гайхамшгийг дэлхий дахинд батлах гэсэн дарга нарын хүүхдэрхүү хүслийн улмаас л давшингуй хурдтай баригдсан гэж хэмлэгдэх энэ станцын түүх их мөлжүүртэй ажээ. Харин Хятадын 6-р үеийн найруулагч Цзя Жанкэ энэхүү нүсэр байгууламжийн шав шалыг цутган буй үе дэх эгэл ардын аж ахуй, сэтгэлзүйг найраглаг үзүүлсэн нь Still Life гэх кино юм. Том зургаар харвал, социалист Хятадын эдийн засгийн гайхамшиг нь тухайн үеийн ард иргэдэдээ ямар төрлийн гайхамшиг байсан тухай асууж, эргэлзүүлсэн бүтээл гэж болно.

Шинэ шинэлэг зүйл барьж байгуулахын тулд хуучныг оронгоор нь устган буй, сөнөөлт үү, бүтээн байгуулалт уу гэдэг нь үл ялгагдах балгасан дундаас өнгөрсөнд гээгдсэн амьдралаа тэмтчин эрэх хоёр хүний зэрэгцээ өрнөх түүхээр уг киноны үйл явдал үргэлжилдэг. Гол дүрүүдээрээ биш, гол дүрүүдийн уулзаж учирч буй хүмүүсээр тухайн цаг үеэ илэрхийлсэн нь кинонд гайхалтай тэнцвэрийг авчирчээ. Хоёр хүний хувийн амьдралд хэт хошуу дүрээд байгаа ч биш, эсвэл социалист орны байр байдлыг буруушаах гээд байгаа ч биш, зүгээр л тухайн цаг үеэр аялж мэдрэх тийм тэнцвэрийг олсон байв. Мөн байгалийн цогц гоо үзэсгэлэн, бүтээн байгуулалтын сүр жавхаа, Хятад оронд л харж болох ахуйн төрх гурвыг гайхалтай хослуулсан байсныг дурдах нь зөв болов уу.
Хөгжил дэвшил гээч зүйл нь ганцаардаж төөрөлдсөн хүмүүсээ аргадаж зууралдалгүйгээр цаг хугацааны галт тэрэгтэйгээ хурдлан оддог. Бид сансар огторгуйтай дотно холбоо үүсгэсээр байгаа хэр нь ээ гараа сунгаад л тэвэрч болох хүмүүсээсээ холбоо тасран буйг Still Life их л нандигнаж харуулдаг. Гэхдээ Цзя Жанкэ дахиад л туйлшралгүй, тэнцвэртэй байж чадсан байв. Зарим дүрүүд нь нурсан балгастай хамт харилцаагаа булшлах бол, өөр нэг дүр нь хана тоосго нь нурж унаж байж л сая нэг харилцааныхаа үнэ цэнийг олж харж байгаа юм. Тэгэхээр Цзя Жанкэ хөгжил дэвшил болоод хүн хоорондын харилцааны сэдвийн ганцаардмал хэсгийг яруу харуулаад, харин ганцаардлаа ямраар хүлээж авч, хэрхэн туулахыг нь үзэгчийн мэдэлд үлдээжээ.

Нүүрсний уурхайн ажилчин усан цахилгаан станцын шал шав барихад оролцоод явж байна гэхээр их хоржоонтой. Хятад орон уртраг, өргөргийн дагуу сунасан уудам нутагтай бөгөөд нэг оронд янз бүрийн зүйлс сүлэлдэн зохицож оршдогийг гол дүрүүдийн эрлээр харуулах юм. Үүний сацуу олон олон бүс, хотуудынх нь дэд бүтэц, хөгжлийн түвшин ямар хэмжээнд ялгардагийг ч үзүүлсэн байв. Зарим нутаг устай бол, зарим нутаг нь нүүрстэй, юу байна түүгээрээ л хөгжил рүү түүчээлэх тийм уудам орон ажээ. Нүүрсний уурхайн гүнд ажиллах нь маш аюултай гэдгийг мэдсээр байж нүүрс олборлохыг эрчим хүчний шинэлэг эх үүсвэрээс илүүд үзэж буй нь ард иргэд хувьсал өөрчлөлтөд үргэлж эргэлзээтэйгээр ханддагийг зүйрлэн илэрхийлсэн мэт. 2006 онд станц ашиглалтанд ороогүй, бүх зүйл тодорхойгүй, эргэлзээтэй байсан нь илэрхий бөгөөд үүнийг төгсгөлийн сценээр яруу үзүүлжээ. Хөгжлийн дөрөөнд золиосоо дусаачихаад, цааш хэрхэхийг ажиглаж л суудаг нийгмийн дунд ба доод давхаргын сэтгэлзүйг сайтар мэдрүүлсэн гэлтэй.
Эцэст нь хэлэхэд, Still Life бол социализмын үеийн аль нэг даргыг шүүх гэсэн, эсвэл хүн хоорондын харилцаанд хариулт өгөх гэсэн кино биш юм. Still Life бол цаг хугацааны л тухай кино. Хоёр мянгахан жилийн өнгөрснийг нураахад хоёрын хоёр жилийн одоо шаардагддаг тэрхүү цаг хугацааны гуужсан арьсыг нөмөрсөн кино юм. Тэрхүү гуужилтанд нь хүмүүс үнэт зүйлсээ өөрсдөө эрж олж, эрэмбэлэх гэж хэрхэн будилдаг тухай 111 минут дуншсан өвдөлт юм.
Бичсэн: