Back to reviews
Sympathy for Mr.Vengeance (2002)

Sympathy for Mr.Vengeance (2002)

Пак Чан-ук дүр бүрээ өрөвдөн хайрлаж бас дүр бүрээ үзэн ядаж чадсан нь

April 7, 20266 min read

Эрик Ромер, Жак Риветт, Франсуа Трюффо, Вим Вендерс, Кристиан Петцольд зэрэг кино шүүмжлэгчээс кино найруулагчийн замнал руу хөтлөгдсөн найруулагчид олон бий. Пак Чан-ук ч бас тэдний нэг. The Moon Is… The Sun’s Dream, Trio хэмээх эхний хоёр кино нь бүх л үзүүлэлтээрээ бүтэлгүйтсэн тул ямар ч продюсер түүнтэй хамтарч ажиллах сонирхолгүй болсон байжээ. Иймд тэрээр кино шүүмж бичиж амь зууж байж. Гэхдээ Пак Чан-укийн кино шүүмжүүд зөвхөн амин зуулгын төлөөх шинжтэй байсан гэвэл өрөөсгөл болно. Ийн кино шүүмж бичиж байгаад 2000 онд Joint Security Area киногоороо эргэн ирэлт хийж томоохон амжилтыг олсноор алдарт Vengeance Trilogy-оо хийх боломжтой болжээ. Өс хонзонгийн трилогийн хоёр дахь кино буюу “Oldboy” нь хамгийн ихээр түгэн алдаршсан боловч уг трилогийн эхний болон сүүлчийн кино болох Sympathy for Mr. Vengeance, Lady Vengeance-ийг орхигдуулж болохгүй билээ. Пак Чан-укийн кинонуудад хувь хүн болоод нийгмийн харилцан хамаарлын сэдвүүд, хүний оршихуйн асуудлууд, өс хонзон тэргүүт хүний сэтгэлзүйн хурц илрэлүүд, бараан егөөдөл зонхилсон байдаг. Тэгвэл Пак Чан-укийг кино шүүмжлэгчийнх нь ажлаас бүрмөсөн суга татаж гаргасан Oldboy-ыг бүтээх тулгуур хөшүүрэг нь болсон Sympathy for Mr. Vengeance киноны тухай бичье.

Сонсох болон ярих чадварын хязгаарлалттай Рю гэх залуугийн эгч нь хүндээр өвдөж, бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орох зайлшгүй шаардлагатай болжээ. Ажиллаж байсан үйлдвэр нь цомхотгол хийж түүнийг гэнэт халсан тул Рю хадгалж цуглуулсан 10 сая воноосоо өөр юу ч үгүй хоцорчээ. Эгчид нь тохирох донор олдохгүй тарчилсаар байх тул Рю 10 сая вон дээрээ өөрийнхөө нэг бөөрийг нэмээд эгчдээ тохирох бөөрийг хүний эрхтний наймаачдаас авахаар тохиролцсон боловч наймаачид түүнийг залилж орхино. Бөөр ч үгүй, мөнгө ч үгүй хоцорсон Рю өөрийн анархист найз Ёнмигийн хамтаар үйлдвэрийн даргынхаа охиныг барьцаалахаар шийдсэнээр киноны үйл явдлын эрч чангардаг. Ааваас нь хэрэгцээтэй мөнгөө аваад л охиныг нь буцаагаад өгчихнө гэж бодсон ч байдал тэс өөр тийшээ эргэн, ээлж дараалсан өшөө авалтын хэлхээ болж хувирах билээ.

image

Sympathy for Mr. Vengeance-ийг янз бүрийн шилжилтүүдийн цоморлиг гэж хэлж болох юм. Эхнийх нь, жанрын шилжилт. Кино нь бүхэлдээ триллер драма боловч үүн дотроо эмгэнэлт драмаас детектив драма руу маш цэвэрхэн шилжилтийг хийсэн байдаг. Дэд жанрын торгомсог шилжилт ч гэж болох юм. Үүнтэйгээ зэрэгцээд киноны динамик нь ч бас хувьсдаг. Болж буй үйл явдлын динамик нь жанртайгаа шууд уялдаатайгаар ийн хувьссан нь үзэгчтэйгээ эмзэг хэр нь хурц харилцааг үүсгэж чаддаг. Мөн онцлууштай нэг шилжилт нь гол дүрийн шилжилт. Киноны эхний хагаст Рю гол дүр байх боловч хоёрдугаар хагаст үйлдвэрийн дарга Дон-жин гол дүр болж хувирна. Яг л “Одоо миний ээлж” гэж байгаа юм шиг гол дүрийг булаагаад авчихаж буй шилжилт нь огцом хэр нь цэвэрхэн хийгджээ.

Пак Чан-укийн кино гэхээр бараан егөөдөл гэх зүйл шууд л санаанд буудаг. Дөрвөн залуу эмэгтэй хүний цурхирч орилох чимээнээр зэрэгцэн гар хангалга хийх боловч өнөө эмэгтэй нь үнэн хэрэгтээ өвчиндөө тэсгэлгүй шаналж бачуурсандаа тийн цурхиран орилж байдаг. Мөн цогцост задлан хийх, чандарлах үйл явцыг харуулж буй зураглал, ядуу болохоор хүмүүс чамайг оролдохгүй нь амар тухай өгүүлэл, аав нь хүүхдийнхээ бөмбөлөг дотор сууж буй хэсэг зэрэг нь бүгд маш сайн тунгаасан бараан егөөдөл аж. Егөө бүр нь цаанаа хурц утга санаатай. Ийм бараан егөөдлүүд нь киноныхоо утга агуулгыг хурцалж өгөхөөс гадна зураглалын хувьд ховор нандин дүрсүүдийг бий болгож байдаг билээ. Мөн бараан егөөдлөөс гадна хэрцгий боловч яруу сценүүд нь Пак Чан-укийн гол зэвсэг байдаг. Sympathy for Mr. Vengeance-г өнгөц харвал цус нөж, үзүүр мэсэндээ хэт анхаарсан, хүүхдэрхүү триллер мэт санагдана. Олон ч шүүмжлэгчид үүн дээр нь дөрөөлж муугаар үнэлдэг. Гэхдээ Пак Чан-ук дэлгэцэнд хэрцгийллийг үзүүлэхээс гадна түүнийгээ зөөллөн аргадах тэрхүү яруусал харуусал, өр өвдөм цөхрөлийг нь ч бас үзүүлж чаддаг нэгэн билээ. Сонсож, ярьж чадахгүй Рю маань эгчдээ мөрөө дэрлүүлчихээд хэлэх гэсэн үгээ радиогоор хэлүүлж буй хэсэг, Фриц Лангийн Metropolis-ийг санагдуулахуйц махийтал ядарсан ажилчдын ээлж бууж буй хэсэг, хайртай хүнийхээ хөрсөн цогцостой тааралдаад гараас нь чанга атгах зэрэг нь хэрцгийлэлтэйгээ зэрэг ирж байдаг яруусал нь юм. Мөн Sympathy for Mr. Vengeance кино бол эротик сцений үеэр дохионы хэлээр харилцаж буйг харуулсан хамгийн анхны кино. Энэ мэтчилэн Пак Чан-укийн олон олон онцлог, арга барилыг түүчээлж өгсөн кино нь Sympathy for Mr. Vengeance билээ.

image

Хүмүүсийн амьдралын нөхцөл, эрүүл мэндийн хамгааллын ядмагхан бодлого, ямар ч сануулга, төлөвлөгөөгүй ажлын байрны цомхотголууд, эд мөнгөний төлөө юу ч хийхээс буцахааргүй болсон хүмүүс, "Неолиберал үзлийг түлхэн унагая, Америкийн цэргүүдийг хөөж гаргая" гэх Ёнмигийн уриалга зэрэг нь капиталист системийн эсрэг дуугарсан чанга дуу хоолой байв. Пак Чан-ук өөрөө улс төрийн идэвх, оролцоо сайтай хүн. Бас өөрөө философийн чиглэлээр сурч төгссөн нь ч кинонуудынх нь хөндөж буй сэдвүүдэд хүчтэй нөлөөлдөг. Мөнгөгүй хүнд хааш хаашаагаа мухар нийгмийг Пак Чан-ук Sympathy for Mr. Vengeance киногоороо ийн дүрсэлжээ. Хэрэв эрүүл мэндийн хамгааллын бодлого нь жаахан л уян хатан байсан бол энэ их цус урсахгүй байсан даа гэх харамсал өөрийн эрхгүй төрнө. Нийгмийн тогтолцоо, улс төр гэдэг зүйл хамгийн энгийн иргэнийхээ хамгийн энгийн хүсэлтэй ч хутгалдан барьцалдсан байдгийн тод жишээг уг кино харуулдаг билээ.

Өс хонзон, өшөө авалт гэдэг их хачирхалтай сэдэв. Пак Чан-ук кино шүүмжтэй зууралдаж байхдаа энэ сэдвээр кино хийхийн хүслэн болж байсан гэдэг. Өс хонзон гэдэг нь хүнд байгалиас заяагдсан мэдрэмж мэт. Хайртай, нандин бүхнийг нь гэмтээж орхивол өт хүртэл өрвөлзөнө. Гэвч нэг нь нөгөөг өвтгөж өшөө авна, нөгөө нь өөр нэгнийг өвтгөж өшөө авна. Ийнхүү өшөө авалт гээч зүйл мултаршгүй түгжээтэй тойрог лугаа адил үргэлжилж, тойрогт нь орсон юм бүхнийг гэмтээн шархлуулах чадалтай ажээ. Пак Чан-ук өс хонзон гээч мэдрэмжтэй тун ч догь харьцсан байх бөгөөд дүр бүрийгээ өрөвдөн хайрлаж бас дүр бүрийгээ үзэн ядаж чадсан байлаа.

image

Киноны туршид цус нөж, цөхрөл харуусал олныг харавч төгсгөлд нь үзэгчдэд өрөвдөх сэтгэл төрнө. Гэвч яг аль дүрийг нь, хэнийг нь өрөвдөөд байгаагаа ойлгохгүй. Зүгээр л юунд ч юм өрөвдөх сэтгэл төрнө. Магад энэ олон мухар гацаатай нийгмийн мухар гацаа бүрт тээглэн тийчилж байгаа хүн бүрийг өрөвдөн хайрлах сэтгэл төрж буй нь тэр биз ээ.

Энэ киноноос хамгийн их таалагддаг хэсэг нь аав нь хүүхдийнхээ бөмбөлөг дотор сууж буй хэсэг. Хүүхдээ хэчнээн сайхан, үзэсгэлэнтэй, тансаг шилэн бөмбөлгөнд тусгаарлаж өсгөсөн ч том болоод хүүхэд чинь нийгэм рүү л хөл тавих болно. Тэр нийгэмд тийм гоё шилэн бөмбөлөгт өсөөгүй, янз бүрийн орчинд хүмүүжсэн хүмүүс байдаг. Тиймээс өөрийн хүүхдийг л бодоод, нийгмийн асуудал, хамтын оршихуйг үл тоовол үнэндээ ямар ч нэмэргүйг өөд болсон хүүхдийнхээ шилэн бөмбөлөг дотор суугаа ааваар зүйрлэсэн мэт.

"Аав аа, надад яагаад сэлэхийг зааж өгөөгүй юм бэ?"

Шүүмжийг бичсэн: Нармандахын Өнөржаргал