
Taste of Cherry (1997)
- “Ялам модны жимс л амийг минь аварсан” -
Мартагдашгүй төгсгөлтэй кино гэвэл Аббас Киаростамигийн Интоорын амт-ыг нэрлэе. Хижээл насны Бади гэх эрэгтэй Тегеранд хөлсний ажилчин олохоор машинтай хаа сайгүй явна. Бади ажил горилсон хүмүүс дээр шуудхан яваад очилгүй, машин дотроосоо тэдний царайг нэг, нэгээр нь сэрэмжтэй нүдээр харж, яриаг нь чагнаж, яг таг мөнгө хэрэгтэй дээр нь сэтгэл сайтай, бүрэн итгэж болохоор хэн нэгнийг хайж буй нь илт. Харин түүнтэй тохиолдлоор цэргийн бааз руугаа явж буй курд гаралтай, нас залуу эрэгтэйтэй таарахад л гол ажлын саналаа тавих аж. Тэр ажил нь нэгэн газарт ухсан нүхэнд түүнийг амьсгал хураасан эсэхийг нь үүрээр ирж шалгаад, үг дуугарахгүй бол булах байлаа.
Гэхдээ хүнд мөнгө хэрэгтэй байлаа гээд хэн нэгний эцсийн мөчийг ямар ч мэдрэмжгүй үдэж өгөх билүү. Цэрэг залуу Бадигийн санлыг сонсоод голдоо ортол айн, боломж гармагц л машинаас нь гараад зугтаж орхив. Үүний дараа Бади номлогч болохоор суралцаж буй афган гаралтай оюутантай тааран мөн адил санал тавих ч, түүнд оюутан залуу шашин шүтлэгт амиа хорлолт харшлах талаар бодлоо хэлээд татгалзана. Эцэс сүүлд нь түүний саналыг хүлээж авсан нь азербайджан гаралтай Багери гэх чихмэлчин хөгшин байв. Бадитай учрах дүрүүдийнх нь дараалал болоод үндэс угсаа, ажил төрлийг нь аваад үзэхээр бүгдийг нь нэгд нэгэнгүй нарийн тооцоотой бичсэн нь хэт мэдрэгдэж ирэх тул дүрүүд нь хийсвэр санагдаж болох юм. Гэхдээ угаас энэ кинонд ямар ч дүр бус зөвхөн амиа хорлолтын тухай үзэл санаанууд биежсэн хэлбэрээр дүрслэгдсэн гэж бодвол илүү учир утгатай болж ирнэ.

Цэрэг залуутай харилцан ярианд найз нөхөрлөлийн тухай гарахад Бадиг дайны хор уршгаас болж дотроо шаналж яваа нэгэн гэх сэдэл төрүүлнэ. Дараа нь номлогч оюутантай ярих үеэр Бади Достоевскийн зохиолуудад гардаг дээд давхаргын боловсрол өндөртэй хэр нь шашны итгэлээ алдсан дүрүүдийг санагдуулам, амьдралын ямар ч утга учрыг олж харахаа больсон хүн мэт харагдана. Харин сүүлд нь чихмэлчин өвгөнтэй гэр бүл, үр хүүхдийн тухай сэдэв хөндөгдсөний дараа Бадигийн сурагчдыг тогтож харах, залуу хосын зургийг дарах хэсгүүдээс түүнд эхнэр, хүүхэд бий эсэхийг асуух хэрэгтэйг сануулж буй мэт байлаа. Нэг ёсондоо Киаростами амиа хорлох бүхий л шалтгаануудын талаар үзэгчидтэй ярилцахыг оролдсон нь илт бөгөөд номлогч, чихмэлчин хоёр Бадид амьдралын талаарх бодлоо ярьж эхлэхэд түүний нүүр хувирлыг харуулахын оронд гол төлөв зогсолтгүй хөдлөх машиныг нь л үзүүлж буй нь үзэгчдээс Бади гэх дүрийн өмнөөс тухайн яриаг сонсохыг уриалж буй мэт байв.

Киаростами найруулагчийг баримтат ба хийсвэр байдлыг хослуулсан мета кино туурвидаг талаар олонтоо дуулсан тул ийн амиа хорлолтын тухай кино хийсэнд нь эхэндээ гайхал төрж байлаа. Гэхдээ киноны төгсгөл мөчид Киаростами үзэгчдийг Бади гэх дүрийн амиа хорлосон эсэх талаарх санаа зовнилтой үлдээлгүйгээр, өөрөө дөрөвдөгч ханыг эвдэн, кино багийнхантайгаа гарч ирж буй нь сэтгэлийн ариутгал болж өгөв. Киаростамид амиа хорлохыг хүсэж буй хэн нэгэн дээр явж очоод ярилцлага авч эсвэл өдөр тутмынх нь амьдралыг тандаж харуулна гэдэг ёс зүйн хувьд зөвшөөрөмгүй хэргээс гадна тухайн сэтгэлзүйг чин үнэн ойлгож буй мэт сургамжит кино хийх эрх ч мэдрэгдээгүй байх. Тиймээс Киаростами уг бүтээлээрээ хэн нэгний бодит явдлыг харуулсан бус, харин өөрийн санаагаа хуваалцсан хийсвэр кино хийснээ төгсгөлд нь хүлээн зөвшөөрч, үзэгчдэд дэлгэцийн цаадах амьдралд нь аз жаргал хүсэж буйгаас өөрцгүй байлаа.
Замаар өгсөн гүйх цэргүүдийн марш дуулдаж, Бадигийн дүрд тоглосон Хомаюн Эршади тамхи гаргаж ирэн Киаростамитай хуваалцана. Шувуудын жиргэх дуунаар жазз аялгуу явж эхлэн, кино багийнхны инээлдэн ярилцах нь харагдана. Нарны гялбаа туссан нов ногоон зүлгэн дээр цэргүүдийн хоорондоо хөхрөлдөн баясах нүүр царай л тодорно. Уулсаар хүрээлэгдсэн Тегеран хот руу машин зүглэх нь үзэгдсэнээр кадр тасарч, кино бүтээлчдийн нэрс урссаар дуусах аж. “Ялам модны жимс л амийг минь аварсан” гэх Багерийн түүхийг эцсийн удаа үггүйгээр харуулсан нь л энэ болов уу.
Бичсэн: