
The Boys from Fengkuei (1983)
Урсан одогч цаг хугацааны өмнө хүн гэгч амьтан дэндүү хүчин мөхөс билээ.
1982 онд Эдвард Янг, Ко И-чен, Тао Тэ-чен, И Чан гэх дөрвөн найруулагч хамтран In Our Time хэмээх антологи киног хийж, 1983 онд Хоу Сяосень, Ван Жэн, Цэн Чуан-сянь гурав хамтран The Sandwich Man киног бүтээснээр Тайванийн кино урлагийн шинэ давлагаа эхэлсэн гэж үздэг. Богинохон хугацаанд давалгаалсан ч дэлхийн кино урлагт хүчтэй нөлөөлж чадсан Тайванийн шинэ давлагааны хамгийн тод төлөөлөгчдийн нэг нь Хоу Сяосень билээ. The Boys from Fengkuei бол түүний дөрөв дэх бүрэн хэмжээний кино. Гэхдээ найруулагчийн цаашдын хэв маяг, арга барилыг тодорхойлон тодотгож өгсөн, өөрөөр хэлбэл, найруулагчийн замналынх нь ‘жинхэнэ эхлэл’ болсон кино юм. The Boys from Fengkuei киноноос эхлээд тэрээр хөдөө суурин дахь багачууд, залуусын амьдрал ахуйг голчлон уран бүтээлээ туурвих болсон билээ.
The Boys from Fengkuei кино нь Фэнкуэй тосгонд амьдардаг А-чинг гэх залуу хүү болон түүний гурван найзын тухай өгүүлдэг. Тосгонд нь элдэв бооцоот тоглоомууд газар авч, аахар шаахар зодоон нүдээн хэвийншиж тогтжээ. Гол дүрийн хөвгүүд ч гудамны хэрэг төвөгт байнга орооцолдож, зодоон цохион хийнэ. Өдөр хоногийг ийн будилж бэдэрч өнгөрүүлэхээс залхсан дөрвөн найзын гурав нь боомт хотод очиж, ажил хийхээр шийддэг. Төрөлх тосгонтой нь харьцуулшгүй, түм түжигнэсэн боомт хотод тэд залуу насныхаа анхны бүхнийг амтлан, хөл дээрээ тогтон дэвжихийг мөрөөснө. Гэвч урсан одогч цаг хугацааны өмнө хүн гэгч амьтан дэндүү хүчин мөхөс билээ.

The Boys from Fengkuei киноны зураглалыг Хоу Сяосений Озу мастерт үзүүлсэн хүндэтгэл ч гэж болох юм. Үнэхээр ч Хоу Сяосень Озу, Мизогүчи зэрэг кадраа таслахгүй “гүрийдэг” япон мастеруудын арга барилыг түлхүү туршсан байдаг. Тасралтгүй урт үргэлжлэх кадруудад нь дүрүүдийн нүүр царай төдийлөн ил тод харагддаггүй, ихэвчлэн буруу харчихсан, ямар нэг юм хийж байдаг, үг яриа ч сонстдоггүй. Хэрэв кино цохож харьцуулъя гэвэл Озу мастерын The Floating Weeds, Good Morning хоёроос авсан өнцөг, арга барил тун олон ажиглагддаг. Яг эндээс япон киноноос тайвань киноны хөгжилд нөлөөлсөн зүйлс, эргээд тайвань киноноос япон кино руу нэвчсэн зүйлсийг ажиж болох билээ. Мөн А-чинг хар цагаан америк кино үзэж байхдаа бэйсболын бөмбөгөнд цохиулж гэмтсэн аавынхаа тухай дурсдаг. Хоу Сяосень дүрийнхээ энэхүү дурсамжийг яг л театрт гарч буй киноны нэг хэсэг мэтээр харуулсан нь тун гоё. Үүгээрээ тэр “кино дурсамж” гэх зүйлийг өөрийнхөөрөө нээн илрүүлсэн ч гэж хэлж болмоор.
Тайвань улс 1987 оныг хүртэл 38 жилийн турш БНХАУ-ын зэвсэгт халдлагаас сэрэмжилсэн онц байдалд байсан. Энэ бол дэлхийн түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн онц байдал билээ. 1980-аад оны сүүлээр Тайванийн залуус улс төр, урлаг соёлын хувьд эрх чөлөө, шинэчлэл, туйлбартай байдлыг хүсэмжилж буйгаа илэрхийлэх болсны нэг илрэл нь Тайванийн кино урлагийн шинэ давлагаа. Тэдгээр найруулагчид энэхүү хавчигдмал, хоёрдмол нөхцөлд аж төрж буй залуу халуун хүмүүсийн үзэл санаа, ахуй амьдралыг энгийн, тайвнаар үзүүлцгээсэн. The Boys from Fengkuei кинонд ч бас эрх чөлөө, хувьсал шинэчлэлийг хүсэмжлэх залуусын тийчлэн тэлчлэх хөдөлгөөнийг маш эгэл агаад урнаар харуулсан байдаг. Хөвгүүд хамаатныхаа эзгүй байшинд орогнодог нь, боомт хотыг зорьж ажил хайдаг нь тэдний бие даах, тусгаар гарах эрмүүн хүслийг илэрхийлэх бөгөөд алсуураа Тайвань орныхоо тусгаар тогтнох цөхрөнгүй хүслийг ч давхар бэлгэддэг. Хүмүүс хоорондын аахар шаахар өсөрхөл ноёлж, уур унтуу оволзсон өдөр тутмын амьдралыг... хурууны арьс сөрөхийн чинээ өвдөлтөнд тийчлэн тэлчлэх иргэдийг… хуумгай, хоёрдмол, магад юу ч бишийн дунд бэдэрч амьдрах залуусын гань ганьхралыг Хоу Сяосень харуулжээ.

Уг киног үзэхүйд өнгөрсөн цагт бүрэлзэх одоо цагийн рентген зургийг нарны гэрэлнээ өргөн харах мэт мэдрэмж төрдөг. Өнгөрсөн цагийг гэрчилж хуйларсан энэхэн хальс одоо цагийн бидний амьдралыг хүүрнээд байх шиг, цаг хугацааны гуужилтанд үнэ цэнээ алддаггүй чанартай хүүрнэлтэй кино юм. Өөрөөр хэлбэл, 1980-аад оны эхэн үеийн Тайванийн нийгмийн аж байдлын түүхийг ажихын зэрэгцээ аль ч цаг хугацааны завсарт өрнөдөг залуу халуун хүмүүсийн өсч төлөвших явцыг тольдож болохуйц агуулгын олон үе давхаргажилттай кино аж. Тайванийн нийгмийн ороо бусгаа, онц байдал байнга тохиохгүй. Энэ бол түүхэн нөхцөл байдал. Харин нэг залуу хүү алдаж онож, ажилд орж, амьдрал ахуйгаа залгуулж, тусдаа гарахыг хичээж, анхны хайртайгаа учирч, үхэл хагацал амталж, бодит байдалтай нүүр тулах бол аль ч цаг үед, аль ч орны хэн нэгэн хүнд тохионо. Энэ бол хүний амьдралын энгийн нөхцөл байдал. Хоу мастер цаг хугацааг гэрчлэн үлдээхдээ цаг хугацааны эзнээр хамгийн эгэл энгийн хүмүүнийг сонгон хүүрнэдгээрээ л гойд юм. Тиймээс түүний кинонууд аль ч цаг үеийн үзэгчтэй амьд дотно харилцаа үүсгэж чадна.

The Boys from Fengkuei залуу хөвүүдийн бодит байдалтай нүүр тулах, хүчин мөхөсдөх, том болох үйл явцыг үзүүлэхийн зэрэгцээ хүний сэтгэлийн нандин утсыг хөндөм хайр дурлалыг ч харуулдаг. Түрээсийн байрны хөрш охины дүр бол эл киног амьд мэдрэг болгосон гол хөшүүрэг билээ. Охины сэтгэлт хархүү нь ажил, мөнгөнд улайран зүтгэсээр хайр сэтгэлийнхээ халуун илчийг бөхөөж орхижээ. Ийм үед охин мөнөөх гурван залуугийн хэн нэгнийг сонгочих магадлал их гэх мэдрэмж үзэгчид төрнө. Ялангуяа гол дүр А-чинг маань охиныг бишрэн нандигнаж, анхны хайрыг мэдэрдэг. Охин, А-чинг хоёрын хооронд ямар нэг гүн гүнзгий харилцаа үүсчих болов уу гэж горьдон буй үзэгч эцсийн эцэст охин хархүүдээ л чинхүү хайртай байжээ гэдгийг ойлгоно. Ингэснээр үзэгч ч, А-чинг ч бас нэгэн бодит байдалтай нүүр тулдаг. Цаг хугацааны өмнө хүчин мөхөсөдсөн шиг хайрын өмнө ч хүчин мөхөсдөх үе бийг А-чинг ойлгодог. Киноны туршид А-чинг хувь төөрөг, нийгэм, улс төр, хайр дурлал, нөхөрлөл, цаг хугацааны өмнө хүчин мөхөсдөж үзсэн байдаг. Харин тэрээр киноны туршид ямар гайхалтай том хүн болж хувирсныг бид төгсгөлийн сценээс хардаг билээ.
Эдвард Янг нь Хоу Сяосенийхээ кинонд тоглож л байдаг, Хоу Сяосень нь Янгийнхаа кинонд тоглож байдаг. Энэ бол кино хөдөлгөөн, давалгаа гэхээсээ илүү киногоор тулгуурдан босгосон бүхэл бүтэн амьдралын хэв маяг байсан. Аливаа киноны үнэ цэнийг үзэгчийн тоо бус, цаг хугацаа тодорхойлдог. Гэхдээ өнөө маргаашийн төдий богинохон хугацаа бус, үзэгчийгээ төлөвшиж, том болохыг хүлээн буй тийм урт цаг хугацаа л киноны үнэ цэнийг тодорхойлно.
Бичсэн: