Back to reviews
Цагаан хадны өнгө (2026)

Цагаан хадны өнгө (2026)

Эерэг өөдрөг болоод гашуун үнэний бодит харьцаа

October 29, 20265 min read

Найруулагч Ч.Хоролдоржийн анхны бүрэн хэмжээний баримтат кино болох “Цагаан хадны өнгө” Трайбекагийн олон улсын кино наадам, Шеффилдийн олон улсын баримтат киноны наадам, Пусаны олон улсын кино наадам зэрэг нэр хүндтэй наадмуудаар үзэгч, шүүмжлэгчдийн хүртээл болж, 18 дахь удаагийн Улаанбаатар олон улсын кино наадмын монгол уралдаант хэсгийн хүрээнд эх орондоо нээлтээ хийн, “Шилдэг кино”, “Шилдэг зураглаач”, “Шилдэг хөгжмийн зохиолч” шагналуудыг хүртсэн билээ.

“Цагаан хадны өнгө” кино нь Майхүү хэмээх нүүрс тээврийн жолооч эмэгтэйн аж амьдралыг даган хөврөх аж. Говь нутгийн дундуур тоос татуулан, сүлжилдэн цуврах нүүрс тээврийн ачааны машинуудын нэг дотор ажил, амьдралынхаа тухай намуухан хоолойгоор ярих эмэгтэй бол Майхүү. Бага насны хүүхдүүдтэй, ганц бие ээж тэрээр өндөр орлого олж, ар гэрээ авч явахын тулд эрчүүд зонхилох энэ ажлыг сонгожээ. Кино нь түүний хувийн амьдрал, ажлын нөхцөл байдлыг харуулж өрнөхдөө өнөөгийн Монголын нийгмийн ‘үл харагдах үнэн төрхийг’ илчилсэн байв.

image

Киноны зураглал нь нүсэр том болоод өчүүхэн жижгийн харьцааг маш сайн мэдрүүлсэн байлаа. Нүүрсний экспорт бол том сэдэв, том тоо бас том асуудал. Энэ сэдэв мэдээний сувгуудаар үргэлж хөндөгддөг ч ‘хэдэн тонн’, ‘хэдэн доллар’ гэх мэт тоог л чухалчлан харуулдаг. Гэвч ‘хэдэн хүн’ гэх асуултад хэзээ ч хариулдаггүй. Хэдэн хүн нүүрс тээврийн жолооч хийдэг вэ, хэдэн хүн ослоор нас барав, хэдэн хүн гэмтэж бэртэв гэх хүний тухай тоог бид төдийлөн мэддэггүй. Нүүрсний тухай тоо нь хүний тухай тооноос үргэлжид чухал байв. Харин “Цагаан хадны өнгө” киноны зураглал нь тоос шороо бужигнуулсан асар том тэсэлгээ, тонн тоннын даацтай нүсэр ачааны машинууд, контейнерууд, говийн уудам нутаг гэх сүрдмээр том зүйлсийг жолоочийн кабин гэх давчуу, жижигхэн орон зайтай эсрэгцүүлэн харуулжээ. Энэ орон зай давчуу боловч машинуудын кабин бүрийн дотор Майхүүгийн адил нэг жолооч, нэг түүх бий гэх мэдрэмжийг шууд дамжуулахуйц дулаанаар дүрслэгджээ. Мөн нүүрсний тухай том том тоо, үзүүлэлтүүдийг дуржигнуулах мэдээг нүүрс тээврийн жолооч ээжийнхээ царайг утасныхаа жижигхэн дэлгэцээс л харах хүүхдүүдийн дүрстэй эсрэгцүүлэн үзүүлэв. Товчхондоо, киноны зураглал нь хөндий хоосон асар томыг дулаахан жижигтэй мөргөлдүүлж чадсанаараа онцгой байлаа.

Уг кино нь баримтат киноны ажиглалтын, тайлбарлан дүрслэх, найраглаг гэсэн гурван хэлбэрийг хослуулжээ. Тээвэрлэлт, жолоочдын нөхцөл байдал, осол гэмтэл, Майхүү болон түүний хүүхдүүдийн эгэл өдрүүдийг харуулахад ажиглалтын хэлбэрийг ашиглаж, уран бүтээлчид нь ч, үзэгчид ч ‘fly on the wall’ буюу ханан дээр суусан ялаа болж хувирна. Майхүү өөрийн амьдрал, туулж давсан саад бартаа, сонголтуудынхаа тухай ярих хэсгүүд нь тайлбарлан дүрслэх арга барилаар хийгджээ. Харин дүрсний хэл, гоо зүй, дууны хэмнэл болон эвлүүлгээр тодорхой уур амьсгалыг бүрдүүлж, үзэгчдэд чимээгүй эргэцүүллийг үүсгэж чадсан нь уг киног найраглаг хэлбэртэй болгож буй юм.

image

Кинонд нүүрс тээвэрлэлтийн үеийг дүрсний хэлээр дамжуулан маш сайн харуулжээ. Учир нь эдгээр дүрсүүдийг үзүүлэхдээ Монголын эдийн засгийн гол тулгуурын тээвэрлэлтийн үйл явцыг харж байна гэх мэдрэмжийг биш, хэн нэгэн тэнд ажиллаж, гэмтэж бэртэж ч болох тухай, тоос шороогоор амьсгалж буй тухай ‘хүнээс-хүнд’ мэдрэмжийг төрүүлж байв. Ийм төрлийн баримтат кинонууд хөдөлмөрийн аюулгүй байдлын сул тал, ажил олгогчдын буруутай үйл ажиллагаа зэрэг хэн нэгний нуун дарахыг хүсэж буй зүйлсийг илчлэн харуулдаг тул маш их эсэргүүцэлтэй тулдаг. Кино багийнхан ч тийм зүйлстэй олонтаа тулсан нь мэдээж.

image

Майхүүгийн хувийн амьдралыг харуулахдаа шугмыг даваагүй нь тун сайшаалтай байлаа. Дүрийн нээж өгсөн орон зайг л уран бүтээлчид ашигласан мэт. Үүний ачаар үзэгч киноны туршид Майхүүгийн амьдралыг л сонжих бус, харин энгийн хүн өнөөгийн нийгэмд амьдрахын тулд (амьд гарахын тулд гэвэл илүү зөв ч байж мэдэх юм) юу хийж, юуг золиосолж буй тухай гашуун үнэнийг эргэцүүлэх аж. Майхүү бол ажилчин, хөдөлмөрч ангийн төлөөлөл, харин бүхэл кино нь бидний, бас бидний эцэг эхийн түүх юм. Сайхан амьдрах, үр хүүхдүүдээ сайхан амьдруулах гэх энгийн боловч хамгийн гэгээн мөрөөдлийг тээдэг, мөрөөдөлдөө хүрнэ гэж итгэж хөдөлмөрлөдөг нь өөдрөг, түүнийхээ тухай ярьж буй нь ч өөдрөг. Гэвч хэчнээн хөдөлмөрлөөд санаснаар болдоггүй, нандин зүйлсээ золиослоход ч хүрдэг тухай бодит үнэн нь гашуун, харгис. “Цагаан хадны өнгө” кино хамгийн энгийн мөрөөдөл ямар гэгээхэн тухай эерэг өөдрөг байдлыг хамгийн энгийн мөрөөдөл ч биелэхэд ийм хэцүү нийгмийн тухай гашуун үнэнтэй уусган хөнджээ. Эерэг өөдрөг болоод гашуун үнэний ийм харьцаа зөвхөн бодит амьдралаас л бий болдог, харин баримтат кино бол энэ харьцааг үзүүлэх хамгийн сайн төрөл юм.

image

Майхүү бол үр хүүхдүүдийнхээ төлөө амрахыг умартан хөдөлмөрлөх ээжүүдийн төлөөлөл. Хамтран зүтгэгчид нь ар гэрийнхээ төлөө ар гэртээ цөөхөн харагдах болсон аавуудын төлөөлөл. Осолд орсон жолооч харин хүүхдүүдэдээ хэзээ ч эргэж очихгүй аав. Нүүрс тоо өгүүлж болох ч, кабинууд түүх өгүүлнэ. Тэд бүгд хамгийн энгийн мөрөөдлийнхөө төлөө хамгийн нандин зүйлсээ золиосолж буй ажилчин ангийн төлөөлөл. Харин “Цагаан хадны өнгө” кино бол байртай болох, дулаан өвөлжих гэх мэт анхдагч хэрэгцээгээ туйлын мөрөөдөл болгон яваа бидний л түүхийн тоостой хувилбар юм. Бид нийтээрээ илүү сайхан амьдрахын тулд нийгэм байгуулдаг ч эргээд илүү сайхан амьдрах боломжоо нийгэмдээ алддаг хоржоонтой үнэнийг хөндсөнөөрөө уг кино нийгмийн доторх хүнийг бус, хүний доторх нийгмийг харуулж чаджээ.

“Өнөөдөр ажилчин ангийнхны хувь нэмэр, хичээл зүтгэлийг хүн бүр өөрсдийн үзэмжээр шүүн тунгааж байгаа ч өнгөрсөн он жилүүдэд олон бэрхшээл, золиосыг үл харгалзан эх орондоо хамгийн ихийг өгсөн нь тэд юм... Ажилчин анги бол ямар нэг зүйлийг чинхүү хүсдэг, ямар нэг зүйлд, наанадаж л илүү дээр, илүү ухаалаг амьдарч чадна гэдэгтээ итгэдэг, хязгааргүй их хүч чадал, цог залийг цогцлоосон нийгмийн бүлэг…” гэх Кшиштоф Кесьлёвскийн үгээр энэхүү шүүмжийг төгсгөх нь хамгийн зөв мэт санагдана.

Дээрх зургууд нь IcityFilms-ийн өмч бөгөөд зөвшөөрөлтэйгөөр ашигласан болно.

"Цагаан хадны өнгө" кино Монголын бүх IPTV, OTT видео сангуудад нэмэгдэж, нийт үзэгчдийн хүртээл болж байна.

Бичсэн:

Нармандахын ӨнөржаргалEditor-in-Chief