Back to reviews
The Illumination (1973)

The Illumination (1973)

“Үхлийн үнэ цэнийг ойлгоогүй нэгэн амьдралын үнэ цэнийг ойлгохгүй.” - Кшиштоф Занусси

July 13, 20264 min read

Польшийн кино урлагийн хамгийн чухал эрхмүүдийн нэг Кшиштоф Зануссигийн кинонууд хүн төрөлхтний танин мэдэх их эрэл хайгуул, оршихуйн асуулт, ёс суртахууны сонголт, уран гоё боловч үл хэрэгжих идеализм, мөн рационализм болоод эмпирицизмийн эсрэгцэл дээр суурилсан байдаг. Физикийн шинжлэх ухаанаар доктор, философоор бакалаврын зэрэг хамгаалсан тэрээр рационалистуудын анхдагч учир шалтгаанд суурилсан бодомжийг эмпирицистүүдийн туршлага, мэдрэхүйн үр дүнд суурилсан бодомжтой эсрэгцүүлэн харуулж, бүр халцартал мөргөлдүүлээд, эгэл хүний оршихуйн асуултыг өөрөөр хөндөж гаргадаг найруулагч билээ. Үүний тодоос тод жишээ нь The Illumination кино юм.

image

Франтишек Ратман гэх залуу эр уйгагүй хичээсний эцэст Варшавын их сургуулийн Физикийн тэнхимд элсжээ. Тэрээр физикийн шинжлэх ухаан л бодит байдлын түм буман асуултад тодорхой, үнэн зөв хариулт өгч чадна хэмээн итгэнэ. Франтишек хичээл сургуулийнхаа хажуугаар хайр дурлал, нөхөрлөл, дайн дажин, дотны хүний үхэл гээд олон асуудалтай нүүр тулж, амьдралын өөр өөр амтыг мэдэрнэ. Ийн бэдрэхдээ тэрээр нэгэн эмэгтэйтэй танилцаж, улмаар гэр бүл болон, анхны хүүхдээ өлгийдөн авчээ. Нэгэнт гэр бүлтэй болж, өрх толгойлох болсон Франтишек сургуулиасаа жилийн чөлөө аван, үйлдвэрт ажиллаж, мөнгө цаасны эрлээ шалавлуулахдаа нейрофизиологийн туршилтад ч оролцоно. Нейрофизиологийн туршилтын үеэр олон олон хүний үхлийг гэрчилж, улмаар оршихуйн асуудалд унан шашин шүтлэг рүү холбирч, эцэст нь эхэлсэн цэгтээ эргэн ирнэ. Гэвч Франтишекийн оршихуйн асуулт үүгээр дууссангүй, түүний өмнө уртаас урт амьдрал дурайсаар…

Хүн яаж гал асаах учир шалтгааныг олчихоод анх гал гаргасан уу? Эсвэл санаандгүй гал гаргасныхаа дараа гал яаж асдагийг ойлгосон уу? Хэлж мэдэхгүй юм. Ямартай ч, XXI зуунд бид гал хэрхэн асдагийн учир шалтгааныг мэддэг учраас тэрхүү зарчмын дагуу галаа асаадаг. Гэвч өвөл хөлдүү төмрөнд хэлээ наахаас эхсүүлээд хүнд дурлах, гэр бүл зохиох гээд хүний амьдралд анхны бүхэн мундахгүй олон. Төмрөнд хэлээ наасныхаа дараа “Аа, хөлдүү төмрөнд чийгтэй юм хүргэхээр наалддаг юм байна.” гэж ойлгосон хүний тоо “Хөлдүү төмрөнд чийгтэй юм хүргэхээр наалдах ёстой доо.” гэж бодоод төмрөнд хэлээ хүргэсэн хүний тооноос олон болов уу. Энэ мэтчилэн бид материаллаг бодит ертөнцтэй харьцахдаа өөрсдийн мэдлэг мэдээллийн хүрээ, эрэл хайгуулч зан чанарын төлөвшлөөсөө хамаараад рационалист эсвэл эмпирицист хандлагаар танин мэддэг. Харин шинжлэх ухааны томьёололд захирагдах боломжгүй материаллаг бус харилцаанд рационализм эсвэл эмпирицизм, ер ямар нэг -изм бидний сайхан амьдралын баталгаа болохгүйг “Illumination” кино маш гоёор харуулжээ. Гадны нөлөөллөөс хамааралтайгаар тогтмол хувьсаж байдаг сэтгэлзүй, хүн хоорондын харилцаа зэрэгт объектив учир шалтгаан, зүй тогтол онооход тун хэцүү. Бас туршлага ч үргэлж нэмэр болохгүй, нэг хүнтэй харилцсан харилцааны туршлага өөр нэг хүнд хэрэгжих баталгаа үгүй шүү дээ. Бид аливааг мэдэрч байхдаа мэдрэмжиндээ шинжилгээ хийж чадахгүй. Үүгээрээ Ницше, Шопенгауэр нарын төлөөлдөг иррационализм нь материаллаг бус харилцаанд хүчтэй байр суурь эзэлдэг. Амьдрал бүхэллэг боловч түүнийг бүхлээр нь таньж мэдэх ямар нэг -изм байхад дэндүү ярвигтай үйл явц юм. Иймээс энэхүү үйл явц төгсгөлөг шинж чанартай нь, нэг талаараа, баярлаж бахдам. Амьдрал хэмээх үйл явцад ганцхан ойлгомжтой шинж чанар бий нь түүний төгсгөлөг шинж чанар гэдгийг “Illumination” кино сүүлчийн хэсэгтээ маш уран илэрхийлжээ.

image

Кшиштоф Занусси бол дүрсээс илүү үгийг чухалчилдаг найруулагчдын нэг. Үнэхээр ч кино урлаг уран зохиолоос үүсэлтэйг бодолцвоос ийн хэлсэн нь учиртай. The Illumination кинонд ч бас үг, харилцан яриа чухал үүрэгтэй. Ялангуяа хүн төрөлхтний ололт, шинжлэх ухааны нээлт, онол бүхий хэлэлцүүлэг, ярилцлага, диаграм зэргийг киноны үйл явдалтай хавсаргасан нь баримтат киноны өнгө аясыг авчирсан байв. Харин дүрийн амьдралыг хурдасган харуулах, дурсамж болоод ирээдүйн байрыг солих зэргээр сюрреал өнгө аясыг ч нэмсэн байх юм. Ер The Illumination кино оньсого тайлахаар мэрийж буй хүний оньсого мэт амьдралыг харуулжээ гэж ч болно. Франтишекийн шинжлэх ухааны судалгаа, оюун дүгнэлт бол оньсогыг тайлах арга зам. Харин түүний амьдрал бүхэлдээ оньсого аж. Энэ оньсогыг гаднаас нь тайлах гэхээр гарч болохгүй, дотроос нь тайлсан ч гарч болохгүй билээ. Франтишек гэх дүр Зануссигийн удирдан залдаг утсан хүүхэлдэй шиг дүр биш аж. Үнэхээр Франтишек гэж хүн жинхнээсээ байгаад, ингэж амьдарсан болов уу гэмээр өөрөөрөө хөгжсөн дүр байв. Мөн энэ кинонд ууланд авирах, сармагчинтай ярилцах, өвчиндөө идэгдэх, үхжих үйл явц зэрэг Зануссигийн дараа дараагийн кинонуудад уламжлал болон тогтсон элементүүд анх ашиглагдсан байдаг. Магад, Зануссигийн бүтээл польш кинонуудад түгээмэл ажиглагддаг баримтат киноны хэв шинжийг уран сайхны кинонд уусган ашиглах арга барилын анхдагч ч байж болох юм.

Мөн The Illumination кинонд Занусси шашны хэсгийг нэлээн чухалчилж оруулж ирсэн нь учиртай. Найруулагчийн кинонуудад төдийлөн тааралддаггүй элемент шүү дээ. Цэвэр ариун зүрх сэтгэлийн тухай Татаркевичийн философи болоод Франтишекийн очдог сүмийн хэсэг нь амсхийх, зогсох, удааширч азнах тухай өгүүлжээ. Нөгөө талаас, эдгээр хэсгүүд нь тухайн үеийн Польшийн элитист ангийнхны ихэрхэл бардамнал, “элитистүүд энгийнчүүдийг гэгээрүүлнэ” гэх ойлголтын мөн чанарыг илчилж, киноны хамгийн чухал асуултыг ёрдойлгон гаргаж ирдэг. Асуулт нь: Хүний амьдрал өөрөө гэгээрэхүйц нөхцөлөөр хангагдсан үйл явц мөн үү? Бид нэг сонголт хийснийхээ ард өөрөөр амьдрах мянган боломжоо алдаж байдаг. Гэхдээ гэгээрэл гээч нь сонголт уу эсвэл мухар эцэс үү?

Энэ бүхний эцэст бид бүтээсэн соёл иргэншлээсээ амсхийхийг л хүсэгчид билээ.

Бичсэн:

Нармандахын ӨнөржаргалEditor-in-Chief