Back to reviews
The Odyssey (2026)

The Odyssey (2026)

Яагаад хийсэн нь яаж хийснээсээ илүү чухал байв.

July 19, 20264 min read

Хомерийн “Одиссей” МЭӨ 8-р зуунд зохиогджээ. Бичиг үсэг үүсээ ч үгүй үеэс 3000 гаруй жилийг туулж дэлхийн утга зохиолын нэн чухал өв болсон энэ туулийг өнөө цагийн хамгийн шилдэг найруулагчдын нэг Кристофер Нолан өргөн дэлгэцэнд буулгахаар зэхэж, өндөр зэрэглэлтэй жүжигчдээр багаа бүрдүүлж буйг дуулаад бүх л кино сонирхогч тэсэн ядан хүлээж, сая нэг үзэцгээв.

Троягийн дайнд ялалт байгуулсан ч Грекийн баатруудын хувь заяа өөр өөрөөр шийдэгджээ. Менелай, Нестор тэргүүтнүүд гэр орондоо эсэн мэнд хариад, амар жимэр сууж байхад, Одиссей тэргүүтнүүд арваад жил төөрч, бурхдын хилэгнэлээр олон янзын адал явдалтай нүүр тулав. "Одиссейн үлгэр" Одиссейн эзгүйд; Телемах Нестор өвгөн, Менелай хаан хоёртой уулзсан нь; Одиссей Калипсо савдгийг орхин одов; Одиссей Алкино хааныд; Итака орох замд; Полифемийн агуйд; Салхины тэнгэрийнд ирсэн нь; Аварга лестригончуудын оронд; Цирце хувилгаан дагина; Аидад; Скилла, Харибда хоёрын дундуур хөвж гарсан нь; Тринакрий арал дээр; Итакад буцаж ирсэн нь; Одиссейн нум; Өшөө авсан нь; Пенелопа Одиссейг таньсан нь; Одиссей эцэгтэйгээ уулзсан нь хийгээд алагдагсдын төрөл төрөгсөдтэй учир зүйгээ олон энх ёсыг тогтоосон нь зэрэг 24 дууллаас бүтдэг. Кристофер Ноланы “Одиссей” ч энэ л үндсэн шугамаар “төөрчхөлгүй” хөвжээ.

image

Жүжиглэлт, найруулгаас урьтаад Одиссейн ертөнцийг бүтээх нь буюу продакшн дизайны ажил хамгийн чухал байв. Учир нь ийм ертөнцийг бүтээхэд үзэгчдэд ойлгогдож, үзэгчидтэй харилцаа үүсгэхүйц танил хэр нь нөгөө талаараа гайхаж сониучирхах юмтай, танил бус, үлгэрлэг шинжийг хадгалах хэрэгтэй болдог. Уг үлгэрлэг шинжийг Полифемийн агуй, Цирце дагина, үхэгсдийн орон, Скилла, Харибда хоёрын хэсэгт маш сайн гаргаж, тодотгож чадсан байв. Харин зарим хэсэгт, ялангуяа Калипсо савдаг болон лестригончуудын хэсэгт бага зэрэг энгийншүүлсэн, бүр орчин үежүүлсэн ч гэж болохоор дүрслэлүүд ажиглагдаж байлаа. Мөн кинонд айхавтар нүсэр дүрслэлүүдээс илүүтэй тайван тогтуун харилцан ярианы хэсгүүд зонхилж буй нь ч эх зохиолынхоо мөн чанарыг маш сайн хадгалсан хэрэг болов. Угаас харьцангуй нам тайван, ердийн аж байдалд илүү ойртсон нь "Одиссей"-г "Илиад"-аас ялгах гол шинж нь юм.

Киноны ерөнхий зураглаачаар найруулагчийн үнэнч хамтрагч Хойте ван Хойтема ажилласан бөгөөд өөрийн гол мөн чанар болох дүрүүдийн мэдрэмж, сэтгэл хөдлөлийг үнэнээр нь буулгах, тэрхүү сэтгэл хөдлөлийг үзэгчдэд дамжуулж холбоо үүсгэх, өгүүлэмжийг баяжуулах ажлаа 70 мм-ийн хальсаар ч хийж чадна гэдгээ харуулав. Зөвхөн үйл явдлын далайц, хэмнэл, дүрүүдийн дотоод мэдрэмжийг гайхалтай илэрхийлээд зогсохгүй, дэлгэцэнд үл харагдах бурхдын сүр хүчийг ч зураглаж чадсан нь үнэхээр бахдамаар байлаа.

image

Эртний Грект хэдэн ч бурхан байж болно, гэхдээ кинонд бол ганц л бурхан бий, тэр нь найруулагч. Өөрөөр хэлбэл, Кристофер Нолан. Нолан кинонуудадаа шинжлэх ухаанчаар ханддагийг бид мэдэх боловч бүх л кинонуудынх нь гүний гүнд хүн болоод хүн төрөлхтний мөн чанар, хайр тэргүүт нарийн ээдрээтэй мэдрэмж л байдаг билээ. Одиссейн үлгэрт гардаг адал явдал тус бүр нь хүний шунал, өөртөө эрдсэн онгироо сагсуу байдал, эго болон супер-эго, үнэнч шударга зан зэргийг сорьж, бэлгэддэг. Гэхдээ Нолан Одиссейн үлгэрийн эдгээр бэлгэдэл тус бүрд анхаарахаас илүүтэй дайн, гэр гэх хоёр сэдвийг онцлон авч үзжээ.

image

3000 жилийн өмнөх дайны ойлголт, эмзэглэл одоо ч идэвхтэй байна гэж бодохоор Эртний Грекийг зүгээр л Грек гэмээр санагдана. Угаас Одиссейн үлгэр нь МЭӨ VIII зууны үед Газрын дундад тэнгист грекчүүдийн хийж байсан колоничлох, булаан эзлэх шинж чанар бүхий хэрэг явдалтай холбоотой юм. Дэлхийн түүхэнд маш олон дайн дэгдэж, тэр бүрийн араас харуусаж, гашуудаж, амь үрэгдэгсдээ өрөвдөн хайлавч дахиад л дайтсаар байдаг тул “дайн, өс хонзон бол хүн төрөлхтний мөн чанар” гэх сэтгэгчид ч байсаар ирсэн. Гэвч дээрхээс үзвэл, алдаагаа давтсаар л байдаг нь бидний мөн чанар гэвэл илүү тохиромжтой юм. Дайны дараах шарх сорви, төөрч будилсан хүмүүс, хагарал бутрал, ашиг хонжоо хайх сэтгэлгээ… хамгийн чухал нь гэртээ харих, бас гэрээ дахин босгох тухай сэдэв Одиссейн үлгэрт хөндөгддөг. Нолан ч эдгээр сэдвийг кинондоо маш хүчтэй тусгажээ. “Ардчилал авчирна, тос олборлож баяжуулж өгнө” гэх мэт нэрийдлээр Трояны моринд нуугдаж ороод, удалгүй буудалцаан, бөмбөгдөлтийн бай болгож эсвэл экологийн колоничлол үүсгэдэг жишээ XXI зуунд ч бий. 3000 жилийг өртөөлсөн энэхүү эмзэглэлийг киноны төгсгөл хэсэг маш сайн мэдрүүлж, Нолан “Тэд бидний алдааг дахин давтахгүйн төлөө” гэх үгийг өөрөө нэмсэн нь ч уг мэдрэмжийг улам эрчилж байлаа.

image

Одиссейн дүрийг бусдын гэрийг сүйдлээд, өөрөө гэртээ харих гэж будилж яваа жирийн эр мэт бага зэрэг энгийншүүлсэн нь ч тун оножээ. Учир нь гэр бүлийн гэхээсээ хааны эсвэл баатар эрийн шинжийг нь илүү тодотгосон бол үзэгчидтэй огтлолцох цэг нь ч дагаад бүдгэрэх байв. Ийн дүрсэлсэн нь эх зохиолын үлэмж хүнлэг үзэл санаа буюу хүч чадал, мэргэн ухаан, тэсвэр хатуужил, эр зориг, гэр бүл болоод эв нөхөрлөлд үнэнч, шударга байх гэх мэт нандин чанаруудыг харуулахад дөхөм болжээ. Харин гэр гэдэг нь тодорхой нэг байршил биш гэдгийг бид харж болох юм. Бидний алдаж, халдаж, сэвтээж боломгүй тэрхүү зан чанарууд л бидний гэр аж. Тэдгээр эрхэм чанаруудаа алдсан үедээ бид төөрч эхэлдэг. Одиссей харгис хэрцгийг хэтрүүлэн үйлдэж, бурхдад ч бас өөрөө өөрийнхөө мөн чанарт ч тэрсэлснээ мэдрэн төөрсөөр, өөрийн эрхэмлэгч шинж чанаруудаа есөн сорилтод оруулж, эцэст нь өөрийнхөө анхдагч мөн чанар, эрхэм шинжээ таньснаар л сая нэг гэртээ харьж буй билээ.

Бичсэн:

Нармандахын ӨнөржаргалEditor-in-Chief