Back to reviews
Throw Away Your Books, Rally in the Streets (1971)

Throw Away Your Books, Rally in the Streets (1971)

"Шинэ зүүний" экспериментал

April 2, 20267 min read

1968 онд япон оюутнууд эх орныг нь түрэмгийлж, эдийн засгийн болон улс төрийн тогтолцоогоо албадан байгуулах АНУ-ын бодлого, мөн үүнийг хүлцэн дэмжих өөрийн орны эрх баригчдын эсрэг боссон нь Японд шинэ зүүний үзэл хурдацтай дэлгэрэх үндэс болсон билээ. Зөвхөн Японд ч гэлтгүй, 1960-аад онд дэлхийн олон оронд оюутан залуус дайн дажин, капитализмын эсрэг дорвитой чанга дуугарч байжээ. Харин япон оюутнууд империализм, тэр дундаа Америк-Японы аюулгүй байдлын хамтын ажиллагааны гэрээ, хөрөнгөтний үзэл баримтлал, сургалтын төлбөрийн нэмэгдэл зэргийн эсрэг тэмцэж, хичээл номоо орхин, гудамжинд босож байв. Гэвч тэдний бослого тэмцлээс үл хамааран 1970 онд Америк-Японы аюулгүй байдлын хамтын ажиллагааны гэрээг сунгаж, оюутнууд ч хичээл номдоо эргэн орж, шинэ зүүний үзэлт бүлгэмүүд эзгүйрч үлдсэн билээ. Шинэ зүүнийхний бослого ийн бөхөхөөсөө өмнө айхавтар хурцдаж, дотоод хагарал бутрал, хүчирхийлэл, терроризмын шинжтэй болж, нийгэм бүхэлдээ эмх замбараагүйд идэгджээ. Харин Шүжи Тэраяма найруулагчийн “Throw Away Your Books, Rally in the Streets” кино нь энэхүү үймээн самууны үед ямар нэг үзлийг баримталж голчлоогүй, болж буй бүхнийг ухаж ойлгоогүй энгийн хүмүүсийн амьдрал дахь нийгэм, улс төрийн нөлөөллийг харуулж, кино урлагийг кино урлагтай нь халцартал мөргөлдүүлсэн бүтээл юм.

image

“Throw Away Your Books, Rally in the Streets” киноны гол дүр Эймэй Китагава нь аав, эмээ, охин дүүгийн хамт амьдардаг, сургуульд сурдаггүй, ажилчин хүү. Аав нь гэртээ суудаг дайны гэмт хэрэгтэн, эмээ нь хулгайч, охин дүү нь эрчүүдийг үзэн ядаж, туулайнд дурладаг нэгэн. Амьдралын янз бүрийн хүнд хүчрийг туулсаар Китагава өөрийн амьдрал болоод эргэн тойрны хүмүүсээсээ залхан, урам хугарч, гэрээсээ зугтан гудамжинд гарна. Киноны үйл явдал нь зөвхөн Китагавагийн амьдралыг харуулах бус, 1960-70-аад оны үед амьдарч асан хүмүүсийн богино яриа бүхий дүрсээс бүрдэх бөгөөд үүгээрээ тухайн үеийн Японы нийгмийн байр байдлыг олон талаас нь дамжуулж илэрхийлжээ.


  • Таны уншиж байсан хамгийн сайн ном?
  • Библи.
  • Тэгвэл таны хувьд хамгийн гоё сэтгүүл юу вэ?
  • Playboy.

Өнгөн талаасаа, Шүжи Тэраяма уг кинонд огтхон ч улс төржөөгүй, ямар ч “төр засаг”, “бодлого” гэх мэт үгсийг хэрэглээгүй, тэдгээрийг буруушаагаагүй мэт санагдана. Гэвч тийм үг, үйлдлийг ашиглахгүйгээр, зүгээр л хамгийн эгэл энгийн хүний амьдрал дахь эрс тэс эргэлтүүдийг харуулж, үл сонсогдох үгсээр улс төржиж чадсан аж. Тэраяма империализм болоод шинэ зүүний үзлийн мөргөлдөөнийг үзүүлэхдээ гол дүрээ аль нэг талын баатар болгоогүй байв. Тэрээр гол дүрээ ямар ч үзэл баримтлалгүй, болж буй бүхнийг ухаж ойлгох чадваргүй, зорилгогүй, пассив байлгаснаараа бүхэл нийгмийн нөхцөл байдлыг тодруулан тодотгож чадсан гэлтэй. Китагава бол нийгмийн үймээн самуун, үзэл суртлаас ангид, харин хүсэл тэмүүлэл, айдас, төөрөгдөл, мухардал, бие хүний мөн чанар, оршихуйн асуудал гээд өөрийн дотоод үймээн самуунд идэгдсэн нэгэн. Тэраяма Китагаваг үзэл бодолтой, түүнийхээ төлөө үнэнчээр тэмцэгч ухаалаг сэхээтэн бус, юу болоод байгааг бүрэн дүүрэн ойлгоогүй, хувийн амьдралдаа тэлчлэн тийчлэх нийгмийн дийлэнх олонхийн төлөөлөл болгожээ. Үүгээрээ гол дүрийн баатар өөрийн гэсэн үзэл баримтлалтай, зорилготой, хэлэх үг, хийх үйлдэлтэй бол киноны агуулга илүү оновчтой тодорно гэх муйхар ойлголтыг үгүйсгэсэн байлаа. Товчхондоо, аливаа нэг идеологи бус, харин эгэл жирийн хүмүүсийн оршихуйн асуудлаа даван туулах үйл явц болоод шийдвэрүүд л нийгмийг илүү хүчтэй хөдөлгөж эргүүлдэгийг илэрхийлжээ. Нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж, шинэ содон идеологи гарч ирээд устаж л байдаг, гэхдээ энэ бүхэн төрөх, үхэх, нөхөн үржих гэх хүмүүний байгалаас заяагдмал үйл явцын хэлхээгээр л өөр хоорондоо холбогддог билээ.

image

Гэхдээ Тэраяма гол дүрээ идэвхгүй, зорилгогүй нэгэн болгоод л орхичихоогүй. Харин үймээн самуун, үзэл суртлаас ангид хөндий байж, түүнийг ухаж ойлгохоос зайлсхийх нь өөрөө нийгэмд хор хөнөөл учруулагч хүчин зүйл болдгийг хэд хэдэн хэсэгт маш хүчтэй зүйрлэн харууулжээ. Үүний хамгийн тод жишээ нь хөлбөмбөгийн багийнхан Китагавагийн охин дүүг бүлэглэн хүчинддэг үзэгдэл. Хөлбөмбөгийн багийн дасгалжуулагч Оми барууны соёлд суралцсан, олон талын мэдлэг чадвартай мэт боловч хүчингийн хэрэг үйлдэхээс сийхгүй нэгэн байв. Китагава Омитой ярилцаж, дотносовч түүний өнгөн талын оюунлаг, соёлч байдал болон дотоод бохир бузрыг ялгаж чадаагүй. Китагава хэзээ ч тэрхүү хөлбөмбөгийн багийн нэг гишүүн болж чадахгүйгээ аль эрт мэдсэн боловч яагаад тэдний нэг болж чадахгүй вэ гэх шалтгааныг ухаж ойлгохыг хүсээгүй. Тэгж ойлгож чадаагүй учраас хөлбөмбөгийн багийхны үнэн мөн чанарыг таниагүй, хөлбөмбөгийн багийнхан охин дүүг нь хүчиндэж байхад юу ч хийж чадалгүй, арга мухардсан. Өөрөөр хэлбэл, үл ойшоох нь өөрөө асар хортой үйлдэл юм гэдгийг Тэраяма энэхүү өр өвдөм үзэгдлээр илэрхийлжээ. Хөлбөмбөгийн багийн гишүүдийн хийж буй үйлдлүүд, биеэ авч яваа байдал нь соёлын нэвчилтийг харуулах бөгөөд бид аливаа соёлын нэг хэсэг болох албагүй, гэхдээ тэрхүү соёлын мөн чанар, үнэ цэн, хор хөнөөлийг танин мэдэх нь зайлшгүй чухал гэдгийг үүнээс харж болох юм.

Мөн Тэраяма киноныхоо турш олон янзын өнгийг ашиглажээ. Китагавагийн гэр бүлийн амьдралыг харуулахдаа кино бүхэлдээ ногоон болж, Китагава бодит байдлаас зугтан, мөрөөдөл төсөөлөлдөө автахад кино ягаан өнгөнд уусаж, хөлбөмбөгийн багийнхан, гудамжин дахь юмс, үзэгдлийг харуулахад бүрэн өнгөт болж, дайны тухай дурсамжийг нэхэн санахуйд хар цагаан болж байв. Эдгээр өнгөний солигдол нь гайхалтай дуу хөгжмүүдтэйгээ зохицон экспериментал киноны уур амьсгалыг мэдрүүлэх бөгөөд нөгөө талаасаа эмх замбараагүй, ойлгомжгүй байдлыг ч давхар илэрхийлж байлаа.

image

Киноны өөр нэг чухал асуудал нь сэхээтнүүд болоод дийлэнх олонхийн харилцан хамаарлын асуудал. Нийгэм эсвэл тодорхой үзэл суртлын бүлгэмийг манлайлж буй сэхээтнүүд дийлэнх олонхид үзэл санааны мөн чанарыг ойлгуулахаасаа илүү улам холдуулж, хөндийрүүлж байдгийг ч тодорхой хэсгүүдэд айхтар зүйрлэж үзүүлжээ. Ялангуяа Оми Китагава болон түүний охин дүүтэй зоогийн газарт хооллодог хэсэгт уг дүр зураг илүү хүчтэй тодорно. Оми хооллох соёл, сэтгэлгээний эрх чөлөө зэрэг ойлгомжтой зүйлийг сэхээтний болгон ярьснаараа улам ойлгомжгүй, барьцгүй болгож байв. Бүгд л Карл Марксын “Капитал”-ын тухай ярилцах хэр нь түүний агуулга, санааны тухай ярьж тайлбарлах нь үгүй. Энэ үед Карл Марксыг мэдэхгүй, “Капитал”-ыг уншаагүй үзэгчид ч тодорхой хэмжээнд киноноос хөндийрчихнө. Өөрөөр хэлбэл, Шүжи Тэраяма өөрөө киноныхоо тодорхой хэсгүүдэд сэхээтнүүд болон дийлэнх олонхийн хооронд зай үүсгэж, хөндийрүүлдэг “ойлгомжтой зүйлсийг ойлгомжгүй байдлаар өнгөц өгүүлэгч” чанарыг шингээчихсэн байв. Оюун санааны манлайлагчид дийлэнх олонхийг нэг дүр зурагт багтаан харж, онол номлолоо айлдах боловч хүн бүрд өөр өөр үнэ цэн, асуудал бэрхшээл буйг ч мэддэг учраас хамгийн аюулгүй бөгөөд чанаргүй “ойлгомжтой зүйлсийг ойлгомжгүй байдлаар өнгөц өгүүлэгч” арга барилыг сонгох нь элбэг аж. Гэхдээ Шүжи Тэраямагийн хувьд үүнийг зиндаархал гэхээсээ илүү дүрүүдээ үзэгчээс өмөөрөх, үзэгчдэд хэт их эрх мэдэл өгөхгүй байх кино урлагийн “шинэ зүүний” арга барил ч гэж тодорхойлж болох юм.

“Throw Away Books, Rally in the Streets”-ийн өөр нэг онцлууштай зүйл нь ажилчин ангийн амьдралын хэв маяг. Ажилчин ангийн уй гуниг, зовлон тарчлал, нэгэн хэвийн байдлыг дуу хөгжим, бүжгээр илэрхийлсэн нь даанч чамин. Ажилчин ангийнхан Кэн хэмээх бахь том биетэй тулаант киноны жүжигчнийг магтан дуулж буй хэсэг бий. Ажилчин ангийнхны хэзээ ч үзэж туулахгүй адал явдал, мөрөөдлийг кинонд жүжиглэн биелүүлдэг үлгэр домгийн мэт ханхар том жүжигчин бол тэдний шүтээн. Улс орон бүрд ажилчин ангийннхны ихээр сонирхож, шүтдэг зүйлс нь хамгийн экстрийм, адал явдалтай, эгзэгтэй спорт, кино, жүжиг байдгийн нэг жишээ энэ билээ.

image

Эмх замбараагүйн дунд бүгд хэрхэхээ мэдэн, өөрийн байх газар, түших мөрөө олчихсон мэт… Гол дүр л хаачих, хэрхэхээ үл мэдэн, бүхнийг ажиглан тэмтчинэ. Хэн ч хэнийг ч үнэн сэтгэлээсээ хайхрахгүй, бүгд дүйнгэ бойнго, агшин зуурын зугаа цэнгэл, таашаалдаа живсэн, тэрхүү зугаат агшныг таслалгүй, аль болох урт удаан үргэлжлүүлэхийг л хичээнэ. Гэвч үр дүнд нь, дотроос нь асгаран үерлэх дөхсөн уй гуниг, зовлон шаналалдаа агшин зуурын зугаа цэнгэлийн далан босгосон бодгальч үзэлтнүүдийн эмх замбараагүй самуурал л үүсэв. Үүнийг ажиглан анзаарсан гол дүр л ганцаардаж цөхөрнө. Аав нь ажил хийхгүй, томчууд нь томчууд шиг биш. Хүүхдүүд ч хүүхдүүд биш. Жаахан охиныг олуулаа нийлж хүчиндэхээс, эмээ нь охиныхоо хайртай туулайг хүнээр алуулчхаад мэдэн будилахаас, цоо эрүүл эцэг хүүхдээрээ тэжээлгэж сугалаанд найдахаас ичдэггүй тийм л ичих нүүргүй бодгальчдын нийгэм. Гэвч энэ бүх эмх замбараагүйд нэг үүсгэл шалтгаан байгаа нь тэдний арга мухардаж цөхөрсөн, юу ч хийхээс буцахгүй болсон, юу ч хийсэн ялгаагүйг ойлгосон мэт харцнаас илхэн мэдэгдэнэ.

Шүүмжийг бичсэн: Нармандахын Өнөржаргал