Back to reviews
Хонин түүх: Үнэгт уулын бэл (2026)

Хонин түүх: Үнэгт уулын бэл (2026)

Байгаль бурхан биш, харин амьд бүхний тэнцвэрийн цогц билээ.

October 31, 20264 min read

John Sheepskin нэгдэл 2026 оны аравдугаар сард “Газрын гав”, “Үнэгт уулын бэл”, “Голионы хаан” гэсэн гурван ангиас бүрдэх “Хонин түүх” хэмээх ээлжит антологоо үзэгчдийн хүртээл болголоо. Уг антологи цувралын хоёр дахь анги буюу “Үнэгт уулын бэл”-ийг Найман Бак найруулсан бөгөөд лус савдагийн хорлол, бөөгийн зан үйл, хүн болон байгалийн харилцан шүтэлцээ зэрэг монгол уламжлалт ойлголтуудыг аймшгийн төрөл жанртай хослуулсан бүтээл болжээ.

Өргөмөл хүү, төрсөн охиныхоо хамт Хангай нутагт мал маллан амьдардаг Лууяагийн гэр бүлд хачин жигтэй зүйлс тохиолдсоор охиных нь бие гэнэт муудах үед учир явдлын зангилааг тайлж чадах Лхам хөгшнийг зорихоос өөр аргагүйд хүрнэ. Гэвч балчир охиныг аврахын тулд үйлийн үр, лус савдаг, байгалийн хатуу хуулийн төлөөс нэхэгдэх ажээ.

image

Киноны жүжигчдийн бүрэлдэхүүн болоод тэдний жүжиглэлт, харилцан яриа, үгийн сонголт, аж байдал зэрэг нь энгийн, бодит байсан нь хамгийн чухал байлаа. Учир нь монголчуудын дунд нийтлэг яригддаг үлгэр домог мэт ийм төрлийн түүхүүд хэнд ч тохиолдож болох мэт ойрхон санагддаг учраас л айдас төрүүлдэг. Тиймээс хэтийдсэн жүжиглэлт, авцалдаагүй үгийн сонголт уг киног уруудуулж болох байсан ч уран бүтээлчид энэ аюулаас холуур тойрч чаджээ.

Мөн киноны хөгжим нь аюул ирж буй мэт биш, харин аюул угаасаа л дэргэд байсныг тодотгох мэт маш сайн нийцэлтэй байснаараа аймшгийн кинонуудад нийтлэг ажиглагддаг сул талыг давтаагүй байв. Тэрхүү сул тал нь, үзэгчид агуулга, үйл явдлыг бус, харин хөгжмийг дагаж өөрсдөдөө хүлээлт үүсгэдэг буюу айдсын урьтал, болзол, шалтгаан гээд бүх зүйл нь хөгжим болж хувирах явдал. Харин уг киноны хувьд дээрх алдааг давталгүй, эхнээсээ дуусах хүртлээ ер бусын шинж чанар, үйл явдлын өмнөтгөл болоод үр дүн гэх дэс дараа, агуулга зэргээ айдсын болзол болгон барьж чаджээ. Түүнчлэн киноны ихэнх хэсэг нь харуй бүрий унах, үүр гэгээрэх, харанхуй болох үед хийгдсэн бөгөөд хангай нутгийн хүйтэн өнгө, монгол гэрийн доторх дулаахан өнгөний эсрэгцэл илт ажиглагдана. Дүрүүдийн царайны хувирал, үйл хөдлөл, зүүж, хэрэглэж буй эд хэрэгсэл зэргийг ойрын планаар түлхүү харуулсан нь киноны учир зангилаатай нийцсэн шийдэл болжээ.

image

Газар сэндийчих, сүүжний яс гэрт хонуулах, лусын амьтан хороох зэрэг монгол хүн бүрийн цээрлэдэг зүйлс нь нэг талаараа клишэ боловч нөгөө талаараа үлгэр домог шиг үр дагаврыг нь үзэгчид бид мэдэж буй тул аймшгийн, түгшүүрт уур амьсгалыг бүрдүүлэхэд тустай ч байж болно. Энэ бол кинон дахь үзэгчдэд танил хэсэг нь. Харин лус савдагийн тухай хэсгүүд нь бидний өмнө огт харж, магад төсөөлж ч байгаагүй дүр зургийг харуулах бөгөөд энэ бол кинон дахь үзэгчдэд танил бус хэсэг нь. Ер бусын, түгшүүрт мэдрэмжийг төрүүлэхийн тулд хүмүүст ойлгогдохуйц, харилцаа үүсгэхүйц танил зүйлс, бас сонирхлыг нь татаж гайхашруулах шинэ соргог зүйлсийг нэгтгэх ёстой байдаг. “Үнэгт уулын бэл” кино монгол уламжлал, цээрлэх ёс, лусын хорлол, байгалийн шүтэлцээний тухай бидний сайн мэдэх болоод огт төсөөлж байгаагүй зүйлсийг хослуулж чадсан байв.

image

Кино хэчнээн түгшүүртэй үргэлжлэвч дууссаны дараа үлдэх санаа, эргэцүүлэл нь илүү аймшигтай аж. Байгаль өөрийнхөө тэнцвэрийг хадгалахын тулд өгөө, аваагаа ч тэнцүүлдэг. Байгаль өөрийг нь хорлож сүйтгэсэн нэгнээс шууд төлөөсөө авч болох ч хангалтгүй бол өөр хүнээс ч авах боломжтой. Байгаль өгөө, аваагаа тэнцүүлэхээр шийдсэн тохиолдолд чиний ямар сайн хүн байсан, хорхойд хоргүй амьдарсан зэрэг нь огт хамаагүй юм. Байгаль тодорхой нэг хүнийг диваажинд илгээх үгүйг шийддэг бурхан биш, харин амьд бүхний тэнцвэрийн цогц билээ. “Үнэгт уулын бэл” киноны үйл явдал нь хөдөө нутагт өрнөж, цээрлэх ёсон, лус савдагийн хорлол зэрэг хот сууринд биелэх боломжгүй зүйлсийг үзүүлэх мэт боловч ингэж бодох нь өрөөсгөл юм. Учир нь лус хилэгнэх, лусын хорлол болох зэрэг ойлголт нь биетээр бодитой эсэхдээ гол нь биш, харин монголчуудын байгалийн тэнцвэрийг хадгалах, ан амьтанд шунан хороохгүй байх, амьд бүхэнтэй зохицон орших тухай эрт дээр үеэс мөрдөж ирсэн маш чанд хууль билээ. “Үнэгт уулын бэл” кино нь бид ч бас өөрсдийнхөө болоод төрөл нэгтнийхээ хийсэн буруу үйл, шуналын үр дагаврыг үүрэлцэх боломжтой тухай илүү аймшигтай эргэцүүллийг үлдээн төгссөн нь хамгийн гол нь байлаа. Бидний хийсэн буруу үйл, шунал бүхний үр дагавар нь үргэлж хүүхэд, хойч үе рүү л чиглэн, тэднийг л сүйтгэн хөнөөж буйг уг кино тодотгон харуулсан нь тун оножээ.

Дүгнэн хэлбэл, “Үнэгт уулын бэл” кино нь монголчуудын уламжлал, ер бусын шинжит үлгэр домог, цээрлэх ёс, зан үйл зэргийн нарийн уялдааг хүний үйл, үйлийн үр дагавар, байгалийн сүр хүчний аймшигтай хослуулсан чанартай бүтээл болжээ.

Бичсэн:

Нармандахын ӨнөржаргалEditor-in-Chief