
Зогсоол (2026)
Чөлөөлөгдөхүйн гурвал буюу болоод л байсан болохоор яваад л байсан амьдралуудын тухай
Сахъяагийн Бямба найруулагч “Хэвтрийн хүн” бүрэн хэмжээний киногоо гаргаснаас хойш 6 жилийн дараа “Зогсоол” хэмээх бараан егөөт киногоо Пусаны олон улсын кино наадам дээр нээн, дөрвөн ч нэр хүндтэй шагналыг хүртэв. Харин 11 сарын 13-наас уг кино эх орондоо ‘саатан зогсож’ байна. Найруулагчийн 2013 онд гаргасан “Алсын удирдлага” киноны Цог хүү орон сууцны дээвэр дээр амьдарч эхлэн, архидалт, хэрүүл маргаантай гэр бүлээсээ чөлөөлөгдөн, гоо үзэсгэлэнд тэмүүлдэг. Харин 2020 онд хийсэн “Хэвтрийн хүн” киноны гол дүр нь утга учрын эрэлд гаран өрөөндөө хэвтэхийг сонгож, хүмүүсээс бас нийгмээс чөлөөлөгддөг. Энэ удаа “Зогсоол” киноны гол дүр Хандаа ч бас ахуйн буулга, увайгүй хүмүүс, увайгүй нийгмээс сайн дураараа тусгаарлагдан, чөлөөлөгдөхийг сонгов. Ийнхүү найруулагчийн бүрэн хэмжээний уран сайхны гурван киног “Redemption trilogy” буюу “Чөлөөлөгдөхүйн гурвал” хэмээн тодотгож болохоор боллоо. “Чөлөөлөгдөхүйн гурвал”-ын гурав дахь кино буюу “Зогсоол” киноны шүүмжийг хүргэж байна.

Хот газар шиг хөл хөдөлгөөнтэй биш ч гэлээ хүн бүр өөр өөрийнхөөрөө амьдрахыг л хичээх тул үйл хэрэг, адал явдал үл тасрах сумын төв. Сумын төвийн шатахуун түгээх станцын эрхлэгч Хандаа нь охин болон Санжид гэх хөгшин эрийн хамт аж төрнө. Ковид-19 цар тахал ид дэгдэж, монголчууд төдийгүй, дэлхий даяараа хэрхэхээ үл мэдэн, өдөр бүр шинэ мэдээ цуурайтна. Харин тэдний суманд халдвар авсан хүний ойрын хавьтал болсон Сүмбэр гэх цистерн машины жолооч залуу ирж, шатахуун түгээх станцын хажууд машиныхаа кабинд тусгаарлагдах болсноор суманд хөл хорио тогтож, цар тахлын үеийн хөгтэй хийгээд сэтгэл өвдөм үйл явдлууд өрнөхийн зэрэгцээ хүн хоорондын нандин харилцаа, эрх мэдэл, эрх чөлөө, сонголт, өөрчлөлт шинэчлэлтийн тухай агуулгын олон давхарга аажмаар хуулрах ажээ.
Киноны зураглал нь сумын төв орчмын сэлүүхэн орон зай, дов толгод, тал нутгийг цистерн болон фургон машины кабины давчуу орон зайтай зэрэгцүүлж бас эсрэгцүүлж харуулжээ. Гэрээсээ гараад ганц л алхахад уудам орон зай, уудам хорвоо дэлхий бидэнд бий ч байгаа газраасаа холдож болохгүй хоригдож, тусгаарлагдаж байсан хөл хорионы үеийг ийм зураглал нь маш сайн мэдрүүлж байв. Нийтийн болон задгай орон зайн зураглалуудад хүйтэн өнгө давамгайлах бол, мөнөөх л давчуу орон зай дахь хувь хүмүүсийн аж байдлын зураглалуудад дулаахан, шаргал өнгө зонхилж байлаа. Харин киноны хөгжим нь цар тахлын үеийн сумын төвийн уур амьсгал, үйл явдал, эсвэл хүмүүс хоорондын харилцааны мөн чанарыг алийг нь ч тодотгох гэж оролдоогүй байв. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн цагийг биш, одоо эсвэл ирээдүй цагийг тодотгох хөгжим болжээ. Ингэснээр одоо цагийн үзэгчид бид өөрсдийн биеэр туулсан өнгөрсөн цаг үеэ эргэн харахдаа шоолон инээж, шүүн тунгааж, бас алдсан боломжоо эргэцүүлэх нөхцөл бүрдэв. Танил хийгээд танил бусын хослолыг бүрдүүлэх хамгийн гол хүч нь киноны хөгжим байлаа.

Кинонд ёжтой хийгээд нарийн тусгасан нэг агуулга нь эрх мэдлийн харьцаа. Эрх мэдлийн харьцаа нь хувийн амьдралын түвшинд, төр засгийн түвшинд ч илрэх аж. Санжид болон Хандаагийн хоорондох амлалт, хөрөнгө мөнгөнд үндэслэсэн эрх мэдлийн харьцаа. Мөн төрөөс буулгасан тушаал даалгавар, түүнийг шат шатанд биелүүлэхдээ өөр өөрсдийнхөөрөө гуйвуулах засаг захиргааныхны эрх мэдлийн харьцаа гэх мэт. Харин сумын засаг даргын дээд даргатайгаа утсаар ярих яриаг эхнэр нь төрөх үеийн чимээтэй давхцуулан үзүүлсэн нь эрх мэдлийн харьцааны хөгтэй болоод хөгийн чанарыг илтгэжээ. Хувийн болон хувьсгалын бүхэн үргэлж зэрэгцэн өрнөдөг. Хүүхэд төрөх үйл явц, намын бодлого зэрэгцэх энэ сцен хувийн болоод хувьсгалын, сүржин даржин болоод эгэл дотно бүхэн хоржоонтойгоор сүлэлдэж байдгийг урнаар дүрсэлжээ. Цар тахлын үед эрх мэдлийн харьцаа хамгийн хурцадмал үедээ байсан. Бас гарз хохирол ихтэй ч гэлээ түүхэн цаг үе, түүхэн үйл явдал байсан. Гэвч бүх цаг үеийн түүхийн түлхүүр илтгэгч нь аливаа эрх мэдэлтний гавьяа эсвэл бүтэлгүйтэл биш. Бүх цаг үеийн түүхийн түлхүүр илтгэгч нь хоол хүнсний хүртээмж, төрөлт, үхэл, өвчин зовлон байдаг. Кинонд эрх мэдлийн янз бүрийн шат дараа, эрх мэдлийн ашиглалт, далайлгалт гарна. Гэвч ямар ч гай зовлон тохиоход эрх мэдэл биш, харин төрөх үхэх, хайрлан дурлах, айн сэрэмжлэх, туслан дэмнэх зэрэг эгэл хүмүүсийн байгалийн мэдрэмж, байгалийн үйл явц л хүн төрөлхтнийг урагш хөдөлгөн түрж байдагийг “Зогсоол” кино маш нарийн гоё харуулжээ.

Цар тахлын дэгдэлт заримынх нь хувьд хорио, тусгаарлалт, хязгаарлалт байсан бол, заримынх нь хувьд эрх чөлөө байв. Аймгийн цагдаа нар Сүмбэр, Хандаа хоёрыг хянах нэрээр өөрсдөө машиндаа хоригдсон мэт болжээ. Харин Хандаад энэ бүхэн эрх чөлөө байв. Тэр бензиний өр, мөнгөний асуудлаас бултаад зогсохгүй, увайгүй эрс, худал амлалт, эрх мэдлийн явцуу дарамтаас чөлөөлөгдөв. С.Бямба найруулагчийн уран сайхны кинонуудын эмэгтэй дүрүүд нь ахуйн дундах гоо үзэсгэлэнгийн объект төдий байдаггүй, харин өөрийн гэсэн айдас, тэмцэл, тэмүүлэлтэй бие даасан хувь хүмүүс байдаг. С.Бямба найруулагч эмэгтэй дүрүүдээ янз бүрийн эрчүүдийн дүрээр хүрээлүүлдэг ч сонголт, шийдвэр бүрийг нь үргэлж эмэгтэйн гарт үлдээдэг. Femme fatale гэж болох ч илүү эрх чөлөөтэй эдгээр эмэгтэй дүрүүд үргэлж үйл явдлын түлхүүр хүч нь болдог бөгөөд эрэгтэй гол дүрийнхээ дэргэд үлдэхгүй хэр нь хэзээ ч үл мартагдах мэдрэмжийг үлдээж чаддаг. Заримдаа хүн нь биш, мэдрэмж нь л үлддэг. Сүмбэр шийдвэрээ гаргаж, охин хот явж, биеийн тамирын багш спиртийг биш, спортыг сонгож, бүгд л ямар нэг байдлаар өөрчлөгдөв. Энэ бүхэн хүн хоорондын богинохон ч гэлээ үнэ цэнтэй харилцааны үр дүн. Хүнийх нь нэрийг, царайг сайн санахгүй ч үлдээсэн мэдрэмж нь л биднийг эгнэгт өөрчилж орхидог мөчүүдийн үр дүн юм.
“Зогсоол” киноны Сүмбэрийн дүрийг ажвал, “Алсын удирдлага” киноны Цог хүү том болчхоод үргэлжлүүлээд л хүн байх сонголтоо хийж яваа мэт. Цог хүү орон байрны хулгайчдад дурласан эмэгтэйнхээ гэрийг зааж өгчхөөд, төгсгөлд нь асар их харамссандаа хамгаалж үлдэхийг сонгодог. Сүмбэр ч бас адил төстэй зүйл хийчхээд хараал урсган харамсаад, сонголтоо хийв. Заримдаа тоормоз гишгэх нь пуужин хөөргөхөөс ч хэцүү. Гишгэж дийлэхийн аргагүй хатуурсан тоормоз гэдэг өөрөө нийгэм хэмээх машины нэг эд хэсэг нь, бас нэг шинж чанар нь. Харин Сүмбэр болоод л байсан болохоор яваад л байдаг машинаас үсрэн буухыг сонгожээ.
Ер С.Бямба найруулагчийн кинонууд яг л пүрш шиг. Ниссэн бол буудаг, хэвтсэн бол босдог, явсан бол ирдэг, ирсэн бол явдаг, зогссон бол хөдөлдөг. Сүмбэр машинтай байсандаа л Хандааг орхив. Машинтай байсан болохоор, машинаа дагаад хөдлөх ёстой болохоор… Үүний адил бидэнд ч бас цар тахлыг хүртэл “ингэсхийгээд болоод л байгаа, тэгсхийгээд урагшлаад л байгаа мэт амьдралууд” байсан. Гэвч хөл хорионы улмаас зогсож амсхийсний ачаар зарим маань болоод л байгаа болохоор амьдраад л байхаас татгалзаж, чин зүрхэндээ юу хүсэж, юунд тэмүүлж буйгаа ойлгосон, адаглаж л ойлгохыг оролдсон юм. Цар тахлын үеэр бид бүгд зогссон ч зогссоныхоо дараа ямар шийдвэр гаргаж, хааш чиглэн хөдөлсөн тухай хүндхэн асуултыг киноны төгсгөл бидэнд тавьж чадлаа.
Бичсэн: